Онцгой байдлын хэлтсээс Увс аймгийн хэмжээнд долдугаар сарын 10-15-ны өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээг нэгтгэж үзлээ. Энэ өдрүүдэд 17 сумын нутаг дэвсгэрт 0-9 мм хур тунадас орж, таван суманд 12-16 м/сек хүрсэн шуурга болсон байна.
Ой хээрийн түймрийн нэг, обьектын гал түймрийн нэг, мал амьтны гоц халдварт өвчний нэг, хүчтэй аадар бороо, аянга цахилгааны осол хоёр, хүчтэй салхи шуурганы талаар хоёр дуудлага тус хэлтэст ирсний дагуу холбогдох арга хэмжээг авчээ. Тухайлбал, энэ сарын 9-нд Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт аянга бууж, малчин О.Шараагийн мал хариулж явсан С.Мөнхбаяр, И.Гансүх нар хөнгөн түлэгдэж, 205 хонь, 60 ямаа, нэг морь, нийтдээ 266 мал аянгад цохиулж осолджээ.
Энэ мэдээллийн дагуу сумаас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, түлэгдсэн хоёр иргэнийг сумын эмнэлэгт шилжүүлж, үхсэн малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажилласан байна. Сүүлийн үед байгалийн гамшгийн дуудлага тасралтгүй ирж байгаа тул ард иргэд, ялангуяа малчид сонор сэрэмжээ дээшлүүлж, болзошгүй аюулаас сэрэмжилж байхыг аймгийн ОБХ-ээс анхаарууллаа.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )