Нийтлэл: Эдийн засгийн алуурчид ба Монгол

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Уул уурхайн асуудал дэвшүүлсэн нийтлэл маань энэ удаад сүүлийн үед байнга яригдах болсон "Эдийн засгийн аллага" хэмээх нэр томъёог тодотгохыг зорилоо. “Эдийн засгийн аллага” гэдэг нэр томъёог бид саяхнаас л хэрэглэж хэвших гэж байна. Урьд нь ийм үг сонсоод зарим нь цочирдож байсан байх. Юуны чинь аллага, дэмий юм яриад гэх хүн цөөнгүй тааралдаж байлаа. Тэгвэл эдийн засгийн аллага гэж юу вэ? Үүнийг тайлбарлахад тун хялбархан. АНУ мэтийн дэлхийн бодлого тодорхойлдог гэх их гүрнүүд буурай хөгжилтэй, байгалийн баялаг элбэгтэй, цэрэг-стратегийн ашигтай байрлал бүхий улс орнуудыг эрхшээлдээ оруулдаг “эдийн засгийн арга” гэж хэлж болно. Тухайн улс орноо дэмжиж буй дүрээр хамаг баялагт нь эзэн суухыг ийнхүү эдийн засгийн аллага гээд байгаа юм. Энэ тухай Америкийн томоохон судлаачдын нэг  Жон Перкинс “Эдийн засгийн алуурчны наминчлал” номондоо тодорхой бичжээ. Тэрээр тус улсын зүгээс Ази, Африкийн олон оронд хийсэн эдийн засгийн аллагын зөвлөхөөр ажиллаж байсан байна. 1972 онд түүнийг Панамд ажиллуулахаар томилжээ. Панам бол жижиг орон бөгөөд Атлант, Номхон далайг холбосон сувгаараа алдартай. Панамын сувгийн бүс нутагт Америкчууд тансаг байранд амьдарч, дээдсийн зугаа болох гольф тоглож, өндөр үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлж байхад хажууд нь панамчууд модон оромжинд толгой хоргодон, үерээр хальж орж ирсэн бохир ус, хогон дунд амьдарч байлаа. Тиймээс ч удалгүй Америкчуудыг тэд нутгаасаа гар гэж шаардаж эхэлсэн юм. Америкийн эдийн засагч Жон Перкинс тэр үед Панамын Ерөнхийлөгч асан Омар Торрихостой дотно танилцаж хувийн харилцаагаа гүнзгийрүүлж чадсан байв. Гэхдээ Торрихос эдийн засгийн алуурчдын тухай зэгсэн сайн мэдлэгтэй нэгэн байсан юм. Тэр Америкийн компаниудтай хамтарч ажиллан хувьдаа асар их мөнгө хуримтлуулах боломжтойг  ойлгож байжээ.  Гэвч тэр ийм зам сонгоогүй юм. Улс орныхоо эдийн засгийн өсөлтийг сайжруулах, Панамын сувгийг өөрийн үндэснийх болгох, томоохон хөлөг онгоцууд уг сувгийн усан дээгүүр чөлөөтэй зорчих боломжийг хангах зэрэг өргөн цар хүрээтэй төсөл боловсруулан Дэлхийн банкнаас мөнгө босгох гэж чармайж байв. Харамсалтай нь тэр ингэж улс үндэстнээ тусгаар байлгахын төлөө зүтгэж яваад нэг л өдөр онгоцны осол гэсэн учир битүүлэг үхэлд хүрсэн юм. Перкинс үүнийг санаатай аллага байсан гэдгийг хожим хүлээн зөвшөөрсөн байлаа. Талийгаачтай ойр дотно нөхөрлөж явсны хувьд тэр “Эдийн засгийн алуурчин” хэмээх аймшигт ажил үүргээсээ сайн дураараа татгалзахад хүрсэн гэдэг.  Перкинс Панамд ажиллахаасаа өмнө Индонезид томилолт өвөртлөн очиж тус улсын эдийн засгийн өсөлтийн эсрэг “хор” найруулж байв. Түүний гол үүрэг бол Индонезийн эдийн засгийн талаар “өөдрөг” таамаглал дэвшүүлэн эрх баригчдынх нь тархийг угаах явдал байсан юм. Энэ нь түүний дотоод итгэл үнэмшил, ёс суртахуунтай илт зөрчилдөж байсан ч гэсэн даалгавраа биелүүлэхийг хичээсэн байна. Индонезийн хүн амын дийлэнх хэсэг үгээгүй ядуу байгааг нүдээр харсан Перкинст ямар олигтой сэтгэгдэл төрөх билээ дээ. Тэрээр үндэсний эдийн засаг нь яаж ч махийгаад жилдээ найман хувиас хэтрэхгүй өсөлт гарах байсныг Америкаас өгсөн даалгаврынхаа дагуу “Индонезийн эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрнэ” хэмээн “онолдож” байв. Үнэхээр АНУ тэргүүтэй том гүрнүүд дэлхийн хамгийн хүчирхэг бүлэглэл үүсгэхийн тулд ийм далд зорилго агуулсан үйл ажиллагаа явуулж байжээ. Хөгжиж буй улс орнуудыг цөлмөх стратегийн бодлогоо хатуу барьж, хэрэгжүүлж байсан, одоо ч хэвээр үргэлжлүүлж байгаа аж. Энэ бодлогоо Африкийн олон орон, Латин Америкийн Болив, Перу, Эквадор гэх мэт улсад амжилттай хэрэгжүүлсэн байна. Эдгээрийн дараа нүглээ наминчилж дээрх номыг бичсэн Перкинс аллагыг огт нуугаагүй юм. Эдийн засгийн алуурчид гэдэг нь ядуу буурай орны баялгийг Америк зэрэг томоохон бүлэглэлүүдийн мэдэлд оруулахад туслах үүрэгтэй, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс гэдгийг ч тэр илчилжээ. Тийм хүмүүсийн арга их олон янз байдаг гэнэ. Хахууль өгөх, үгэнд орохгүйг нь эдийн засгаар дарамталж хашраах, алж устгах зэргээр ажиллана.  Перкинс Америкийн АВС телевизд өгсөн ярилцлагадаа, “Бид даалгавраа биелүүлэхийн тулд Олон улсын байгууллагуудад нөлөө үзүүлж байсан. Тэр бүү хэл тухайн улсынхаа төрийн тэргүүний аминд ч халдаж байлаа. 1970 оны сүүлчээр ОПЕК-ийн бүтээгдэхүүнийг тогтвортой байлгахын тулд Саудын Араб манай улсад хүсэлт тавьж, хариуд нь их хэмжээний нефтээр хангадаг байсан юм. Мөн бид тус улсын томоохон бизнесменүүдийн мөнгийг Америкийн банкуудад нуун дарагдуулдаг байсан. Америкийн цөөн хэдэн алуурчид дэлхийн нефтийн үнийг барьж байсан юм шүү дээ. Энэ төлөвлөгөөгөө Иракт хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл Саддам Хуссейн ямар ч арга мэхэнд орохгүй байлаа. Эдийн засгийн алуурчид ийм нөхцөлд дараагийн арга хэмжээгээ авдаг. Улс оронд дотоодын үймээн дэгдээх ч юм уу, эсвэл шууд улс төрийн аллага хийдэг. Саддамын хувьд аминд нь халдах боломжгүй байв. Манайхны хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтсэн. Эцэст нь юу болсныг та бүхэн санаж байгаа байх. Дайн хийж Саддамыг унагасан биз дээ” гэжээ. Тэгвэл Монголд өнөөдөр эдийн засгийн аллага нүүрлэсэн үү. Зарим судлаачид ийм асуултанд “тиймээ” гэж сулхан хариулж байна. Оюу толгойн гэрээг тэд эдийн засгийн алуурчдын заавраар хийгдсэн бүтэлгүй гэрээ хэмээн тайлбарлана. Мөн “Алтан Дорнод Монгол”-ын Паушокын хулгайгаар зөөсөн их хэмжээний алт, татвараас бултсан хэрэг ч үүнтэй хамааралтай ажээ. Түүнийг одоо Монголын хууль хяналтын байгууллагынхан Оросын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт тавиад байна. Энэ мэт жишээ цөөнгүй бий. Бороогийн алтны орд ч бас канад эздийн гараар орж манайд хохиролтой юм болж байгаа. Гэхдээ эдийн засгийн аллагыг саармагжуулж буй гол хүчин зүйл нь Монголын баялгийн төлөө дэлхийн олон улс орон сонирхолоо илэрхийлж, өрсөлдөөнийг бий болгож, манай улстай олон чиглэлээр хамтарч ажиллах болсон явдал болов уу. Иймээс Америк мэтийн улсууд ганцаараа хамаг баялагт маань ноёрхлоо тогтоох боломжгүй нөхцөл үүсч байгаа нь сайн талтай байж магадгүй юм. Гэхдээ олигархижсан улс төрчид улс орныхоо хамаг баялгийг лиценз хэлбэрээр харийнханд өгч, сонгууль болон намынхаа үйл ажиллагааны санхүүжилтыг босгох, өөрсдийн халаасыг зузаалах гэж нойроо хугаслан яваа нь нууц биш гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.    
               
 Уул уурхайн мэдээллийн алба. Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top