Сэлэнгэ, Хөвсгөл аймаг түймэртэй байна

Админ | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 6 сумын нутагт 10 түймэр асч, Хөвсгөл, Архангай, Дорнод аймгийн нутагт 4 түймэр цурманд байна.              

Тодруулбал Сэлэнгэ аймгийн  Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг, “Шар нарс”, “Хандгайт” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид,  орон нутгийн иргэд  ажиллаж байна. Түймрийн голомтонд хүч нэмэгдүүлэн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 54 дүгээр ангийн албан хаагчид очсон байна.  Мөн тус аймгийн Цагааннуур сумын нутаг, “Нарийн шүрэнгийн эх”-д гарсан түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид,  Булган, Цагааннуур сумын иргэд  нийт-52 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн голомтонд хүч нэмэгдүүлэн Булган аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид  явсан ажээ. Харин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Өлөнтийн эх”, “Тариатын даваа”-ны баруун урд ууланд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 19, Аврах гал унтраах 40 дүгээр ангийн албан хаагчид, сум, орон нутгийн иргэд нийт 70 хүн ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.

            Хөвсгөл аймгийн  Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг, “Хясалын гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар 93 хүн, тус сумын 2 дугаар багийн нутаг, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар, мөн сумын 1 дүгээр багийн нутаг, “Аргалтайн гол” гэдэг газар, Мэдээлэл тооцооны төвийн сансарын хиймэл дагуулын /Ө-5109/14// У-101039/22/// ойн түймрийн цэг илэрсэн байна.

Мөн тус сумын 1 дүгээр багийн нутаг, “Хээгт” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 27 дугаар ангийн албан хаагчид,  орон нутгийн иргэд  нийт-50 хүн ажиллаж байгаа гэнэ.

       Мөн тус сумын 1 дүгээр багийн нутаг, “Хээгтийн ам” гэдэг газраар /хилийн 450 дүгээр тэмдэгтийн орчмоор/ ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэнийг унтраахаар тус багийн “Хээгт” гэдэг /хоорондоо 5-6 км-йн зайтай газар/ ажиллаж байгаа бүрэлдэхүүн шилжин, хуваагдан ажиллаж байгаа тухай мэдээлсэн. Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн нутаг, “Халхан” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар сум, орон нутгаас 90 хүн, 40 морь, автомашин техник хэрэгсэлтэй, Алаг-Эрдэнэ сумын 3-р багийн нутаг, “Чаргайт” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн нийт-57 хүн тус тус ажиллаж байна.

Харин Төв, Хөвсгөл, Архангай, Дорнод аймгуудад гарч байгаа түймрийг цурманд оруулсан ажээ.  

Ихэнх нутгаар хуурайшиж байгаа энэ цаг үед  иргэдийг гал түймрийн  аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top