Таван толгойн тавилан

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

 Хэдэн жил хэл ам, хэрүүл тэмцэл хийсний эцэст дэлхийн хамгийн томд тооцогдох Оюу толгойн ордыг ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Одоо тэнд энэ зууны хамгийн нүсэр бүтээн байгуулалт өрнөж байна. Монголын ганц “саалийн үнээ" Эрдэнэтийн ордоос дөрөв дахин илүү нөөцтэй гээд төсөөлөхөөр үнэхээр нүсэр байлгүй яахав. Ирэх жил гэхэд үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноор Монгол улсын хөгжилд үлэмж их түлхэц болох нь дамжиггүй. Коксжих нүүрсний нэн арвин нөөцтэй Таван толгойн ордыг стратегийн  хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах гэрээний төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон аж. Таван толгойд одоо ажил ид ундарч байна. Нэг тэрбум тоннын нөөцтэй Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах тендер зарлаж дүнгээ гаргав. Арав гаруй аж ахуйн НЭГЖ энэ шалгаруулалтад оролцож, зургаа нь тунаж ҮЛДСЭН юм. Ингээд БНХАУ-ын "Шинхуа" групп 40, Америкийн "Пибоди энержи" 24, Монгол-Оросын  хамтарсан консорциум 36 хувийг эзэмшихээр болжээ. Эдгээр хөрөнгө оруулагч төмөр зам, цахилгаан станц, нүүрснээс шингэн түлш гаргах, кокс угаах үйлдвэр зэргийг барьж, Монголд 500 сая ам.долларыг буцалтгүй хэлбэрээр өгч, бас ийм хэмжээний мөнгийг урьдчилгаа болгож олгох юм байна. Япон, БНСУ, Бразилийн оролцогчид хасагдсан аж. Тендер дүнгээ гаргасан ч түүнийг тойрсон хэл ам тасрахгүй бололтой. Японы тал Таван толгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ дахин илэрхийлжээ. Тэр ч байтугай тус улсын Ерөнхий сайд Наото Кан манай Ерөнхий сайд С.Батболдод албан захидап илгээсэн байна. Уг захидлыг Японы парламентын төлөөлөгчдийн танхимын Монгол- Японы бүлгийн дарга биеэр хүргэж ирснийг бодвол энэ асуудалд үнэхээр их анхаарсан нь тодорхой. Зарим эх сурвалжийн хэлж буйгаас үзвэл, "Японы хөрөнгө оруулагчид Таван толгойн тендерийн шалгаруулалтад багтаагүй байвал энэ нь өнөөг хүртэл хоёр орны хооронд явуулсан яриа хэлэлцээний үр дүнтэй нийцэхгүй учир Япон улс туйлын ихээр харамсч байна" гэсэн санааг дээрх захидалд дурдсан байжээ. Манай улсад суугаа Японы Элчин сайд Т.Кидокоро тендер шалгаруулалт будлиантай болсныг монголчууд бидэнд туйлын ойлгомжтойгоор “Гараанаас гарсан морь  барианд оролгүй алга болчихлоо" гэж товч бөгөөд тодорхой тайлбарласан байна билээ. Ноднин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлах үеэрээ "Монгол улс гайхам их, шавхагдашгүй газрын доорх баялагтай, Япон орон дэлхийд тэргүүлэх техник, технологитой. Энэ хоёрыг нийлүүлбэл Монгол улсын уул уурхайн салбар улам хөгжинө" хэмээх чихэнд чимэгтэй сайхан үг хэлж, япончуудыг Монголд хөрөнгө оруулахыг уриалан дуудсан билээ. Гэтэл тэгж уран гоё үгээр хошгируулчихаад хөрөнгө оруулъя гээд ирэхээр нь молиго үмхүүлчихэж байгаа нь монгол хүний мөс жудагт аль хэр нийцдэг бол доо. Уг нь сүүлийн 20 хэдэн жил Монголд хамгийн их тусалж, өгөөмөр гараа сунгасан орон бол Япон шүү дээ. Хэргийн эзэн, хэнгэргийн  дохиур ТӨХ-ны дарга Д.Сугар "Ний нуугүй хэлэхэд, Өмнөд Солонгос, Японы компаниуд бидний итгэл найдвар, урмыг хугалсан" гэх тайлбар хэлж байна билээ. Солонгосууд ч тендерийн дүн эргэлзээтэй гарсан учир дахин зарлахыг санал болгож байна. Ерөнхийлөгч нь хэдхэн хоногийн дараа ирээд "манай хөрөнгө оруулагч Таван толгойн тендерт яагаад шалгарч чадсангүй вэ. Бид танай олон арван мянган иргэнийг тэжээж байгаагийн хариу энэ үү" гээд асуухаар манай томчуул юугаа хэлж хуйхаа мааждаг бол.

800 сая шахам тонн нүүрсний нөөцтэй Цанхийн зүүн хэсгээс Монголын төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой" компани хэдхэн хоногийн өмнө урд хөршид нүүрс экспортолж эхэллээ. Нэг тонныг нь 70 "ногоон"-оор зарж буй гэнэ. Өнгөрсөн онд 52-оор өгч байсныг бодвол арай ахиу л юм. Энэ жил нэг, ирэх онд 2-3, дараа нь дөрөв гэсээр яваандаа жилд 15 сая тонн нүүрс гаргах гэнэ. Энэ мэтээр тооцвол уг ордыг 70-80 жил ашиглах боломжтой аж. Эрх бүхий нөхөд Хятадын "Чалко" группын удирдлагатай гэрээ байгуулснаар 250 сая ам.долларын урьдчилгаа  авахаар болжээ. Энэ мөнгийг Хүний хөгжлийн гэх сайхан нэртэй 21 мянган төгрөг болгон тараах юм гэсэн. Бас "Таван толгойгоос ард түмэндээ хүртээх 536 ширхэг хувьцааны ханш өсөхөд нэмэртэй” хэмээн олны тархийг угааж байна.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top