Ингээд хамтлагийн намтар түүхээс эрхэм танд хүргэж байна:
BEE GEES
Робин Жибб /29.12.1949/ - дуучин
Барри Жибб /01.09.1947/ - дуучин
Моррис Жибб /29.12.1949/ - дуучин, гитарчин
Винс Милуни – гитарчин
Колин Питерсон – бөмбөрчин
Дэлхийн рок-поп хөгжмийн талбарт тасралтгүй 40 жил нэр алдраа цуурайтуулсаар байгаа энэхүү домогт хамтлаг үе үеийн шилдэг хит дуугаа зөвхөн өөрсдөө бүтээдэг гэдгээрээ алдартай. Англиас Австралид цагаачлан очсон цагаачдын хүүхдүүд болох Барри болон ихэр ах дүү Робин, Моррис нар анхныхаа хамтлагийг Бисбейн хотод The Gibbs гэсэн нэртэй байгуулж байв. Тэдний Австрали дахь уран бүтээл төдий л амжилтанд хүрч чадахгүй байсан учраас 1967 онд ах дүү гурав Англид иржээ. Ингээд менежер Роберт Стигвудын зөвлөгөөгөөр Винс Милуни, Колин Питерсон хоёрыг хамтлагтаа урьснаар трио нь квинтет болов. Ингэж хүч нэмэгдсэний дараа менежер Р. Стигвуд Английн дуу бичлэгийн Polydor, Америкийн Atlantic фирмтэй хамтран ажиллах гэрээ байгуулж Их Британи дахь анхны “New York Mining Disaster 1941” синглиэ гаргасан байна. Энэ синглээс Bee Gees-ийн стиль тодорхой болсон бөгөөд уянгалаг болон хүчтэй хоолойг хослуулсан хөгжмийн гайхалтай аранжировк тэдний таних тэмдэг болсон юм. Уг сингль Америк, Английн хит-парадын Топ-20-д багтсан бол дебют-цомог нь Топ-10-д багтжээ. Анхны амжилтын сенсааци намжаагүй байхад “The Love Somebody”, “Holyday”, “Words”, “I Started A Joke”, “Massachuеssets” /1976/, “I’ve Gotta Get A Messeges To You” /1968/ зэрэг баллад Европын хүчтэйд тооцогдох хит-парадыг тэргүүлэх боллоо. 1968 оны эцсээр гитарчин В.Милуни хамтлагаа орхиод хэдхэн долоо хонож байтал Р.Жибб нөгөө хоёртойгоо санал зөрөлдснөөр бие даасан уран бүтээлийн замаа хөөхөөр шийдсэн байна. Түүний 1969 онд хийсэн “Saved By The Bell” соло-сингл Их Британид тэр үеийн хамгийн алдартай бүтээлийн нэг болоод байхад Барри, Моррис хоёр бөмбөрчин К.Питерсоныг хамтлагаас хөөн дуэт болоод байлаа. Гэсэн ч асар богино хугацаанд “Don’t Forget To Remember Me” дуугаараа Робины амжилтыг эвдэж чадсан юм. 1969 оны сүүлээр үүнээс ч хачирхалтай юм болсон нь Барри Жибб хамтлагаа орхих гэсэн явдал байв. Энэ эгзэгтэй үед хамтлагийн менежер Роберт Стигвуд Барриг хамтлагт нь үлдээгээд зогссонгүй Робиныг хүртэл эргүүлэн авчирсанаас хойш тэд дахин салаагүй ч бие даасан уран бүтээл нь гарсаар байжээ. Үүнтэй зэрэгцэн 1971 онд бүтээсэн “Lonely Days”, “How Can You Mend A Broken Heart” сингль Америкт сая хувиар борлогдон “платин” болсон байлаа. 1970-аад оны дунд үеэр менежер Р.Стигвуд өөрийн дуу бичлэгийн RSO фирмдээ тэдний шинэ цомгийг бичихээс ямарч шалтгаангүйгээр татгалзав. Иймд ах дүү Жиббүүд Ариф Мардинийг шинэ продюсерээ болгон удалгүй стилиэ соул руу чиглүүлэх болжээ. Энэхүү шийдвэртээ тэд өнөөг хүртэл сэтгэл хангалуун байдаг тухайгаа нэг биш удаа мэдэгдэж байсан. 1970-аад оны хоёрдугаар хагас гэхэд Bee Gees диско-соул стилиэр тоглож эхэлсэн бөгөөд энэ нь ч тэдэнд 1977 онд Р.Стигвудын найруулж гол дүрд нь Жон Траволта тоглосон “Saturday Night Fever” киноны бүх саундтрэкийг хийх боломжийг олгожээ. Уг киноны дуунуудаас бүрдсэн цомгийн борлуулалтын амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байгаа юм. 1983 онд “Амьд үлдэх хэрэгтэй” киноны хөгжмийг хийгээд өөрсдийн бие даасан бүтээлээс гадна Барбара Стрейзанд, Кенни Рожерс, Дайонн Уорвик, Дайанна Росс нартай хэсэг хугацаанд хамтран ажилласан билээ. Иймэрхүү хэлбэрээр тасралтгүй олон жил хөгжмийн карьертаа анхаарлаа хандуулж байсан ах дүү гурав 1987 оныг хүртэл хувийн амьдралаа төвхнүүлэх зорилгоор уран бүтээлээ хэсэг завсарлаад “You Wing Again” гэсэн хүчтэй синглиэр “Их Британийн хөгжмийн түүхэнд оруулсан 20 жилийн хувь нэмэр” гэдэг онцгой шагналтай тайзнаа эргэн ирсэн байна. 1988 оноос тэд дэлхийг тойрсон аялан тоглолт хийж эхэлсэн боловч хамгийн бага дүү Энди нь гэнэтийн ослоор нас барсанаас болж уг аялалаа зогсоожээ. Эмгэнэлт явдлаас хойш хоёр жилийн дараа Bee Gees ар араасаа урсан гарах шинэ бүтээлээрээ дэлхийн хамгийн хүчирхэг хит-парадыг тэргүүлэх болсон бөгөөд энэ ч утгаараа 1997 оны “Still Waters” цомог Европын хит-чартыг байлдан дагуулжээ. Мөн тэр оны зун Bee Gees попын хаан Майкл Жэксонтой хамтран бас нэгэн шилдэг цомог бүтээсэн юм.
by Slava
Сэтгэгдэл ( 0 )