Тавантолгойн ордод Япон улс манайтай хамтран ажиллах сонирхолтой байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23


 

Япон Улсын парламентийн гишүүн, Парламент дахь Либерал ардчилсан намын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Ц.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод бараалхахдаа Тавантолгойн орд газарт Япон Улс хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Тавантолгойн ордыг ашиглах олон улсын нээлттэй тендерт гадаадын 3 компани /консорциум/-ыг Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулсан. Япон Улс цаашид энэ ордыг ашиглах, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Парламентийн төлөөлөгчид илэрхийлээд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос хүслээ.

Төлөөлөгчдийн тэргүүн Ц.Такэбэ хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай хоёр орон иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн. Шадар сайд та 2007 онд Ерөнхий сайд байхдаа “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шинэ шатанд гаргах улс төрийн шийдвэр гаргаж, өнгөрсөн таван жилийн хугацаанд хамтын ажиллагаа улам ахицтай хөгжиж байгаад талархаж явдаг. Өнгөрсөн онд Монгол Улсын төрийн тэргүүнийг Япон Улсад айлчлах үеэр хоёр орны хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн хэмжээнд хөгжүүлэхээр харилцан тохиролцсон” гэдгийг онцлон тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top