Гүүглийг хууль зөрчөөгүй гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

АНУ болон дэлхийн бусад хэсгээс Гүүгль и-мэйлүүд, тэдгээрийн нууц үгс, хувийн мэдээлэл цуглуулж байна гэсэн мэдээллийн мөрөөр Харилцаа Холбооны Комисс шалгаж үзээд тус компанийг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Харин шалгалтын ажилд саад учруулсан тул Гүүглийг 25 мянган доллараар торгосон байна.

Уай Фай орчны жагсаалт бүхий мэдээллийн сан бий болгохоор ажилласан инженерийн нэрийг хэлэхгүй удах, хэлснийх нь дараа инженер нь өөрөө Үндсэн хуулийн тавдугаар нэмэлт өөрчлөлтийг удирдлага болгон өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байсан зэргээс шалгалтад саад учирсан байна.

Түүнчлэн Зохицуулах агентлагийнхан мэдээллийн санг үзэх хүсэлт тавихад Гүүглийнхэн “уг материалыг үзүүлбэл хувийн нууцын хууль болон нууцаар чагнахтай холбоотой хуулийг зөрчинө” гээд үзүүлээгүй байна. Засгийн газрын байгууллагатай хувийн байгууллага хүмүүсийн хувийн нууцыг хуваалцдаггүй учиртай ажээ.

“Стрийт Вью” хэмээх энэхүү төсөл 2007-2010 онд хийгдсэн бөгөөд дэлхийн соёлжиж иргэншсэн хэсгийн гудамжны зургийг авч мэдээлэл цуглуулах зорилготой байжээ.  Камераар тоноглосон тусгай машин гудамжаар явж зураг авч Уай Фай ашиглан дамжуулдаг байжээ. Энэ нь Германы зохицуулагчид 2010 оны тавдугаар сард гомдол гаргах хүртэл явагдсан байна. 

Түүнээс хойш Засгийн газрын олон байгууллага хийсэн шалгалт 17 сар үргэлжилж хэдхэн хоногийн өмнө дүнгээ гаргаад байна. Төслийнхөн цуглуулсан мэдээллээ ашиглахгүйгээр шийдсэн гэж Гүүгль компанийхаа блогт 2010 онд мэдээлсэн байдаг.

Одоо бол төслийн гол инженерийн нэр ил болжээ. Түүнийг Мариус Милнер гэдэг бөгөөд Гүүглийн ажилтнууд ажлын цагийнхаа 20 хувийг сонирхсон төсөл дээрээ ажиллаж өнгөрүүлж болдог журмын дагуу энэ төслийг хийжээ.

Уай Фай-ийн сүлжээний идэвхтэй орчныг мэдэж жагсаалтыг нь бий болгох нь гар утас хэрэглэгчдэд ч хэрэгтэй гэж үзсэн байна. Харин тэр орчинд нь мэдээлэл цуглуулахад илүү олон мэдээлэл хамрагдаад ороод ирдэг байна.

“Ай Ди Си” судалгааны байгууллагын шинжээч, өмнө нь программ зохиогч байсан Аль Хилва “Инженер хүн мэдээллийг цуглуулаад дараа нь шүүдэг. Инженерийн толгой тэгж л зохион байгуулагддаг. Ялангуяа Гүүглийнхний хувьд” гэж хэлж байна.

“Нью Йорк Таймс”
А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top