Оюутолгойн онгоцны буудалд “Бойнг” газардах боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13


Уул уурхайн том компаниуд хэвлэлийнхэнд баахан тоомжиргүй ханддаг байснаа бодвол арай нээлттэй болоо юу. Манай сайт 3-р сарын 9-нд нээлтээ хийснээс хойш “Оюу Толгой” ХХК-ийг анх удаа зорилоо. Тус компанийн санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн орон нутгийн нисэх онгоцны буудал өмнийн говьд баригдах болсон нь сайшаалтай санагдсан юм. Тэгээд энэ талаар тодруулахаар сурвалжлагч маань очиход хэвлэл мэдээлэлтэй харилцах ажилтан нь тун ч “найрсаг” хүлээж аваад “Манай компани энэ талаар мэдээлэл гаргачихсан. Та үүнийг нийтэлнэ үү” хэмээгээд  “Оюу Толгой” ХХК-ийн Төслийн харилцаа, хамтын ажиллагааны менежер Н.Батзориг гэдэг хүний нэр дээр бэлдсэн ярилцлага өгөөд явуулчихдаг юм байна. Янз бүрийн эсрэг зүйл бичүүлэхээс болгоомжилсон бололтой юм. Нэгэнт бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бол түүнийгээ сэтгүүлчдэд илэн далангүй дэлгэж, бэлдсэн материал өөдөөс нь шиддэг биш, нээлттэй ярилцаж, амьд уялдаа холбоог үүсгэвэл “Оюу Толгой” зэрэг томоохон компаниудад өөрийнх нь эрх ашигт болон ард иргэдэд мэдээлэл бодитой хүрэхэд тустай баймаар. Түүнээс биш, зэнзийрхэж зайгаа барьсан худлаа дидломат харилцаа нь хэзээд үл ойлголцлыг хурцалсаар байдаг жамтай. Тухайлбал энэ онгоцны буудал ямар өртөгтэй босч байна, хэний өмч юм, орлого мөнгө нь хаашаа орох вэ, ямар ашигтай ажилах, хэн ажиллуулах, төсөв нь компаниас яг ямар шугамаар гарч байна гээд олон асуултыг бид сонирхож байсан ч хариулт авч чадсангүй. Гэвч бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээллүүд агуулагдсан учраас “Оюутолгой”-гоос соёрхсон “бэлдмэл” ярилцлагыг товчлон хүргэе.

-“Ханбумбат” нисэх онгоцны буудал хаана баригдаж байгаа вэ. Хэзээ ашиглалтад орох вэ?
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Шивээ-Овоо гэдэг газар олон улсын жишигт нийцсэн, дизайны өвөрмөц шийдэл бүхий, өндөр хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Ханбумбат” нисэх онгоцны буудлыг Оюу Толгой төслийн санхүүжилтээр барих гэж байна. Энэ бүтээн байгуулалтын нисэхийн зөвлөх компани  нь “Ач сервис”. Нисэх онгоцны хөөрөх, буух зурвас, талбайн зураг төслийг “ЭЗТ”, барилгын зураг төслийг “Татах хүч”,  макет загварыг “Ондови”, инженер геологийн ажлыг “Энх-Өрнөлт”, электрон тахометрийн зураглалыг “Дарьяажин”,  үерийн хамгаалалтыг “Гидроком” компани гүйцэтгэсэн. Эдгээр нь бүгд монгол компани. Одоо барилгын ажлыг гүйцэтгэх үндэсний компаниудыг сонгох тендерийн шалгаруулалт үргэлжилж байна. Төслийн нэгдүгээр шатанд Б737-800 агаарын хөлөгт үйлчлэх иж бүрэн дэд бүтцийг бий болгоно. Харин хоёрдугаар шатанд ангарын барилга, нэмэгдэл навигацийн тоног төхөөрөмжийг суурилуулах юм. Нисэх онгоцны барилга байгууламжийн бүтээн байгуулалт ирэх тавдугаар сараас эхэлж арванхоёрдугаар сард дуусна. Үүний дараа ИНЕГ-аас хяналт шалгалт хийж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох учиртай. Тэгэхээр 2012 оны эхний улирлаас ашиглалтад орно гэж хэлж болно.
-Нисэх онгоцны буудлын хүчин чадал ямар байх вэ. Ойрын ирээдүйд өмнийн говьд өрнөх бүтээн байгуулалттай холбоотой нэмэгдэх зорчигч, ачаа тээврийн хэрэгцээг дааж чадах уу?
-“Ханбумбат” нисэх онгоцны буудал 45 метр өргөн, 3250 метр урттай нислэгийн зурвас, 32 см зузаан бетонон хучилттай, 15 метр өргөнтэй 152 метр урт явгалах замтай. Мөн 120:130 метрийн хэмжээтэй агаарын хөлгийн зогсоолтой. “Бойнг 737-800” агаарын хөлгийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай байх юм. Цагт 120 зорчигчид үйлчлэх багтаамжтай, 24 цагаар онгоц хүлээн авах чадвартай байна. Түүнчлэн иргэний нисэхийн шаардлагад нийцсэн нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ер нь нисэх онгоцны буудлын цогцолбор зорчигч үйлчилгээний төв, нислэгийн удирдлагын цамхаг, агаарын хөлгийн ангар, авран хамгаалах, гал унтраах үйлчилгээний барилга, дизель генераторын барилга, бие даасан цэвэрлэх байгууламж, стандарт шаардлага хангасан хашаа хамгаалалт зэргээс бүрдэнэ. Нислэгийн удирдлагын цамхаг гурван давхар, агаарын хөлгийг бүх талаас нь хянаж, харахаар төлөвлөгдсөн.
-Барилга, байгууламжийн загварын шийдэл нэлээд өвөрмөц санагдсан. Энэ талаар тодруулна уу?
-Нисэх онгоцны буудлын загварыг хийхдээ үндэсний монгол гэрийг архитектурын давтагдашгүй дизайнтай хослуулж, Оюу Толгойн үндсэн олдвор алт, зэсийн талстаар чимэглэнэ. Зорчигчид үйлчлэх төв нь гурван хэсэгтэй бөгөөд 1665 шоо дөрвөлжин метр талбайтай. “Хан Бумбат” гэдэг нь өмнийн говийн ард түмний хайрласан нэр. Тиймээс нутгийн уугуул олны оноосон нэртэй, монгол архитекторын зурсан төлөвлөлт зураглалыг монгол зөвлөх үнэлж баталгаажуулснаар монгол барилгачид бүтээн босгох “Хан Бумбат” олон улсын жишигт нийцсэн монгол цогцолбор байх юм.
-“Ханбумбат” онгоцны буудлыг барихдаа байгаль орчны талаар судалгаа хийсэн үү?
-Тэгэлгүй яахав. Нутгийн иргэдтэй, мөн холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа хийж байгаа. Тухайлбал, Oюу Толгойн талбайгаас Нисэх буудал хүрэх зам барилгын ажил дээр орон нутгийн удирдлага, нутгийн малчдын санал бодлын сонсож зөвлөлдсөний дагуу замын чиглэл, хайрганы карьерын судалгаа хийлгэх зорилгоор “МСРС” компанийг зөвлөхөөр ажиллуулж байна. Усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр “Акуатерра” компанитай зөвлөж усны эх үүсвэрийг судалж байгаа.
-Та бүхний хувьд нисэх онгоцны буудал барих төслөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Монголчууд зам дагаж хөгжил ирнэ гэж ярьдаг. Үүнтэй адилхан “Ханбумбат” нисэх онгоцны буудал говийн бүсэд хөгжил авчирна. Нисэх онгоцны буудал барих Шивээ-Овоо гэдэг газар Ханбогд сумаас 36, Баян-Овоогоос 56, Манлайгаас 108, Оюу Толгойн уурхайгаас 12 км зайтай. “Ханбумбат” нисэх буудлын зорилго нь бүс нутгийн агаарын тээврийн хөгжлийг дэмжих, Оюу Толгой төслийн ажиллах хүчний тээврийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн иргэдийн  агаарын тээврийг шийдэхэд чиглэж байгаа. Говийн иргэд Улаанбаатар руу, нийслэлээс нутаг руугаа тав тухтай зорчих боломж бүрдэнэ. Ер нь өмнийн говьд олон улсын жишигт нийцсэн нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор агаарын тээвэр, түүнийг дагаад бусад салбар хөгжихөд ач холбогдолтой.
    Б.Даваахүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top