Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

-МАН-ыг хууль дүрмийн дагуу татан буулгах санал хүргүүлье-

Энэ үг МАН-ынханд тохирох. Тус нам өөрсдийн буруугаас болж УИХ-ын ээлжит сонгуульд ялагдаж, парламентад бүлэг байгуулах эрхээ хасуулчихлаа. Олонхи болсон нам тэдэнтэй зөвшилцлийн ширээний ард суухгүй гэдгээ ч илэрхийлэв. Ийм эрх зүйн орчин ч алга. Нэгэнт УИХ дарга сонгогдсоноос хойш 24 цаг өнгөрсөн бол тухайн улс төрийн хүчин бүлэг байгуулах эрхгүй гэсэн заалт хуульд байдаг юм байна. Дээрх хугацаа дуусахаас өмнө парламентад бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан нам эвсэл хүсэлтээ шинэ даргад өгөх ёстой ажээ. Гэвч МАН-ын гишүүд хүсэлт хүргүүлээгүй өнөөг хүрсэн учир өдгөө парламентад шийдвэр гаргах хэмжээний бүлэг байгуулах эрхгүй болов. Хуулийн хугацаа дууссан тул яаж ч заргалдаад нэмэргүй. Гэхдээ ардын намтангууд сонгогдсон УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөхгүй, бүлэг байгуулах эрх нээлттэй хэвээр үлдсэн хэмээн гомдол мэдүүлсээр буй. Учир нь, тус намынхан анхдугаар чуулганы хуралдаанд оролцоогүй, олонхиос зөвшилцөх бичгээ ирүүлээгүй байсан гэх мэт шалтаг тоочсоор суугаа юм. Мөн дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ч хандаад амжсан. Үүнийг нь цэц хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл ангийн дарга сонгох хуралдаанд бүлэг гэж огт байхгүй. Завсарлага авах ч эрхгүй байдаг. Тиймээс зөвхөн олонхи бүрдсэн тохиолдолд даргаа сонгож, улс төрийн хүчнүүд бүлэг байгуулах эрхээ олж авдаг жамтай. Энэ бүх ажиллагаа аль эрт өндөрлөсөн. Харин МАН-аас нэр дэвшиж олны итгэлийг хүлээн сонгогдсон гишүүд тангараг өргөх чуулганаас бусдад нь огт суугаагүй. Одоо ч чуулганд орохгүй хэмээн зөрүүдэлсээр. Энэ байдлаасаа болж УИХ-д шийдвэр гаргах эрхгүй болчихоод манай намыг гадуурхлаа гэх нь хачирхалтай. Өөрсдөөсөө л шалтгаалж бүх эрхээ хасуулсан. Гэтэл өнөөдөр бусдад тунирхан буруугаа тохох гэж зүтгэсээр буй нь зөв хэрэг үү.

Үүнээс гадна анхдугаар чуулганы хуралдааныг шинэ гишүүдийн хамгийн ахмад нь толгойлох тухай заалт бий. Тэрхүү өндөр настан нь Ардын намын гишүүн. Нас дээр гарсан төрийн түшээ Д.Дэмбэрэл гуайг намынх нь нөхөд хуралдаанд оруулахгүй хэмээн үүрэг буулгаж, төрийн ажлыг гацаанд оруулсан байх. Ингэж хардах нэгэн ч бий. Хэрэв ахмад настан чуулганаа даргалах хувийн шийдвэр гаргачихвал намынх нь удирдлагууд амар тайван суулгахгүй, элдэв ааш, аяг гаргах нь гарцаагүй. Тиймээс бусдын гарын хөдөлгөөнөөр хэлбэлзэх эрхэм түшээ анхдугаар чуулганыг даргалахаас бултан, янз бүрийн шалтаг тоочин хойш суусан биз. Ерөнхийдөө ахмад настай нь даргална гэсэн заалт МАН-ынхны өгөөш болсон. Тэд өндөр настан нь манайд байгаа юм чинь чуулганыг хэдий хэр хугацаанд гацаах нь бидний эрх хэмээн хуулийн заалтыг хөрвүүлсэн байж таараа. Ер нь, тус намын гишүүд өөрийн зоргоор хууль тайлбарладаг болсон гэхэд хилсдэхгүй. Их мэдэгчид дээрх орчуулгыг хийснээс тодорхой хэмжээний эрх эдлэх нь хасагдав. Одоо МАН-ынхан халаглаж, ундуйцан эцэг хуулийн цэцэд ч хандаад нэмэргүй мэт.

Магадгүй эргээд өөрсдөө буруудаж ч болзошгүй. Яагаад гэвэл төрийн зогсолтгүй эргэх механизмд санаатайгаар саад учруулсан. Мөн олон түмний итгэл хүлээж түшээ цол хүртчихээд сонгогчдын хүсч хүлээсэн үгийг парламентад илэрхийлэхгүй, хойш суусан билээ. Энэ нь тэдний хийсэн хамгийн том алдаа.  Ер нь, бусад гишүүн нь үүрэг хариуцлагаа ухамсарлан танхимдаа сууж, даргаа сонгон эрх мэдлээ хэрэгжүүлж байхад зөвхөн МАН-ынхан хойш суух ямар шалтгаан байна вэ. Энэ асуулт өнөөг хүртэл хариу нэхсээр. Тус намынхан зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс дээрх асуултын хариуг өгч буй. Тодруулбал, бид намынхаа Бага хуралд сууж байсан. Ахмад настан даргалах хуультай учир олонхи яарч, хууль зөрчлөө гэх мэтээр өөрсдийгөө хамгаалж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ хэзээ ч ухаарахгүй бололтой. Хуулийн дагуу ахмад нь чуулган даргалах ёстой байсан нь үнэн. Гэхдээ тэр хүн нь намынхныхаа шахалт шаардлагад автаж, хуралдаа ирэхгүй бол яах вэ. Энэ талаар хуульд заасан зүйлгүй, дараагийн ахмад нь хурал даргалж болохгүй гэсэн зүйл ч байдаггүй. Тэгэхээр хуулиар хааж, хориглоогүй бол зөвшөөрнө гэсэн нэг ойлголт бий. Энэ дагуу дараагийн ахмад болох Л.Цог хурал даргалан УИХ-ын даргыг олонхи сонгосон. Магадгүй Д.Дэмбэрэл гишүүн тангараг өргөснөөс хойш чуулганыг тасалдуулсан шигээ ирэхгүй байвал өнөөдөр ч гацаа арилахгүй байсан биз. Хуулиар хориглоогүй зүйл хийснийхээ төлөө бусад улс төрийн хүчнүүд гэмтэн болох учиргүй. Хэрэв үнэхээр хууль журмаа дээдэлдэг байсан бол одоо ч хуралдаа суух шийдвэр гарган, бусдад дарамт учруулахгүй байлаа. Гэтэл ийм зүйл хийхийг хүсэлгүй УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахдаа шахалт үзүүлж Өвөрхангай аймгийн тойргийн асуудлыг шийдүүл, таван тойргийн санал тооллогыг шалга, анхдугаар чуулганаар дарга сонгох асуудлыг дахин хэлэлцүүл гэж байх. Ийм л улс төрийн соёл үзүүлж байна МАН.

Тэдний хийж буй үйлдлийг сонгогч түмэн оюун бодолдоо тунгааж, хууль дүрмийг судлаад татан буулгах хүсэлт хуулийн байгууллагад хүргүүлье.

Захиалгатай нийтлэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top