”Mongolia Mining-2011” уул уурхайн үзэсгэлэнд Австралийн Сиднейн уул уурхайн клубын ерөнхийлөгч Жулиан Малник оролцож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16


"Mongolia Mining-2011" уул уурхайн үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга,  Австралийн Сиднейн уул уурхайн клубын ерөнхийлөгч Жулиан Малник тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Уг үзэсгэлэнгийн талаар болон Монголын уул уурхайн хөгжлийн боломжийн тухай түүний үгийг товчлон хүргэж байна.

Би "Mongolia Mining-2011" хэмээх Монголын уул уурхайн салбарт уламжлал болон явагдах чухал үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Урин дулаан цаг ирж уул уурхайн сезон эхэлж байгаа энэ үед Монголын уул уурхайн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж байгаа ханган нийлүүлэгчдийн энэхүү том цугларалт уул уурхайн салбарынхан төдийгүй, энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийн ертөнцийнхний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ.

Австрали улсын иргэний хувьд, түүнчлэн уул уурхайн салбарт ажиллаж ирсний хувьд миний бие манай улсын олон бүс нутгууд эрдэс баялгийн шинэ шинэ нээлтийг даган хурдацтай хөгжсөн түүхийг нүдээр харж, биеэр мэдэрч ирсэн. Монголд эдүгээ уул уурхайн салбар дотоодын бизнесийн салбар төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бүс нутгуудын нэг болоод байна. Энэхүү хөгжлийн хандлагыг даган дэлхийн өнцөг булан бүрээс бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол улсад, энэ салбарын зах зээлийг өрсөлдөөнтэй, улам баялаг болгож байна.  Энэ бүхэн саяхан хүртэл энэ улсад нэвтрээгүй байсан орчин үеийн уул уурхайн технологи, түүнчлэн хөдөлмөрийн аюулгүйн шаардлагыг хангасан, хүрээлэн байгаа орчинд хоргүй уул уурхайн үйлдвэрлэлийн практикийг нэвтрүүлэх гол нөхцөл болж байна.

Монгол улс уул уурхайн арвин нөөцтэйгөөс гадна эрч хүчтэй, ажил хэрэгч залуу хүмүүсээрээ баялаг орон юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бизнесменүүдийн нэгтгэсэн Монголын уул уурхайн клуб хэмээх салбарын шинэ байгууллагыг анх байгуулагдахад нээлтэнд нь оролцож байснаас хойш богино хугацаанд хэрхэн дүр төрхөө олж, үйл ажиллагаагаа тогтвортой болгож, хэтийн том зорилго тавин ажиллаж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Монгол улс уул уурхайн салбарын олон жилийн туршлагатай улс орнуудаас суралцаад тэднээс дутахгүй салбараа хөгжүүлээд явах нөөцтэй юм.

"Mongolia Mining-2011" үзэсгэлэн Монгол улсын уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаанд бүтээгдэхүүний сонголт хийх суваг болж чадна, цаашид энэ чиглэлийн хамгийн чухал арга хэмжээ болон өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Австралийн уул уурхайн салбарт олон жил ажилласан миний өөрийн туршлагаас,  өргөн уудам газар нутагт тархан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарынхан хоорондоо уулзаж, харилцаа тогтоогоод байх боломж өдөр тутам олдоод байдаггүй тул энэ салбарын  бизнесийг хооронд нь холбоход чухамхүү ийм арга хэмжээ туйлын ач холбогдолтой байдаг.

Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбарын бизнесийн эрх ашгийн огтолцлын цэг байх болно. Түүнчлэн сүүлийн үед эрчтэй хөгжиж байгаа Монголын уул уурхайн салбарын хөгжил, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.  Австрали, Монгол эрдэс баялгийн нөөц ихтэйгээс гадна маш нээлттэй, чөлөөт эдийн засагтайгаараа төсөөтэй. Тийм учраас Монгол улс Австралийн жишээгээр уул уурхайн салбараа түшиглэн өндөр хөгжилтэй орон болно гэдэгт итгэлтэй байна. Австралийн хөрөнгө оруулалт, технологи Монголын уул уурхайн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна. Түүнчлэн уул уурхайн салбарт тэргүүлэгч Канад, Өмнөд Африк, Чили, Бразил зэрэг орнууд ч энэ салбарын хамтын ажиллагаанд тодорхой байр суурь эзэлж, цаашид улам их хувь нэмэр оруулах нь дамжиггүй. "Mongolia Mining-2011"-ийн нийт оролцогчид, уул уурхайн салбарынханд амжилт хүсье.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top