Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “Таван толгойн төслийг хэрхэн үр ашигтай ашиглах вэ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын төлөөлөл болон “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн удирдлагууд, эдийн засагчид, уул уурхайн салбарынхан оролцсон. Одоогийн байдлаар анхаарал татсан, тулгамдсан асуудал болох Таван толгойн төслийг тойрсон сэдвээр хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Таван толгойн төслийн талаар хэн, юу хэлснийг сийрүүллээ.
Н.Дашзэвэг: Үндэсний баг л үр дүнд хүргэнэ
Таван толгойн ордоо хэрхэн үр өгөөжтэй ашиглах вэ гэдэг талаар монголчууд оюун ухаанаа дайчлах цаг мөч ирээд байна. Ард түмэн зуун жил идэх хоолыг зургаан сайдын наймаагаар алдаж болохгүй. Таван толгойн төсөлд олон алдаа байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг ноцтой зөрчиж, өөрсдийн дураар ард түмэнд өгөөжгүй, магадгүй 10-аад сайд даргад өндөр өгөөжтэй гэрээ хэлцэл хийлээ. Цанхийг хоёр хуваах ёсгүй байсан. Мөн Таван толгойг ашиглах ямар ч үзэл баримтлал, бодлого, хөтөлбөргүй цээжний бангаар хэлцэл хийж үр дүнд хүрсэнгүй. Гадны компаниудыг хүчээр нэгдүүлж консерциумд оруулсан нь хэлэлцээр Монголын хувьд үр өгөөжгүй болох нэг том нөхцөл болсон. Зүй нь орон тус бүрийн консерциумын дунд нөхцөл тавьж хооронд нь өрсөлдүүлж хөрөнгө оруулагчдыг шалгаруулах учиртай байсан юм.
Хэлэлцээрийг Монголын улс төрчид, сайд, дарга нар гадны компаниудын удирдлагатай хийсэн нь бас өгөөжгүй хэлбэр юм. Нэг жилийн дараа суудлаа өгөх сайд нар намдаа болон хувьдаа мөнгө яаж босгох вэ гэдэг асуудлаа урдаа тавина уу гэхээс эх орноо бодно гэж байхгүй. Ер нь дэлхийн жишгээр эрдэмтэд, мэргэжилтний төлөөлөл оролцсон үндэсний баг хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр хийдэг байхаар Ашигт малтмалын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Таван толгойн ордыг Засгийн газар хоорондын үндэсний эрдэмтэд, компанийн төлөөлөлтэй баг л хэлэлцэж байж үр дүнд хүрнэ. Эс тэгвээс гадныхан Монголын улс төрчдийг хуурч мэхлээд ч болсон, аманд юм зуулгаад ч болсон гэрээ хэлэлцээрийг өөртөө илүү ашигтай хийхээ бодно.
Г.Пүрэвбаатар: 536 хувьцааны ногдол ашиг иргэдийн гар дээр бараг очихгүй
Таван толгойг яаран буруу ашиглах гэж байна. Стратегийн хөрөнгө оруулагчдад хувьцаа өгөх хэрэгтэй. Ер нь стратегийн ордын хувьцааг Хөрөнгийн биржээр зарж болохгүй. Ингэвэл стратегийн орд биш болно. Яаран нэг тонн нүүрсээ 70 доллараар зарж буй нь буруу. Ашигт малтмалын хуулиа зассаны дараа Таван толгойн гэрээг хийх нь зөв.
Цанхийн зүүн хэсгийн 10 хувийг иргэдэд өгнө гэж байгаа. 10 хувийг иргэдэд өгнө гэдэг нь 180 сая тонн нүүрс гэсэн үг. Үүнийг Монголын нийт хүн амд хуваахаар нэг хүнд 38 кг нүүрс оногдож байгаа юм. Хагас шуудай нүүрс л гэсэн үг шүү дээ. Таван ам бүлтэй нэг айлд 190 кг нүүрс оногдоно. Хоёр шуудай нүүрсээр юу хийх юм бэ. Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ гэж яриад байгаа. Үүний ногдол ашиг гэж юм бараг очихгүй. Иргэн бүр хувьцаа эзэмшинэ гэдэг нүсэр ажлаар “Эрдэнэс Таван Толгой” компанийг дарамталсан, ногдол ашиг хуваасан, хөрөнгө оруулалтын төсвийг нь Засгийн газар хуваасан нохойноосоо гинж нь их юм болчих гээд байна. Одоо Тэргүүн шадар сайд тэргүүтэй ЭБЭХЯ, Сангийн яамны албан тушаалтнуудыг хүлээгээд юм гарахгүй. Тэднийг солих хэрэгтэй.
Д.Содном: Үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулъя
Таван толгойн ордыг ашиглахад гадны компанийг оролцуулах нь уу, үгүй юу гэсэн асуудал бий. Хэрэв оролцуулахдаа хүрвэл ямар нөхцлөөр оролцуулах вэ гэдгээ зөв сонгох хэрэгтэй. Хөрш улсуудтай харилцах тэнцвэрт харилцааны асуудал, эдийн засгийн аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлнө.
Тиймээс эдийн засагчид, эрдэмтэд, мэргэдийн зүгээс санаа зовниж байгаа. Таван толгойн ордын ашиглалтад гадны хөрөнгө оруулалт биш, Монголынхоо үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулах нь зүйтэи. Яагаад монголчууд бид Таван толгойн ордоо өөрсдөө ашиглаж чадахгүй гэж.
Манайхан нүүрсний олборлолт баяжуулалтын техник технологийг олж авч ашиглах чадвартай боловсон хүчинтэй. Зарим зүйл дээр заавал гадаадын мэргэжилтэн хэрэгтэй бол урьж авч ирээд ажиллуулж болно. Өөрсдөө ашиглахаар санхүүгийн эх үүсвэрийн асуудал гарч ирнэ. Банкууд манайхаас зээл аваач гээд санал тавиад явж байна шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчдыг оруулчихвал ашгийн тодорхой хэсэг нь гадагшаа явна. Монголын үндэсний компанид эзэмшүүлбэл ашиг нь ямар ч байсан Монголдоо л үлдэнэ. Амлалтаа биелүүлэх гээд гаднаас урьдчилгаа авах нь их буруу. Урьдчилгаа гэдэг чинь үнэн хэрэг дээрээ өндөр хүүтэй зээл болж хувирдаг юм. Ийм зүйл рүү тэмүүлээд байх хэрэггүй л болов уу. ОХУ, БНХАУ хоёрын ашиг сонирхол их байна. Бид тэдний ашиг сонирхлын зөрөлдөөн дунд яах ч учраа олохгүй будилж байна шүү дээ. Өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийсэн ордын ашиглалтад Монголын төр 51 хувь эзэмших ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Энэ хуулиа барьж ажиллах хэрэгтэй.
Ж.Батзандан: Таван сайдыг татан буулгах хэрэгтэй
Таван толгойгоор таван сайд тоглож байна. Баруун цанхи дээр болж байгаа үйл явц Монгол Улсын хуулийг хэрхэн зөрчиж байгааг судлаачид тодорхой хэлж байгаа. Стратегийн ордуудыг а
шиглахдаа хууль, дүрэм журмаа хатуу чанга баримтлахгүй хэдхэн улс төрчийн мэдэлд өгвөл ямар байдалд хүрдгийг Оюу толгой ч харууллаа, одоо Таван толгой ч харуулах гэж байна. Тэгэхээр ийм байдалд хүргэж байгаа таван сайдыг хурдан татан буулгахгүй бол энэ том төсөл дампуурна.
Ч.Хурц: Таван толгойг өргөн хүрээгээр хөгжүүлэх учиртай
Таван толгой Эрдэнэтээс өргөн хүрээгээр хөгжих учиртай юм. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, эмнэлэг сургуулийг нэгтгэсэн районыг бий болгох хэрэгтэй. Дэд бүтэц, цахилгаан станц, төмөр зам ч үүн дотор орно. Энэ бүхнийг оруулаасай гэтэл ТЭЗҮ хийсэн нэртэй ойр зуурын тооцоо хийгээд сууж байна. Ордын 300 метр хүртэл хямд төсөр ажиллах үедээ хуримтлалаа бий болгож авах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар ердөө 30 жилийн хувь заяаны тухай яриад байна. Ашигт малтмалын хуулиас болоод Монгол Улсын бүх ашигт малтмал гадныханд шилжиж байна. Энэ нь үндэстэн үлдэх үү, эс үлдэх үү гэсэн асуудлыг дагуулдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )