“Италийн эстрадын эцэг” Тото Кутуньо анхны хайртайгаа 14-тэйдөө учирсан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Жинхэнэ нэр: Salvatore Cutugno

Төрсөн өдөр: 1943.07.07. 68 нас

Төрсөн газар: Фоздиново. Масса-Каррара. Тоскана. Итали 

Мэргэжил: хөгжмийн зохиолч, дуучин

Хамтлаг: Albatros 

Хамтрагчид: Адриано Челентано, Жо Дассен 

Албан ёсны сайт: www.totocutugno.it 

...1943.07.07-ны өдөр Тосканагийн Фосдиново сууринд Доменико ба Ольга Кутуньо нарын гэр бүлд нэгэн хүү төржээ. Тэд хүүдээ Сальваторе хэмээх нэр хайласан ч ээж нь өхөөрдөн “-Тото” гэж дууддаг байлаа...

 

-Манай гэр бүл тавуулаа байсан. Аав, ээж, ах Роберто, эгч Россана тэгээд би. Намайг тавтай байхад миний эгч нас барсан. Би бага байсан болохоор тэр өдөр юу болж өнгөрснийг сайн санадаггүй. Тэр хагацал хүүхэд насанд минь хамгийн хар дурсамжийг үлдээсэн. Ээж хожим надад ярьсан. Нөгөө дэггүй хүү маань тэр өдрөөс хойш зан ааш нь өөрчлөгдсөн. Нэг л тийм дуугүй, бодлогошронгуй хүү болчихож билээ гэж. Би их ховор инээдэг байсан.

...Тотогийн эцэг тэнгисийн цэргийн дайчин. Тиймээс ч хүү нь алхаж сурахаасаа өмнө загас шиг усанд сэлж, гэрийнхээ ойролцоох наран шарлагын газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай байжээ. Уран бүтээлд нь ч далай тэнгис, цахлай шувуу, нар, далдуу мод, хөөрхөн бүсгүйчүүд ихээр тусгагдсан байдаг нь үүнтэй холбоотой нь ойлгомжтой. Тото долоон нас хүрэхэд эцгийнхээ байгуулсан хамтлагт бөмбөр тоглодог болоод байв. Удахгүй гитар... Үүний зэрэгцээ пянз цуглуулж эхэлсэн гэдэг. /өдгөө түүний цуглуулганд 3,5 мянган ширхэг пянз байгаа аж. орч/ Бас нэгэн сонирхолтой факт дурьдахад тэр өсвөр насандаа хөгжим тоглохыг охидтой үерхэж, дотносохоос илүүд үзэж байсан гэдэг. Харин анхны хайртайгаа 14-тэй байхдаа учирч “La strada dell’amore” хэмээх дуугаа найз охиндоо зориулжээ.

-Гэр бүлийнхэн маань хөгжмийн хичээлээ давтахад хэзээ ч дургүйцэж байгаагүй. Харин ч их сэтгэл зүрхнээсээ ханддаг байлаа. Мэдээж би хичээл гэхээсээ хөгжимдөө хайртай байсан нь мэдээж. Гэхдээ ямар ч байсан дунд сургуулиа төгссөн. Би чинь нягтлан бодогчийн дипломтой шүү дээ.

... Жазад дурлаж, фортепиано тоглож сурсан 19 насандаа Тото нэрт хөгжимчин Гуидо Манузардигийн хамтлагт багтан Скандинавын арлуудаар аялан тоглолт хийжээ. Ингээд шинэ уран бүтээлдээ урамшсан тэрээр “Тото ба Тати” хэмээх өөрийн хамтлагаа байгуулж Лино Лозито, Жижи Тонэ болон Массимо Вигано зэрэг найзуудаа дэргэдээ авсан байна. Тэд хоёр жилийн хугацаанд Италийн бараг бүх томоохон баар, цэнгээний газруудаар тоглолтоо хийгээд байлаа. 1974 онд Тото яруу найрагч Вито Паллавичинитай танилцжээ. Тэр маэстротой уулзаад: -Сайн байна уу. Намайг Тото Кутуньо гэдэг. Би аль эртнээс тантай нүүр тулан танилцахыг хүсэж байсан юм хэмээн шууд хэлжээ. Тото төгөлдөр хуурын ард суугаад тоглов. Бараг дараагийн өдрөөс тэдний хамтын ажил эхэлсэн гэдэг. “Африка” хэмээх супер-хит дууны дараагаас Тотогийн нэр алдар эх орондоо төдийгүй Францад мандан бадарлаа. Уг дуу нь францын хит парадыг тэргүүлжээ. Удалгүй Жо Дассен итали залууд дууны захиалга өгөхөд “Et si tu n’existais pas” гэх алдарт бүтээл мэндэлсэн байдаг. Дассений араас Мирей Матье, Клода Франсуа, Жонни Холлидей, Далида, Мишель Сарда болон Шейла нарт дуу бичиж өгсөн бол түүнийг нь Пол Мориа, Жеймс Ласт, Франк Пурсель нарын удирдлаган доорх оркеструуд хөгжимдөж байсан юм. “Сан-Ремо 76”-д орохдоо тэд хамтлагийнхаа нэрийг “Альбатрос” болгон өөрчлөөд байжээ. Тэр их амжилт, нэр алдрын хур бууж бай үед буюу 1976 Сальваторегийн хамгаас хайртай хүн болох ээж Ольга нь таалал төгсчээ...

-Тото, Карла хоёр 1967 онд Линьяно Саббьядоро хэмэх амралт зугаацлын жижиг хотын “Луу” хэмээх клубт танилжээ. Тухайн үедээ Карлаг ирээдүйн эхнэрээ хэмээн төсөөлөө ч үгүй байсан гэнэ.

–Миний ханийн ээж анх намайг хараад “Бурхан минь, энэ чинь Цыган байна. Өмссөн зүүснийг нь хараач хэмээн дуу алдаж байсан. Тэгэхэд Карла

–Үгүй ээ, ээжээ энэ чинь сайн залуу байхгүй юу хэмээжээ. Тэр шууд миний дуулахыг бас хамтлагийг маань дэмжсэн анхны бүсгүй.

 

...1971 онд тэд гэрлэсэн. Хэдхэн сарын дараа синьора Кутуньо бие давхар болов. Тото эхнээсээ л олон хүүхэдтэй өнөр бүл болохыг мөрөөдөж эхнэрээсээ хүсэж байлаа. Эхнэрээ хоёр ихэр төрүүлэх гэж байгаа мэдээг дуулаад өөрийгөө хорвоогийн хамгийн аз жаргалтай эцэг болно хэмээн баярлаж хөөрч байсан. Гэвч баяр хөөр уйтгар гунигаар солигдох нь тэр. Эмч нар эхнэрийг нь дахин төрөх боломжгүй болохыг нь тогтоожээ. “Альбатрос”-оос салсныхаа дараа Тото үргэлжлүүлэн дуугаа бичсээр байв. Жо Дассенд зориулан 12 дуу бичсэнээс “Salut”, “Le jarden du Luxembourg”, “Il etait une fois nous deuх” зэрэг нь хит болсон. Тэгвэл 70-80-аад онд Адриано Челентаногийн супер хит гэгддэг “Soli”, “Non’è Amore”, “Il tempo se ne va”, “Un po’ artista, un po’ no” дуунуудыг Тото зохиожээ. “Donna, donna mia” хэмээх дуугаа Тото “Scommettiamo che…” хэмээх ТВ хөтөлбөрийн захиалгаар бүтээсэн. Гэтэл уг дуу сар гаруй хугацаанд Итали, Францын хит-парадыг тэргүүлсэн билээ. Ингээд ирэх оны Сан-Ремогийн фестивальд “Solo noi” гэх дуугаараа оролцох эрхээ авсан. Тото түрүүлжээ...

 

-Баяр хөөр, паник, сэтгэл хөдлөл... Би их наадамд ялсан. Тайзны ард хүрмээ тайлаад барьчихсан зогсож байлаа. Гэтэл хөтлөгч –Ингээд ялагч... Solo noi. Тото Кутуньо... гээд л зарласан. Би сайн ч сонсож чадаагүй. Нэг мэдэхэд тайзан дээр гараад ирчихсэн шагналаа авч байлаа. Хүрмээ ч олоогүй. Цамцтайгаа л дуулчихсан. Хүүхэлдэй мэт л болчихсон. 

 

...Жилийн дараа гэхэд Тото Кутуньогийн “La mia musica” хэмээх гурав дахь цомог англи, испани, франц хэл дээр хэвлэгдэн Аргентин, АНУ, Япон, Канад, Австрали болон Европын бараг бүх оронд худалдаанд гарчээ. Харин Тотогийн алдарт “L’italiano” хэмээх дуу 1983 оны Сан-Ремогийн наадамд анх удаа эгшиглэсэн билээ. Хэдийгээр дуу түрүүлээгүй ч зөвхөн тэр шилдэг нь байсан. Хар хүрэм, цагаан өнгийн ороолт, цыган мэт буржгар хар үс, өтгөн хөмсөг энэ бүхэн өнөөг хүртэл сая сая шүтэн бишрэгчдийнх нь сэтгэл зүрхэнд хоногшсон хэвээрээ. Мөн тэр ондоо Кутуньо “L’italiano” хэмээх цомгоо худалдаанд гаргаж “голден” болгожээ. 1984 онд “Serenata” дуу нь хит-парадын хоёрт бичигдсэн байдаг.

 

 -Москвад аялан тоглолт хийснийхээ дараа: “Би орост зүрх сэтгэлийнхээ талыг үлдээлээ. Би олон хүнтэй уулздаг. Хүн гэдэг бүхэл бүтэн ертөнц. Хүний нүд рүү харах би дуртай. Нүдээрээ хүмүүс бие биенээ ойлгодог. Би гэхэд л өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг нүдээрээ илэрхийлэхийг хүсдэг. Төгөлдөр хууран дээрээ суугаад уйтгар гунигаа бодон тоглохдоо дуугаа зохиох дуртай. Ихэнх алдартай дуугаа 5-10 минутанд зохиочихсон байдаг.

 

...1985 оны сүүлээр Холбооны Германд жил бүр зохиогддог байсан Peter’s Pop Show болсон. Үүнд тухайн оны Европын хамгийн шилдэг хамтлаг дуучид урилгаар оролцож ая дуугаа өргөдөг уламжлалтай байж билээ. Тото Кутуньогийн хувьд тэр онд “Mi piacerebbe…” болон “Mademoiselle ça va” гэх хоёр дуугаараа оролцжээ. Хуучнаар ЗХУ-ын төв телевиз шинэ жилийн үдэш Peter’s Pop Show тоглолтыг шууд цацаж байсныг санаж байна. Үүнээс хойш тэр “их завсарлага” авсан гэдэг. 1990 оны босгон дээр Тото Кутуньо Сан-Ремогийн наадамд оролцож хоёрт шалгарсан байна...

Ингээд та бүхэндээ Тотогийн 1990 оноос хойших намтар, уран бүтээлийг сонирхолтой болгох үүднээс товчоолон хүргье:

  • 1990 онд “Евровидения”-д Италийг төлөөлөн Тото Кутуньо “Insieme: 1992” гэх дуугаараа оролцжээ. Дуугаа ирээдүйд нэгдэх гэж буй Европ тивд зориулав.
  • Ийнхүү 26 жил уран бүтээлээ завсарласны дараа Тото тэрхүү нэр хүндтэй наадмын тэргүүн шагналын эзэн болж байв.
  • Евровидение-1991 их наадамд Италийг төлөөлж уг наадмын 1964 оны ялагч Жильола Чинкветти болон Тото Кутуньо хоёр л оролцжээ. 
  • Таван жил “амарсны” эцэст буюу 1995 Кутуньо “Voglio andare a vivere in campagna” хэмээх дуутайгаа Сан-Ремод эргэн ирсэн бөгөөд шинэ цомгоо ч худалдаанд гаргажээ.
  • 1997 онд мөн уг наадамд Faccia pulita дуугаа өргөн барьжээ.
  •  1998-2000 онд Тото Кутуньо Италийн телевизийн “I fatti vostri” хэмээх нэвтрүүлгийг хөтөлжээ.
  • 2002 “Il treno” хэмээх шинэ цомог нь Францад нэрд гарлаа.
  • 2005 онд Сан-Ремогийн фестивальд “Come noi nessuno al mondo” дуугаа Аннализа Минеттитэй хамтран дуулж хоёрдугаар байрт оржээ.
  • 2008 онд Тото Кутуньогийн “Un falco chiuso in gabbia” дуу нь Сан-Ремод дөрөвт...
  • 2009.11 сард тэрээр Москвад болсон “Легенды Ретро FM 2009” хэмээх шоунд оролцлоо.
  • 2010.11 сард Киевт Адриано Челентаногийн хүү Жакомогийн хамтаар тоглолтоо хийжээ.
  • 2011.03.17-нд Аннализа Минетти, InGrid, Марк Тишман нарын хамт Кремлийн ордны концертын их танхимд урилгаар тогложээ. 

 

Бэлтгэсэн Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top