Хүний гараар могой бариулахдаа гаршсан ах нам гэнэ алдаж, өөрсдийгөө боомилчихлоо. Шуудхан хэлэхэд, хийсэн мэхэндээ өөрсдөө өвдөг шороодсон нь энэ. Хуульд Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэх заалт бий. АН тэргүүтэй бусад улс төрийн хүчин хэлэлцэн УИХ-ын даргаар З.Энхболд гишүүнийг дэмжиж, кноп даран баталчихсан. Энэ үйлдэл нь хуульд харшлахгүй талаар улс төр судлаачид, эрдэмтэн докторууд дуу нэгтэйгээр хэлэх болсон. Энэ дагуу Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хуулийн хугацаанд хуралдаж, бүлгээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн тухайгаа УИХ-ын даргад хэдийнэ өргөн мэдүүлсэн билээ. Гагцхүү ууган улс төрийн хүчин доторх шалбааг, намагтайгаа зууралдаж, их цэвэрлэгээ хийж байгаа нэрийдлээр дээрх арга хэмжээнээс хоцорсон юм. Эцэст нь шалтаг, шалтгаан тоочиж байгаа ч гарах хаалга нэг юм хойно яалтай.
Хэдийгээр Н.Энхболд даргын хэлсэнчлэн сонгуулиар МАН УИХ-д гурван ч бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ч энэ нь зөвхөн сул гишүүдийнх нь тоон үзүүлэлтэд л хамаарах бололтой. Хуульд зааснаар МАН ирэх дөрвөн жил УИХ-д бүлэггүй. Гагцхүү сул гишүүдтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно. Бүлэггүй болсноороо эл нам УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийн үндэслэл, бодлогын талаар тус тусын санал, дүгнэлт гаргах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах, чуулган, байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах, байнгын хорооны бүрэлдэхүүний талаар УИХ-ын даргатай зөвшилцөх эрхгүй болж буй юм. Мөн парламентын үйл ажиллагаатай холбогдсон саналаа УИХ, байнгын хороонд оруулах эрхгүй.
Гэхдээ ууган улс төрийн хүчин өнгөрсөн парламентын сүүлийн хоёр жилийн хугацаанд ч сул гишүүдтэй байсан гэж хэлж болохуйц. 2008 онд МАХН нэрээр УИХ-ын сонгуульд өрсөлдөж, парламентын суудлаараа илүүрхэж байсан тэд замын голд нэрээ сольж, зүсээ хувилгасан юм. Тухайн үед парламентын дугуй танхимд суугаа МАХН-ын гэх тодотголтой гишүүдийг сул гишүүн эвсэл бие даагчид тооцох тухай саналыг тойргийн гаднах улс төрийн намууд төдийгүй судлаачид анхааруулж байсан удаатай. Харин энэ үед МАН хэмээх батлах хэвлэн гишүүддээ өвөртлүүлснээр энэ асуудал намжсан юм. Гэхдээ л МАХН гэх нэрээ авч үлдсэн нь цөөнгүй. Тэр ч бүү хэл, гурван өдөр хаалгаа түгжиж хуралдсан бага хурлын үеэр ч экс Ерөнхийлөгчийн хаяаг бараадах сонирхолтой байгаагаа чамлахааргүй олон гишүүн онцолсон гэх юм билээ. Ямартай ч энэ удаад ууган улс төрийн хүчин ИЗНН-тай адил парламентад бүлэггүй нам боллоо. Шөнө дөлөөр, өвөр түрийндээ хуулийн заалтыг “хулгайлчих”-гүй л бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль ах намынханд ч үйлчлэх учиртай.
Сонгуулийн дараах өдрүүдэд дотооддоо зөр¬чилдөж, Ардчилсан намтай эвсээд ч хамаагүй эрх мэдэл эдлэхийг хүсч, шуналдаа хөтлөгдөж, урдах замаа ч харах сөхөөгүй явсан ах нам нүхэнд өөрөө гүйгээд орчихсон нь энэ. Гэвч өдгөө нөхцөл байдал ийм болсныг ухаарах сөхөөгүй Ардчилсан намыг гуйж, гуядаж, бас ханцуйн дотроо наймаалцаж, Өвөрхангайн хоёрыг тангараг өргүүлэхийг хичээж буй. Санасандаа хүрч л байвал хууль тогтоох дээд байгууллагыг гацаах, улсын ажлыг хойш татах огтхон ч падлийгүй мэт аашилдаг ах намын хууч сэдэрсэний нотолгоо гэлтэй. “Зөвшилцөл үргэлжилж байгаа” гэх үгээр сэтгүүлчдийг төөрөгдүүлэх гэж хичээн, хэлсэн үгэндээ өөрсдөө итгэж, сэрүүн зүүдэлж яваа МАН-ынханд сануулахад зөвлөл байгуулах эрх тань нээлттэй үлдсэн шүү. Иймд ирэх дөрвөн жил бүлэг биш зөвлөл байгуулж, дотроо бугшсан идээгээ шахаж, буруу харсан хатигаа эдгээж суух боллоо. Нэгэнт энэ удаагийн сонгуулиар олонх болсонгүй, цаашлаад бүлэг байгуулах ч эрхгүй боллоо. Энэ бүхэн МАН-ынханд бурхан нэгийг шивнэж буйн илрэл биз.
Сэтгэгдэл ( 0 )