-Шалгалт эхэлсэн хоёрдугаар сараас хойш 877 дельфин, 1500 шувуу үхсэн байна гэж Перугийн Байгаль орчны яам мэдээллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Перугийн хойд эрэгт үхсэн дельфин, шувуу тааралдах болсон бөгөөд тэдгээрийн үхлийг тус бүрдээ өөр шалтгаантай гэж Засгийн газар нь үзэж байна. Дельфинийг нь вирусээр өвчилж, шувуудыг өлсөж үхсэн гэж тайлбарлаж байна.
Харин ийм олноороо үрэгдэх болсон нь газрын тосны ашиглалт эсвэл химийн хорт бодисын нөлөө байж магад гэсэн таамаг иргэд болоод эрдэмтдэд төрөөд байна. Дельфинүүд нь эрэгт хүрэхээсээ өмнө усан дотроо ялзарч муудсан байх агаад Эквадортой хил залгадаг Пьюра, Ламбаг бүсүүдэд олдоод байна. Шувуудын ихэнх нь бор өнгөтэй хотон шувууд байх бөгөөд Лимагаас Ламбаг хүртэлх эрэг дээр үхсэн хэвтэх аж.
-Загас ангуучилсан 40 жилдээ би ийм юм үзээгүй. Хаа нэгтээ ганц нэг үхсэн дельфин эсвэл хотон шувуу тараалдаж л байсан. Одоо болж байгаа зүйл түгшүүр төрүүлж байна гэж Пуэрто Этэн хотын Загасчдын Холбооны дарга Франциско Нигуен Рентэра хэллээ.
Далайн үндэсний хүрээлэн дельфинүүдийн үхлийг далайн хөхтөн амьтдыг үй олноор нь хөнөөдөг морбили гэдэг вирустэй, Хөдөө аж ахуйн эрүүл мэндийн үйлчилгээний газар нь шувуудын үхлийг далайн ус дулаарсантай холбон тайлбарлаж байна. Далайн ус дулаарахад хотон шувуудын хооллодог загас хүйтэн ус руу долоон бээрийн доош умбаж орсон тул шувууд хоолондоо хүрч чадахаа больсон гэж үзэж байгаа юм байна.
Гэсэн ч загасчид энэ тайлбарт итгэхгүй байгаа ажээ. Газрын тосны компаниудын хийсэн тэсэлгээнээс усан дотор агаарын өндөр даралт үүссэнтэй холбоотой гэж тэд үзэж байна.
Перугийн засгийн газар загасны мах түүхийгээр хэрэглэхгүй байх, амны хаалт бээлийтэйгээр хоолоо бэлтгэх талаар анхааруулж байна.
“Нью Йорк Таймс” сонин
А. Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )