Увс аймгийн Тэс сумын нутаг Орлогын хөдөө гэдэг газарт малын гоц халдварт боом өвчин гарч, тус сумын засаг даргын захирамжаар энэ сарын 10-нд хөл хорио тогтоогоод байсан билээ. Тус сумын тавдугаар багт зусаж байсан малчин Н наймдугаар сарын 9-нд тодорхой бус шалтгаанаар өвдөж, дуудлага дууджээ. Түүнд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авахад хүн, малын боом өвчний халдвар авсан нь тогтоосон тул сумын эмнэлэгт хүргэж хэвтүүлжээ. Уг халдварыг авсан айлын хотонд хоёр мал тодорхой бус шалтгаанаар үхсэн байжээ. Үхсэн малын сэг зэмд шинжилгээ хийхэд боом өвчний улмаас эрсэдсэн нь тогтоогдсон байна. Одоогоор тус сумд нэмж хүн, мал өвчлөөгүй байгаа бөгөөд халдвар авсан хоёр хүний биеийн байдал сайн байгаа аж. Тиймээс хөл хориог энэ сарын 21-нд цуцалсан байна. Боом өвчин илрэх шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурах, хоол тэжээлдээ дургүй болох, цочролын сэрлийн байдалд ордог. Мөн энэ өвчнөөр үхсэн малын сэг зэм нь хөшилтгүй болох мөн ам, анус зэргээс бүлэгнэлтгүй шингэн гардаг. Энэ өвчин нь байгалын голомтот халдварт өвчинд тооцогддог. Өөрөөр хэлбэл өвчилсөн мал амьтныг нядлах үед биедээ шарх авах эсвэл энэ өвчний халдвартай газар нутагт, газар шорооны ажил хийх үед ил шарх авсан тохиолдолд энэ өвчний халдварыг авна. Ер нь хүн ил шархтай байх юм бол энэ өвчнийг тусах хамгийн том шалтгаан болдог аж. Мөн цөөхөн тохиолдолд амьсгалын замаар хүнд халдварлах тохиолдол байдаг байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )