Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж буй салбар бол мэдээж уул уурхай. Яг үнэндээ Монголын улсын төсвийн дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Үүнийг ч өчигдөр хэвлэлийнхэнд танилцуулсан Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын 2009 оны аудитын нэгдсэн тайлан нотолж буй. Монгол Улс 2005 оноос эхлэн уул уурхайн салбарт ил тод байдлын санаалчлагыг хэрэгжүүлж буй бөгөөд энэ удаагийн тайланд дурдсанаар бол уул уурхайн компаниуд энэ санаачлагад идэвхтэй нэгдэж байгаа байгаа бололтой. Энэ талаарх тайланг ЭБЭХ-ий сайд Д.Зоригт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Долгор нар сэигүүлчдэд мэдээллээ.
Энэ удаагийн тайланд хамрагдагсдын тоо 2006 оныхтой харьцуулахад дөрөв дахин өсчээ. 2009 оны нэгдсэн тайланд олборлох үйлдвэрлэл эрхэлдэг 363 аж ахуйн нэгжээс 50 сая болон түүнээс дээш төгрөг улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн 101 компани хамрагдсан байна. Тэдгээр компаниудын тайланг Засгийн газрын хүлээн авсан тайлантай тулгаж,аудит хийсэн бөгөөд үүнд алтны 53, нүүрсний 14, төмөр, жонш, зэс молибден, газрын тосны компаниуд оролцсон байна. Дээрх тайланд дурдсанаар улсын болоодорон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж, хандивын хэлбэрээр 737.8 тэрбум төгрөг орж ирсэн байна. Улсад тушаасан дээрх орлогын хоёрны нэгийг буюу 358,8 тэрбум төгрөгийг “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр бүрдүүлээд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн “шилийг” Оюутолгой дарсан бол “Бороо гоулд” орсон бол тэдний араас “МАК”, “Петрочайна Дачин Тамсаг”, “Сауз Гоби”, “Энержи ресурс”, “Цайрт минералз”, “Гацуурт” зэрэг компани эхний аравт жагссан байна.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг компаниудад мэр сэр алдаа дутагдал илэрснийг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Н.Дорждарь өгүүлсэн. Тодруулбал, “Арева Монгол” компани 18,9 сая төгрөгийн зөрүүтэй тайлан гаргасан бол “Адамас майнинг”, “Бэрэн” групп, “Их Монгол” майнинг, “Поло ресорсиз” зэрэг компаниудын тайланд багагүй алдаа дутагдал илэрсэн байна. Харин тайланд дурдсанаар хамгийн их хандив өгсөн компани “Энержи ресурс” бөгөөд нийт 2,7 тэрбум төгрөгийн буян үйлджээ.Тэгвэл Өмнөговь аймаг 3,3 тэрбумыг авсан үзүүлэлтээрээ хамгийн их хандив халаасалснаар тодроод байна. ОҮИТБС-ын 2009 оны тайлангаа гаргаагүй 41 компанийг нийт 31 сая 500 мянган төгрөгөөр торгосон талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Долгор сэтгүүлчдэд дуулгасан.
Түүнчлэн төр засгийн байгууллагуудад ч бас учир дутагдалтай тал анзаарагдсан байна. Тэд компаниудаас хүлээн авсан хандив, дэмжлэгийнхаа талаар хэлэхгүй, нотлохгүй шалтгаалан 21,7 сая төгрөгийн зөрүү үүсчээ. Өөрөөр хэлбэл 21,7 сая төгрөгийн хандив өгсөн гэж компаниуд худлаа хэлсэн үү, төр гүрийв үү гэдгийг аудиторууд ч нотлож чадсангүй. Харин ирэх онд энэ ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой хөрөнгө гаргахаар Засгийн газраас төлөвлөсөн байна. Тодруулбал, 2012 оны улсын төсөвт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхэд 270 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Засгийн газраас гаргаж дэмжиж байгаад төрийн бус байгууллагынхан ихэд талархалтай хандаж байгаагаа нуугаагүй.
Түүнчлэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт банкнаас 400 мянга гаруй еврогийн тусламж үзүүлж буй агаад ирэх жил нийтдээ нэг тэрбум төгрөг энэхүү ажил дзарцуулагдах бололтой. 2009 оны тайланг хоёр жилийн дараа буюу 2011 оны сүүлээр олон нийтэд ил тод болгож байгаагийн буруутан нь уул уурхайн компаниуд, төрийн яам агентлагийнхан гэнэ лээ. Тэд тайлангаа цагтаа гаргаж өгдөггүй, цаг алдаж удаашруулдгаас болоод ийнхүү өнгөрсөн 2009 оны тайланг өнөөдөр танилцуулж байгаа юм байна. Энд Ашигт малтмалын газар маш их хойрго хандсаныг дуулгаж, Д.Батхуяг даргын “цэргүүдэд” дахин иймэрхүй маягаар хүнд суртал гаргахгүй байхыг сануулсан. Учир нь тус газрын мэргэжилтнүүд байгууллагын дотоод нууц, тухайн уул уурхайн компанийн зөвшөөрөлгүйгээр бид мэдээлэл гаргаж өгөхгүй” хэмээн гүрийдэг гэсэн. Гэхдээ ямар байсан энэ ажлын үр дүнд төрийн яам агентлагууд, уулуурхайн компаниуд авсан өгснөө олон нийтэд ил тод болгох анхаардаг болсон гэсэн шүү.
Сэтгэгдэл ( 0 )