Үхрийн хорт салст халуурал өвчин Архангайд гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг болон Эрдэнэбулган сумын VI багт үхрийн хорт салст халуурал гэдэг өвчин гарчээ. Одоогийн байдлаар өвчний голомтод 17 үхэр үхсэн байна. Үхсэн малаас сорьц авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлэхэд вирусийг нь хонь тээдэг, хониноос үхэрт халдварладаг өвчин болохыг тогтоосон аж. Тиймээс тус аймгийн Онцгой комисс өнгөрсөн бямба гаригт хуралдан Засаг даргын захирамжаар өвчин гарсан нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга Б.Эрдэнэбат “Аймгийн малын эмч нар болон бусад албаны хүмүүс Цэнхэр, Эрдэнэбулган суманд ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэнтэй холбоо барьж чадахгүй байгаа учраас тодорхой мэдээлэл алга. Энэ өвчин 1980-аадонд Өмнөговь, Өвөрхангай, хамгийн сүүлд Хөвсгөл аймагт 1990 онд гарч байсан гэсэн” гэлээ.

Эл өвчнөөр өвчилсөн үхэр эмчилгээ авдаггүй гэнэ. Түүнчлэн хүнд халдахгүй гэсэн баталгаа байхгүй, ариун цэвэр хорио цээрийн дэглэмийг чанд сахих шаардлагатай аж. Өвчин гарсан газраас мал амьтан гаргахгүй, оруулахгүй, малын гаралтай түүхий эд бэлтгэхгүй, шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй нь тулд эргүүл ажиллуулж эхэлсэн байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top