Өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга болон Улсын баатар Э.Бат-Үүл нар Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзаж нийслэлийн Засаг даргын нэрийг өргөн мэдүүлсэн юм.
Ерөнхий сайдтай уулзах үеэрээ НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн Засаг даргыг яаравчлан батламжлахыг хүссэн байна. Хуулийнхаа хүрээнд Ерөнхий сайд өргөн мэдүүлснээс хойш тав хоногийн хугацаанд батлах ёстой юм байна. Ингээд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын албанд нэр мэдүүлээд байгаа Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайд ямар хариу өгөөд байгаа вэ?
-Ерөнхий сайд өргөн барьсан хурлын тогтоолыг хүлээж аваад аль болох богино хугацаанд шийдье гэсэн хариу өглөө. Маш их тулсан ажлууд байна. Одоо ч бас Улаанбаатарынхан бараг бүгд харж байна шүү дээ. Сүүлийн үед Улаанбаатарын ачаалал хүнд байдалд орчихлоо. Сүүлийн хэд хоногт байдал бүр их төвөгтэй болж байна. Дээрээс нь намрын ажил хаяанд ирчихээд байна.
-Нийслэлд эхний ээлжинд яаралтай хийж гүйцэтгэх ямар ажлууд хүлээгдэж байна вэ?
-Одоогийн байдлаар 17 томоохон зам засварын ажил эхлээгүй байж байна. Энэ бол их ноцтой зүйл. Одоо хүртэл хийх ёстой ажлууд эхлээгүй. Хөгжлийн банк, Сангийн яам Хотын захиргаа маш хурдан хоорондоо зохицож энэ ажлуудыг эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Иймэрхүү тулсан тулсан ажлууд байгаа учраас Ерөнхий сайд нөхцөл байдлыг ойлгож томилгоогоо хурдан хийнэ байх гэж бодож байна.
-Одоогийн Ерөнхий сайдаар батлуулах нь хуулиндаа хэрхэн нийцэж байгаа бол?
-Ерөнхий сайд маань бол бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд. Ерөнхий сайдын бүрэн эрх дараагийн сайд томилогдсоноор дуусгавар болдог. Тэгэхлээр шинэ Ерөнхий сайд томилогдоогүй үед Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байгаа. Тэгээд ч бид ажлынхаа нөхцөл байдлыг тооцож асуудлыг хурдан шийдэхгүй бол болохгүй. Ер нь анхдугаар чуулганаас хойш нэр дэвшүүлэхгүй шинэ Засгийн газраа хүлээсээр ийм байдалд хүрчихлээ.
-Таны хувьд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн гол үндсэн асуудлуудаа юу гэж ойлгож байгаа. Мөн хотын даргын хувьд шийдэх, анхаарах ёстой ажлууд байгаа байх?
-Мэдээж хэрэг нэн тэргүүнд ханцуй шамлаад орох асуудал бол хотын хог болон түгжрэлийн асуудал. Өөрөөр хэлбэл хотын амьдралын урсгал үйл ажиллагаа бүхэлдээ гацчихаад байна. Энэ гацааг сонгуулийн үед төлөвлөсөн таван А хөтөлбөрийн дагуу яаралтай гаргах ёстой. Энэ бол зөвхөн сонгуулийн үеийн сонгогчдод зориулсан хөтөлбөр биш бидний дөрвөн жил ажиллах мөрийн хөтөлбөр учир үүнийгээ хэрэгжүүлнэ. Ер нь энэ нийслэлийн засаг захиргааны үйл ажиллагааг олон түмэнд улам ил тод, нээлттэй, авилгагүй, хүнд сурталгүй болгох зэрэг маш том тулгамдсан асуудлууд байж байна. Дээрээс нь хот байгуулалтын асуудалд өмнө нь хаягдаад байсан гэр хороололд амины орон сууцны хорооллыг байгуулах асуудал байна. Энэ бол хот байгуулалт, хот төлөвлөлтөд байнга хаягдаж ирсэн ажил. Одоо бид гэр хорооллоо тохилог амины орон сууцтай хороолол болгох энэ ажилдаа шуударна. Цаг алдахгүй.
-Энэ ажилд орохын тулд бүтэц бүрэлдэхүүн багаа бүрдүүлэх ажил чухал байх. Ер нь бүтцийн өөрчлөлт хэр хийгдэх бол?
-Бүтцийн өөрчлөлт нэлээн дорвитой хийгдэнэ. Бүр нэлээн сайн хийгдэнэ. Бүтцийн өөрчлөлт хийхийн тулд тухайн албан тушаалтанд оноогдож байгаа ажил үүргийн хуваарь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг даргад баахан ажил бүр багцаараа овоорсон байдаг. Хэнтэй яг ямар асуудлыг тодорхой ярих вэ гэдэг нь ч ойлгомжгүй. Ингээд ерөөсөө багц багцаар асуудал авсан дарга нар эцсийн эцэст зүгээр ганц Засаг дарга руугаа ярьж л асуудлаа шийдэхээс өөр аргагүй давхардал маш ихтэй болчихсон. Засаг даргын нэг орлогч бол нэг л тодорхой асуудал барьж авч ажилладаг байх. Жишээ нь гэр хорооллын хөгжил төлөвлөлтийн асуудлыг Засаг дарга л хариуцдаг байх. Би тодорхой хүнтэй л ярья. Жишээ нь замын барилга байгууламжийн асуудал дээр л гэхэд энийг тодорхой л нэг хүн хариуцна. Тэр хүнтэйгээ л ярья. Тэгэхгүй Засаг даргын орлогч дээр баахан ажил овоолчихоод яг үнэндээ ажлын үр дүн нь тодорхойгүй байдгийг болиулах ёстой. Одоо хүн бүр яг нэг тодорхой ажил хариуцаж авна. Ингээд үр дүн тодорхой болно. Хэрвээ үр дүн тодорхойгүй, өгөгдсөн үүрэг даалгавар биелэхгүй бол шууд хариуцлага тооцно. Хэний ч толгойг илэхгүй. Засаг даргын орлогч нар томилогдлоо, дараагийн хүмүүс томилогдоод энэ захиргааны үйл ажиллагаа явахдаа хугацаатай үүрэгтэй ажиллана. Тэр хугацаа хоцрох юм бол өршөөл байхгүй. Шууд л хална, өөрчилнө. Ийм зарчмыг хатуу тогтоох ёстой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )