Б.Бат-Эрдэнэ аваргын урт нэртэй хуулийг устгахаар тохирсон . . .

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 22

    Улс төрд бөхчүүд олноороо орж, парламентын чанар муудлаа гэж хэдэн жил ярьсан. Харин ч голсон юм голд орно гэдэг шиг “Женко” Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ аварга хоёр овоо юм хийж байх чинь. Монгол төрийн далбаагаа мөнх хөх тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан эрхэм гишүүдээс хамгийн гол нь эх оронч үзэл ханхлаад байгаа нь бахархалтай. Ухаа худгийн нүүрсийг хурдан зарах ганцхан эрх ашгийн үүднээс Хятад руу нарийн төмөр зам татах гэсэн МСS-ийн явуургүй бизнесийг тас цохиж, Монголын төмөр замын гол шугамтай Өмнийн говийг холбох шийдвэрийг Х.Баттулга сайд гаргуулж чадлаа. Хэдийгээр бизнесийн бүлэглэлийн далд өрсөлдөөн байсан гэж яригдаж буй ч энэ шийдвэр ямар их үнэ цэнэтэй байсныг бид одоо л ойлгож, мэдэрч байна. Б.Бат-Эрдэнэ аваргын санаачилж батлуулсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай“ хэмээх урт нэртэй хуулинд ард иргэд магнай хагартал баярласан. Арга ч үгүй дээ, их эзэн Чингис хааны үеийн үед тахин шүт хэмээн зарлигдсан Бурхан халдун уулаа онгичуулж, хаа сайгүй ус мөрнөө бохирдуулж малын бэлчээр, ундны усгүй үлдэх аюулд өртөөд байсан малчин ардууд түр ч болов амсхийсэн. Ингэснээр Бат-Эрдэнэ аварга ч ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөх байхын зэрэгцээ сайн улс төрч, чадварлаг хуульч болсноо харууллаа. Алтны боссуудыг сөрөн байж гаргасан Б.Бат-Эрдэнэ гишүүний хуулийн агуулга нэрнээсээ тодорхой байгаа биз. Монголчууд бид уул бүхнээ ухаж, ус мөрнөө ширгээсний дараа “Алтыг идэж болохгүйг” ойлгох тэр цагийг хүлээлгүй эрхэм гишүүн маань энэ хуулийг гаргасанд Хан хэнтийн унаган хүүд Монголын ард түмэн үеийн үедээ талархах учиртай.
Гэвч энэ амин чухал шаардлагатай хуулийг Замын Үүд хавиас сонгогдсон хоёр Батсуурь, Хоёр казак, Кёкүшюзан болон бас нэг олны танил дүр бүтээгээгүй товарищ гэсэн зургаан гишүүн нийлээд өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөл бол бүх зүйлийг яг хэвэнд нь аваачиж тавиад, уул усаа талаад бай гэсэн утгатай байгаа юм. Муухан бөх битгий хэл наймдугаар ангийн “ноль” сурлагатай хүүхэд ч энэ хоёр хуулийн чанарыг ялгана. Одоо тэдний зарим нь бид “тохирсон”, хаврын чуулганаар шууд батлагдана гэж ярьж яваа сурагтай. Ингэж бардамнасан байна гээч. Телевизээр гэнэт ил гарч ирсэн алтны боссууд ч нам жим боллоо. Хэрвээ энэ хуулийг өөрчилдөг л юм бол монголчууд бид ёстой босох цаг болсон. Эх орон газар шороо гэж ярьж яваа бүх иргэд, хөдөлгөөнүүд, дуучин хуурчин хүмүүс, улс төрчид бүгдээрээ нийлээд урт нэртэй хуулиа хамгаалах хэрэгтэй шүү, ард түмэн минь.
    Р.Тэмүжин. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top