Таван толгой хатуу шүүмжлэлд өртөв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19

  Олны гайхлыг төрүүлсэн Таван толгойн ордын асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эрдэмтэд, иргэний байгууллагын төлөөллүүд халуухан яриа өрнүүлжээ. Өчигдөр болсон энэхүү ярилцлагын үеэр Таван толгойг ашиглалтанд оруулах талаар Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа хангалтгүй байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн байна. Харамсалтай нь Иргэний танхимын энэ удаагийн хэлэлцүүлэгт Засгийн газрын танхимын гишүүдээс Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг эс тооцвол нэг ч хүн оролцсонгүй. Таван толгойн талаар гаргасан УИХ-ын 39 дүгээр тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй хэмээн эрдэмтэд дүгнэв. Тогтоолд уг нь ордыг ашиглахдаа хэдэн хэсэг болгож хуваахгүй гэсэн байжээ. Гэтэл баруун, зүүн Цанхи гээд хуваасан нь маш том  алдаа гэж олонхи эдийн засагчид үзэж байна. Мөн Таван толгойн орд дээр монголчууд өөрсдөө дангаараа ажиллах боломжтой тул гадаадын компаниудыг оролцуулах шаардлаггүй байсан гэнэ. Эдийн засгийн тооцоо судалгаа нь бас эргэлзээтэй хэвээрээ байгаа бололтой. Зарим нь ойролцоогоор жилд 15 сая тонн нүүрс олдворлон 30 жилийн турш 450 сая тонн нүүрс гаргах тухай ярьж байгаа аж. Үүнийг иргэдэд өгөх 14 тэрбум хувьцаанд хуваагаад үзэхээр нэгж хувьцааны үнэ 0,32 ам.доллар болжээ. Энэ нь иргэн бүрд олгох 536 ширхэг хувьцаагаар тооцоод үзвэл 126 ам.доллар гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл бид 30 жилийн хугацаанд  ийм л “ашиг” горьдох бололтой. Сар тутамд нь тооцоод үзвэл дунджаар 1,09 ам.доллар юм байна.  Үнэхээр ийм ашиггүй юм бол дарга нар иргэн бүрд хувьцаа олгоно гэж сайрхах хэрэггүй байж дээ. Тэгээд ч Эрдэнэс Таван толгой  компани саяхан анхны экспортын нүүрсээ Хятад руу тонн тутмыг нь дөнгөж 70 ам.доллароор гаргаж эхэлснээс нь харвал энэхүү хувьцааны тооцоо тун эргэлзээтэй байна.  

 

Б.Отгонбаяр   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top