Таван толгойн орд дээр гадаадын хөрөнгө оруулалчдыг сонгон шалгаруулах ажил бөөн хэл ам дагууллаа. Засгийн газрын гэрээг эрдэмтэд, судлаачид олон талаар шүүмжилж байна. УИХ-ын гишүүд ч таагүй сэтгэгдэлтэй байгаа. Ялануяа УИХ-ын гишүүн Батж. Батбаяр бүр ч их бухимдалтай байх шиг байна. Түүний нүднээс гашуудлын нулимс хааяа хар аяндаа урсдаг бололтой.
Анх Таван толгойг 14 аж ахуйн нэгж эзэмшдэг байв. Тэдгээрийн дотроос Ерөнхий сайд Сү.Батболд 15, Батж.Батбаяр 10 хувийг эзэмшиж байжээ. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн нар ч зохих хувьтай байсан юм. Гэвч тэд цөмөөрөө энэхүү ордын эзэмшлээсээ татгалзан төрд буцаагаад өгчихсөн. Тэгвэл өнөөдөр Батж.Батбаяр гишүүн үүндээ ихээхэн харамсаж яваа гэнэ. Тэрээр энэ тухайгаа өгүүлэхдээ “Үүнийг биднээс ард түмэн авах эрхтэй. Төр зөвхөн ард түмний өмнө үүрэг хүлээж, эзэмшинэ шүү. Энэ хувьцаа бол ард түмний өмч гэдгээр нь бид өгч байсан. Гэтэл одоо төр аж ахуйн нэгжүүдээс хурааж авсан энэ ордыг буцаагаад өөр аж ахуйн нэгжүүдэд өгөх тухай асуудал яриад байна. Ингэх байсан юм бол тэр аж ахуйн нэгжүүдээс төр буцааж авах хэрэг юу байсан юм бэ. Энэ сургаар өнөөх аж ахуйн нэгжүүд нь бохир бизнес хийх гээд явж байна. Тиймээс Я.Баттсуурь гишүүн бид хоёр Таван толгойн хувьцааны 20 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй тарааж өгөх хуулийн төсөл өргөн барьсан юм” гэлээ. Түүний ийм хувилбарыг харин аж ахуйн нэгжүүд хүлээж авахгүй байгаа юм байна. Анхнаасаа Таван толгойн хувьцааны 10 хувийг иргэдэд, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд гэсэн байтал дахиад өөр хувилбар ийнхүү гаргаж ирэхэд аж ахуйн нэгжүүд дургүйцэх нь ч аргагүй болов уу. Юутай ч Батж.Батжаргал гишүүн өөрийн халаас болон аманд орсон шар тосыг алдсандаа нүд дүүрэн нулимстай, дотор нь горойж яваа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )