Дэмий л харааж зүхэхээс өөр Монголчуудын хятадуудын талаарх мэдээлэл дэндүү хөөрхийлөлтэй. Нийгмийн сэтгэл зүй нь бол Хятадаас үхэтлээ айдаг, хардан сэрдэж харьцдаг бөгөөд эртний уламжлалт тэр айдсаа асар их үзэн ялалтаар илэрхийлдэг. Гэвч энэ бол ганц Монголчуудын өвчин биш. Хятадын хажууд байгаа жижиг орнууд битгий хэл дэлхий даянаараа Хятадаас айж сүрдэж дургүйцэж, ил далд битүүхэндээ эсэргүүцэж явдаг нь тодорхой.
Харааж зүхээд, хужаа энэ тэр гэж доромжлоод бүтэхгүй ээ, Монголчуудаа. Ядаж энэ улс дотроо ямаршуу улс вэ? Юу болоод байна вэ? гэдгийг нь бага зэрэг ч болов мэдэх хэрэгтэй.
Өнгөц харвал энэ улс өөдөө гялалзаж явна. Жил бүрийн эдийн засгийн өсөлт нь гайхамшигтай. Хаяанд байгаа Монголыг байтугай Латин Америк болон Африкийг очиж эзлээд байна. Гэвч Хятад улс дотроо асуудалтай байнаа. Дотоод зөрчлөө нуух гэж ямарч үнээр хамаагүй улс төрийн тогтворт байдлаа хамгаалах гэж үзэж байна.
Мэргэжилийн хүний нүдээр Нийгэм судлалын хамгийн энгийн хэмжээсүүдээр үзэхэд л энэ улс шалгуур даахгүй байна даа.
Хятадад тулгамдаж буй хамгийн том асуудлууд…
Хүн ам…
1970 оноос эхлэн илт мэдрэгдсэн хүн амынхаа өсөлтийг журамлах зорилгоор ганц хүүхдийн бодлого 1979 оноос эхлэн хүн амдаа тулгав. Ингэснээр эрэгтэй хүүхэд гаргаж үр удмаа залгамжлуулана гэсэн Хятадын заншлаар ялангуяа жижиг хөдөөний тосгодод нь хятад олон гэр бүлүүд охин гарвал сэмхэн устгачихаад байна. Эрх баригчид нь нуухыг чармайж байгаа ч эр эмийн харилцан тэнцвэрт байдал алдагдсан. Хятадад эрчүүдийн тоо 34 саяаар эмэгтэйчүүдээсээ илүү байна. Иймэрхүү байдал мэдээж нийгэмд дарамт үүсгэнэ. Янхандалт, хүүхэд хулгайлах, хүний наймаа, хүчирхийлэл газар авсаар.
Түүнчлэн Хятадын хүн ам хурдацтай хөгширч байна. 2030 он гэхэд 65 наснаас дээш хүмүүсийн тоо 2 дахин ихэснэ. 2050 он гэхэд настайчуудын тоо 440 саяд хүрэхэд энэ асуудал маш хүндэрнэ. Айлын ганц хятад хүүхэд асар их дарамтад амьдардаг. 1996 онд гарсан хуулиар хүүхэд нь эцэг эхээ асран халамжилах үүрэгтэй боловч зайлуул цалин нь даанч хүрэлцэхгүй.
Ганц хүүхдийн бодлого нь алдаа байсныг “ухаарсны” нэг жишээ бол Шанхай Бээжин 2 ын хооронд үл ойлгогдох зөрчил яваад байх шиг. 2007 оноос эхлэн БНХАУ-ын эдийн засгийн артер Шанхайд 2 хүүхдийн асуудал яригдаж эхэлтэл 2011 оны 11 сарын 30-нд Бээжин ганц хүүхдийн бодлого зөв хэмээн батлагаажуулав.
Улс төрийн тогтворт байдал…
2012 оны 3 сарын 14 ний улс төрийн уулзалт хурал дээр Чунцин хотын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силай ирсэнгүй. Сураг сонсвол “ханиад” хүрсэн гэнэ. Энгийн хэрэг мэт харагдах боловч цаанаа сэжиг төрүүлэв. Хэзээ ч ямарч хятад удирдагч ханиадны улмаас улс төрийн арга хэмжээнээс хоцорно гэж дуулдаагүй л юм байна. Эсвэл энэ хүн эдгэшгүй өвчин туссан, эсвэл энэ хүний улс төрийн карьер дуусгавар болсон. Учир нь Бо Силай БНХАУ-н Коммунист Намын ирээдүйн найдвартай удирдагчдын нэг гэгддэг байсан юм.
Үүнээс хэдэн өдрийн өмнө ерөнхий сайд Вэн Зябао, Бо Силай хоёр нэг хэвлэлийн бага хурал дээр зөрөлдөөд авсан байсан юм. Үүний дараа Бо Силай “ханиад” хүрсэн явдал гэгчийн цаадах үнэн шалтгаан бол Хятадын Коммунист Намын дотор буй дэлбэрэхэд бэлэн зөрчлийг гэрчилнэ. Зөрчил нь хурцдаад байгаагийн хэд хэдэн шинж тэмдэг байгаа гэхдээ энийг энд тэндэхийн судлаачид эрээвэр хураавараар дүгнэхийг хичээсэн байна лээ. Бо Силай бол догширсон хуучин удирдагчдыг бодвол хамаагүй орчин үеийн залуу сэтгэлгээтэй. Чунцин хотоо хоромхон зуур орчин үежүүлж хөгжүүлж чадсан хэмээн магтагддаг. Сэнсаац дэгдээсэн Ван Лизүнь Бо Силай хоёрын хэрүүл уруулыг ч мэдэхгүй ээ.
Энэ оны 10 сард БНХАУ-ын Коммунист Намын 18-р Их Хурал болно. Си Жиньпин Намын дарга болно гэж итгүүлчээд байх шиг байна, гэвч би лав 100% итгэхгүй байна.
Их гүрэн хэзээ нэгэн цагт задардаг хуулийг Хятад давтах уу?
2008 оноос эхлэн дэлхийн санхүүгийн байгууллагуудтай маш болгоомжтой харьцдаг байсан Хятад ерөнхий сайд Вэн Зябао Москвад хийсэн айлчлалынхаа үеэр дэлхийн эдийн засгийг шинэчлэе хэмээн уриалав. Хятад Орос 2 улс нийлж холбоотон болсноор Европ болон АНУ-ын дарангуйлалын эсрэг сөрөг хүчин болж чадна гэж үзсэнээс гадна өөрийгөө их гүрний хэмжээнд очсон гэдгээ олон улсын тавцанд харуулахыг хичээсэн нь илт байна.
Дэлхийн том гүрнүүдийн нэг болох хятад “мөрөөдөл” 2009 оноос илт ажиглагдсан. Эхлээд Азидаа бол БНХАУ зайлшгүй лидер гэж зарласан. Гэхдээ л Хятад олон улсын тавцан дээр нялхдаад байх шиг санагддаг юм. Их гүрний дайтай тоглоё гэвэл өөрийн сонирхолын бүсийн хэсэг эрх ашгийг хамгаалах ёстой байтал зөвхөн өөрийнхөө л ганц эрх ашгийг бодож дуугараад байх шиг.
Асуудал бөөгнөрхийн хэрээр[1] Их гүрэн гэдгээ гадаадад харуулах нь гол асуудал биш дотооддоо ард түмнээ ухуулахад чухал болоод байна. Арабын хувьсгалын давалгааг зүгээр ажаад суугаагүй нь лавтай. Улс төрийн дотоод тогтворт байдлаа хамгаалах явдалд гадаад дахь Хятадын сүр хүч асар их нөлөөтэй гэж тооцоолжээ.
Иргэдийнх нь орлогын төвшин хэтэрхий ялгаатай байна. БНХАУ-ын хөдөө аж ахуйн яамнаас явуулсан судалгааг China Daily дамжуулснаар 2008 оны байдлаар хот суурин газрын иргэдийн орлого жилд ойролцоогоор 17 175 юань байхад хөдөө тосгодод 5 153 юань байна[2]. Энэ адил тэгш бус байдал бол удирдагчдын түгшүүр яалтчгүй мөн.
Эдийн засгийн өсөлтийнх нь цаана байгаа үнэн дүр төрх
БНХАУ-ын хоёр том лидер дарга Ху Жин Тао, ерөнхий сайд Вэн Зябао хоёр бол эдийн засгийн өсөлтийн партизанууд боловч баян ядуугийн ялгаа ихэссэн, байр орон сууцны үнэ тэнгэрт хадсан, хүнсний үнэ өссөн зэрэг амин чухал үзүүлэлтүүдийн бас партизан.
Үүнээс гадна Хятадын орон нутгууд мужуудынх нь өр 1 700 тэрбум долларт хүрчихэж. 2009 оноос хойш Хятад улс муж нутгууддаа баруун солгойгүй мөнгө цацсанаар өр нь хэтэрч эргэж төлөгдөх найдвар нь хэцүү байдалтай харагдаж байна. Миний л ойлгосоноор бол яг одоогоос эхлэн муж нутгууд нь өрөө төлж эхлэх ёстой. Гэвч ашиггүй олон юманд их мөнгө зарчихсан юм уу даа хэмээн бодогддог[3]. 2009 оны эдийн засгийн “супер” өсөлт нь мэдээж 90% нь энэ их хэмжээний зээл олгогдсонтой холбоотой[4].
Хятадуудын ихэнх нь олсон мөнгөө үрээд дуусгах биш шууд банканд хадгалуулдаг. Хятадуудын хураасан мөнгө ДНБ-ийн 40%-тэй дүйнэ. Дотор хүний нарийн зан байдаг л биз гэхдээ энэ бол ирээдүйдээ итгэх итгэл муу гэдгийг бэлэн гэрчилнэ. Эдийн засгийн эргэлт нь сул байна. Манайхан бол харин ирээдүйдээ итгэдэггүйгээрээ Хятадуудтай адилхан ч өнөөдөртөө л болж байвал маргааш хамаагүй гэж боддог тул өр зээл тавин тавин гангарч өгнө дөө харин.
Хятадын эдийн засаг экспортоосоо хамааралтай. Цалингаа нэмүүлэхээр эсэргүүцлээ илэрхийлсэн хэд хэдэн ажил хаялт том дохио болоод байна. Үнэндээ хятадын жирийн иргэд гадаадын хөрөнгө оруулагчдын золиос болон дэндүү бага цалингийн төлөө олон цаг хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байна. Цалингийн доод хэмжээг хамаагүй ихэсгэчихвэл гадаад үйлдвэрийн эздүүд үйлдвэрээ хаачих гээд байна. Ажилгүй болчихвол яах вэ? Бослого. Тэгэхээр эдийн засаг нь дарамтанд байсаар байна. Хамгийн их хохирч байгаа хүмүүс бол жирийн иргэд. Байгаль амьдрах орчин нь ихэнх нь гадаадын элдэв үйлдвэрүүдийн хөлд илэгдсээр.
Энэ бүх проблемийг яаж шийдвэрлэх вэ гэдэг бол БНХАУ-ын удирдагчдын гол сорилт мөн. КН-д фракцуудын хагарал явагдаад байна. Миний урд урдуудын нийтлэлүүдыг уншсан хүмүүс ерөнхийдөө үндсэн схемийн аргачлалуудыг нь гадарлаж байгаа[5].Тийм л учраас БНХАУ-ын КН –ын залгамжлал цаашдаа төлөвлөгдсөн схемээрээ явагдана гэж би бодохгүй байна.
Дэлхийн тавцанд их гүрний хэмжээтэйгээр харагдвал дотоод дахь хүн ам нь дэглэмээ эсэргүүцэн босч ирэхгүй гэж тооцоолсон гэж би түрүүхэн хэлсэн. Тийм ч учраас саяхан гадаадад 1000 гаран Конфусиус институудыг нээж 2010 онд CNN болон Ал Жазираг дуурайн өөрийн гэсэн анхны олон улсын мэдээлэлийн суваг бий болгов[6]. Энэ бүх үйл ажиллагаанд нийт 6,5 тэрбум доллар зарцуулсан.
Азиас олон жил “холовтор” байсан АНУ хүчтэйгээр эргэн ирж байна. Ерөнхийдөө бол АНУ Монгол мэтийн орнуудыг Хятадын эсрэг л ашиглах хэрэгсэл болгоод хаяна гэдэг нь тодорхой. Олон улсын тавцан дээр улам бүр ганцаардаж, эргэн тойрон байгаа бүх хөршүүддээ нэр хүндгүй болсон Хятад орон өнөөдөр дотооддоо бага багаар “шинэчлэгдэх” гэж үзэж байна.
Манай Монголын хувьд бол энэ байдлыг уг нь өөртөө ашигтайгаар эргүүлж болмоор л юм шиг байгаам даа. Гэвч Монголын “ухаант” эрх баригчид нөгөө 3 дах хөрш мөрш гэж далбаганаад, Хужаа Луухаан гэж хараагаад, хамаг юмаа аваачиж өгөөд өөрийгөө улам улмаар доромжлуулаад л явна биз. 800 жилийн түүхээсээ суралцаж чадахгүй улсыг одоо яалтай ч билээ.
Уг нь ухаантай байсан бол Хятадад өөрийгөө сайн ойлгуулахыг хичээж ашиг сонирхолыг нь өөрийнхөө эрх ашигтай тааруулан явбал болох л юм байгаам даа. Хятад бол тийм ч их тэнэг Монголыг барьж идээд цөлмөөд тасдаж хаяья гэж боддог бас биш шүү. Ухаантай байхгүй бол улам л доромжлуулана. АНУ энэ тэртэй найзлаад яваад байвал улам л өөрийгөө бусдад ашиглуулана. Тэртэй тэргүй бид Хятадыг дийлнэ гэж гэнэн мөрөөдөж үл болно.
Гэхдээ хөөрхий манай төрийн нэг том толгой уг нь улс орныхоо эрх ашигийг бодоод нэг “юм” хийчихсэн чинь Хятадууд мэдчихсэн. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг анддаггүй тул хятадууд өөрсдийнх нь гараар өөрсдийг нь барих гэдэг шалгарсан мундаг бодлогоо л хэрэгжүүлнэ. Энэ талаар дараагийн нийтлэлдээ…
UNEN.MN
Сэтгэгдэл ( 0 )