Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж буй Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Арын сайхан хангай нутгийнхантай уулзаж, хийсэн ажлаа тайлагнахаас гадна мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж, тус аймагт нэр дэвшиж буй Н.Батбаяр, Б.Болор нарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Иргэн бүр баялгаасаа хувь хүртдэг болно, тэр нь нэг сая төгрөгөөс доошгүй өртөгтэй байна гэсэн Ардчилсан намын амлалт биелэлээ олж өнөөдөр иргэн бүр 1072 ширхэг хувьцааны эзэн болсон. 2008 онд Ардчилсан нам иргэн бүр баялгаасаа хувьцаа эзэмших тухай ярьж байхад хэн ч итгэхгүй байсан бол өнөөдөр Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшигч болж, цаашид томоохон орд газруудыг ашиглалтад оруулбал иргэд хувьцаа эзэмшигч нь байх нөхцөл бүрджээ. Гэхдээ энэ нь 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг үнээ алдахгүй. Яагаад гэвэл тэр үеийн хувьцаа тасалбарууд нь зах зээлийн эдийн засагт ажиллахааргүй болж байсан компаниудын хувьцаа байсан бол өнөөдрийн хувьцаа дэлхий дахины анхаарлын төвд байгаа, өндөр чанартай нүүрстэй Тавантолгойн хувьцаа. Цаашилбал Тавантолгой шиг 14 стратегийн ордоосоо Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшинэ. Ардчилсан нам 2008 онд сөрөг хүчин болсон ч гэлээ ард түмнийхээ төлөө хамтарсан Засгийн газарт ороод хувьцааг шийдүүлж чадсан. Үйлдвэржүүлэлтийн бодлогоо боломжийн хэмжээнд хүргэж, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг олон дахин нэмэгдүүлсэн. Харин хамтарсан Засгийн газарт байснаараа хийж чадахгүй зүйл гэж бий. Авлига, хээл хахуультай тэмцэх, төрийн албаны хүнд суртлыг арилгах шударгаар ажиллаж хөдөдмөрлөөд амьдрах боломжийг хамтраад хийж чаддаггүй зүйл юм. Тийм убраас төрийн хууль ардын хүүхдэд хатуу, сайдын хүүхдэд үйлчилдэггүй байдлыг арилгахын төлөө Ардчилсан нам түүхэн үүргээ гүйцэтгээд хамтарсан Засгийн газраас гарсан билээ. Ардчилсан нам иргэдээ хөдөлмөрлөж, түүнийгээ шударгаар үнэлүүлж амьдардаг нийгмийн төлөө бодлогоо чиглүүлж байна гэдгийг уулзалтын үеэр АН-ын дарга онцолсон юм.
"Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье" уриаг зүгээр нэг энэ сонгуулиар улстөр хийх гэж Ардчилсан нам сонгоогүй. "Монгол хүн 2020" хэлэлцүүлгээ хийж орон даяар иргэдээ сонсож явахад иргэд "Хүн шиг л амьдармаар байна" гэдэг үгийг хамгийн олон хэлж байсан. Энэ бол Монголын эгэл жирийн олон иргэний хүсэл. Тийм учраас цөөхүүл нь биш, олуулаа хүн шиг амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд таван хэсгээс бүрдсэн "Монгол хүн" мөрийн хөтөлбөрөө Ардчилсан нам боловсруулсан. Хүнээ хөгжүүлэхийн төлөө энэ бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам ялсан шиг ялж, хийсэн шиг хийх хэрэгтэй байна. Цаг үе нь ч ирээд байна. Ийм учраас намынхаа шилдэг лидерүүдийг УИХ-д нэр дэвшүүлээд байгаа. Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр Монголын төрд олон шинэлэг зүйлийг санаачилдаг, дайчин, сонгогчдынхоо санаа бодлыг хийж байгаа зүйлдээ шингээж чаддаг туршлагатай түшээ. Харин Б.Болор Гадаад харилцааны дэд сайдаар ажиллахдаа хариуцлагатай олон ажлыг залуу хүний эрч хүчээр үүрэн амжилттай хийсэн, чадварлаг залуу боловсон хүчин учраас нутагтаа нэр дэвшихийг нь Ардчилсан намынхан дэмжсэн гэдгийг Ардчилсан намын дарга хэлж байлаа.
Ардчилсан намын даргатай цуг Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Ц.Энхтуяа, Б.Батбилэг, АН-ын даргын зөвлөх С.Отгонбаяр нар Архангай аймгийн иргэдтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Мөн тэд санал бодлоо илэрхийлж, Ардчилсан намыг дэмжихийг уриалж байлаа. Тухайлбал Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Ц.Энхтуяа өнгөрсөн хугацаанд Архангай аймгийнхан ардчиллын төлөө саналаа өгч хүний эрх, эрх чөлөөний төлөө "цэнхэр" аймаг гэж овоглогдох болсон нутгийнхандаа баяр хүргэсэн бол Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Б.Батбилэг болон зөвлөх С.Отгонбаяр нар сонгогч түмнийхээ төлөө ажиллаж сурсан, эх оронч, шинийг санаачлагч байдаг ардчиллын залуусаа дэмжихийг уриалж, Монголын төрд өөрийн орон зайг бий болгож, хувь нэмрээ оруулж байсан Р.Гончигдорж гишүүнийг Архангайчууд сонгосоор ирсэнд талархаж, жинхэнэ төрийн хүнийг сонгож чаддагт нь баяр хүргэж байв.
Харин жижиг уурхайн лиценз олгож байгаа асуудлаар иргэний сонирхсон асуултад АН-ын дарга "Уул уурхайн хумих бодлого барина" гэдгээ илэрхийлж, том ордуудаа ашиглаж эхлээгүы байхад жижиг ордоор оролдож байгаль орчноо сүйтгэх нь зохимжгүй гэдгийг хэлж байлаа. Мөн архидалтыг багасгах талаар сонирхсон асуултад тэрбээр мөрийн хөтөлбөрийнхөө "Аюулгүй орчинтой монгол хүн" хэсгийн архигүй монгол дэд хэсгийг тайлбарлаж байв. Энэ мэтчилэн Архангайчууд Ардчилсан намын даргаас намынх нь бодлогын талаар чамгүй сонирхож, хариултаа авч хариуцлагатай сонголтоо хийхээр үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )