Засаг дарга Г.Нямдаваа: Инээх хэцүү уйлах хэцүү явна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12


Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа багш мэргэжилтэй хүн болохоор олон айлын янз бүрийн хүмүүжилтэй охид хөвгүүдтэй харьцсаар байгаад баргийн хүний өмнө хэл хальтрахгүй хялбархан шиг толгойг нь эргүүлээд гаргачих хүн. Тэрээр өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа улсын мөнгөөр нэг их тансаглаагүй өнөөгийн гишүүдийг бодвол арай мөнгө багатай нэгэн гэдэг. Үүний тод илрэл нь 2008 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдод бэлэг тараах, тоглолт хийлгэх зэрэг дорвитойхон шиг сурталчилгаа хийх мөнгөгүйгээсээ болоод нутгийн дүү өнөөгийн УИХ-ын гишүүн “Нью прогресс” групын эзэн С.Бямбацогтод ялагдаад инээх хэцүү уйлах хэцүү болж байсан гэдэг. Гэвч тэрээр хүчгүй хүн үү гэвэл бас худлаа. Тэрээр Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулах “Ховд эко” хэмээх телевизийн эзэн гэдэг. Түүний телевизийг төрсөн дүү нь удирдан авч явдаг бөгөөд элдэв хурал цуглаан болох бүрийд телевизийнхээ сэтгүүлчийг дагуулаад явж байдаг аж. Ховд аймагт байх хөшөөтийн нүүрсний орд газрыг хятадууд эзэмшихэд гарын үсэг зурах зөвшөөрөх зэргээр тодорхой хувь нэмэр оруулсан нь зүгээргүй хэмээн учир мэдэх хүмүүс шивнэдэг. Гэтэл өнөөх хөшөөтийн нүүрсийг Хятадруу зөөж байгаа “Мон Эн Ко” хэмээх 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани нь Монгол ажилчдаа 50 зуугаар нь халаад байгаа. Мөн монгол ажилчиддаа ажлын хувцасны норм өгдөггүй зэрэг хэл ам их таталдаг газар болж таарсан. Гэтэл сүүлийн үед нэгэн хэрэг мандаад байгаа нь Г.Нямдаваа даргын орлогч болох Ж.Цэнд-Аюуш бусдын биед халдаж гэмтэл учруулсан хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтэст  эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагджээ. Тэрбээр өнгөрөгч долдугаар сарын 9-ний өдөр “Алтайн буйлаас” компанийн захирал  Л.Бадрахыг зодож, тархинд нь  гэмтэл учруулжээ. Тэрээр хохирогчийг зодох болсон шалтгаан нь утсаа аваагүйгээс болсон аж. Үүгээр Г.Нямдаваа даргын нэрийг доош татах хүн нэгээр нэмэгдэв бололтой.

Б.Анар

Zindaа.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top