Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр засгаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж, УИХ-ын 2009 оны 79, Засгийн газрын 2010 оны 115 тоот тогтоолуудыг гаргажээ. Тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат бүрдээ эрчимтэй явагдаж байна. Дээрх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь Төрийн өмчийн хорооноос Лондонгийн хөрөнгийн биржтэй оны өмнө үзэглэсэн “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ” байсан юм. Саяхан дээрх ерөнхий гэрээг бодит ажил хэрэг болгох нарийвчилсан төлөвлөгөө буюу “Ажлын мастер гэрээ”-нд МХБ болон ЛХБ-ийн талууд гарын үсэг зурав.
Энэхүү шинэ гэрээний хүрээнд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрэх юм. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ. Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх ажээ. Олон улсын санхүүгийн томоохон төвүүдийн нэг, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоосноор олон улсын тавцанд Монголын санхүүгийн зах зээлийн нэр хүнд өсөн, баталгаажих юм. Ийнхүү Лондонгийн хөрөнгийн бирж манайд 14,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт хүргэхээр боллоо. Үүний тулд Монголын хөрөнгийн биржийг юуны өмнө шилдэг боловсон хүчинтэй, шинэлэг технологитой болгохоос ажлаа эхэлж байна. Мөн манайд Лондонгийн биржийн олон улсын менежментийн шилмэл баг ажиллахаар боллоо. Монголчуудын хувьд үнэт цаасны зах зээлийг олон нийтэд ойлгуулан сурталчлах, хүмүүсээ мэргэшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэж, Ази тивээс Хонконг зэрэг орны томоохон хөрөнгийн биржүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах, улам өргөн цар хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болж байна.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )