“Тавантолгой” хувьцааг Өмнөговиос гаралтай бизнесменүүд зохиомлоор хөөргөджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

Монголын уул уурхайн хамаг баялаг ундрах болсон Өмнөговь аймгийн бизнесменүүд сайн муу том мөнгөний асуудалд байнга орооцолдох боллоо. Он гарснаас хойш нэгж хувьцааных нь үнэ 500.000 төгрөгнөөс 1.439.000 төгрөг хүртэл огцом өссөн “Тавантолгой” ХК-ийн энэхүү толгой эргэм амжилт зохион байгуулалттай хиймэл хөөрөгдөл байсныг Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд тогтоожээ. Тус компанийн хувьцаа өдөрт ердөө 10 орчим хувьцаа л арилжиж байжээ. Харин үүнийг хэсэг бүлэг хүмүүс хоорондоо наймаалцаж, үнийг зохиомлоор өсгөсөн аж. Ханш нь огцом өсч байх үед Санхүүгийн зохицуулах хороо, ҮЦТТТХТ болон Хөрөнгийн биржийн төлөөлөл орсон хамтарсан Ажлын хэсэг шалгалт хийж эхэлсэн бөгөөд шалгалтын дүн эцэслэн гарсны дараа хариуцлагын асуудал сөхөгдөх бололтой. Тодорхой эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг явдалд Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигч, Өмнөговь аймгаас гаралтай томоохон бизнесменийг хардаж байгаа аж. Хэрвээ эл асуудалд хөрөнгийн биржийн ажилтнууд болон брокер диллерийн компаниуд оролцсон нь тогтоогдвол томоохон асуудал үүсч магадгүй болоод байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top