”Мөрөөдлийн театр”: Амьдрал өөрөө бэлэг

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Намрын налгар өдрүүд үргэлжилж хүмүүст үзэх зүйл олширсоор... Энэхүү үзвэрийн нэг нь өчигдөр нээлтээ хийсэн “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн “Амьдрал өөрөө бэлэг” жүжиг байв. “Тусгаар тогтнолын ордон”-нд болсон тус жүжиг нь 19:00 цагт эхлэх байв. Авьяаслаг залуу уран бүтээлчид нэгдэж энэхүү уран бүтээлийг тоглох болсон тул үзэгчдийн сэтгэлийг улам их татаа биз. Энэ мэт зүйлсийг ажиглах зуур аль хэдийнээ товлосон цаг болж үзэгчид ч тасалбараа хамгаалагчдад шалгуулж оров. Тэгсэн ч тоглолт эхлэлгүй хагас цаг орчим болов. Энэ байдалд үзэгчдийн тэвчээр алдарсан бололтой байн байн алга ташиж жүжигчдийг тайзнаа гарч ирэхийг шамдуулна. Харин жүжигчдийн зарим нь хувцас сольдог өрөөнд нүүр будалтаа хийж байсан бол зарим нь телевизийнхэнд ярилцлага өгөх, дараа дараагийн номерт гарах, хамт олныхоо хувцсыг бэлдэх гээд тус тусын хуваарьт ажлаа хийж байв.

Хамгийн эрэлттэй нь Ааяа

Хувцас сольдог өрөөнд орвол хамгийн их эрэлт хэрэгцээтэй нь жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг байв. Учир нь түүнээс бусад уран бүтээлчид нь “Ааяа эгч ээ миний цамц хаана байгаа бол, нүүр будалт ямар байна, сандраад байх юм яанаа” гэх зэрэг зүйлс асууж шалгаана. Тэр бүрт нь Ааяа “Миний цүнхэнд байгаа" эсвэл "Толины өмнө байсан” мөн нүүр будалтыг нь “Арай нимгэн болж, буруун хацрын чинь тень тод байна” хэмээн өчүүхэн ч цааргалахгүй хариулна.

Харин хамгийн завтай нь Г.Эрхэмбаяр.

Д.Батаагийн хувьд нүүр хувиргагчийн дэргэд очиж толинд өөрийгөө хараад “Миний сахал арай биш ээ. Дахиад нэг тавиад өгөх үү” гэнэ. Ингээд хэсэгхэн хугацааны дараа жүжиг эхэллээ. Бүгд л сандралдан хөшигний ард очиж өөрсдийгөө гарах үеийг хүлээж зогсоно.


Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нарын хүн чанар эрс тэс


Жүжиг эхлэхэд Г.Алтаншагай бусад эмэгтэйчүүдтэй тайзнаа гарч ирэн шөнийн цэнгээний газар бүжиглэж байгаа хэсгээр эхэлнэ. Түүний эхнэр энэ өдөр орон нутаг руу томилолтоор явсан болохоор тэр ийм их эрх чөлөөтэй байгаа юм. Энэ жүжиг тус уран бүтээлчдийн “Нууц амраг” жүжгийн хэсэг. Түүний эхнэрийн дүрд жүжигчин Ш.Алтанцэцэг тоглосон. Тайзан дээр тас тас хөхөрч гарч ирэхэд үзэгчид илүү таашаалтай хүлээн авч шагнал гардаж авах гэж байгаа хүнд баяр хүргэж байгаа аятай алга ташиж байсан. Үүгээрээ тэрбээр ямар сайн уран бүтээлч гэдгээ илтгэж байгаа юм. Тэгээд ч тэрбээр долоон жил тайзнаа гараагүй болохоор үзэгчид түүнийг маш их үгүйлж санасан биз ээ.

Г.Алтаншагайгийн дүрийн дотоод ертөнц нь эхнэрийнхээ эзгүйд бусад эмэгтэйчүүдэд чөлөөт цагаа харамгүй зарцуулдаг хэрнээ ямар нэгэн тулгамдсан асуудал гарвал зөвхөн хар амиа хичээгээд өнгөрөхийг хүсдэг залуугийн дүрийг илтгэнэ. Ямар сайндаа гэртээ нууц амрагтайгаа байж байхад нь эхнэр нь томилолтоор явахаа больж гэртээ ирэхэд сандарсандаа нууц амрагаа өвлийн хүйтэнд нүцгэн шахуу тагтан дээрээ гаргасан. Үнэгүй юманд “нугасгүй” эхнэр нь онгоцны үнэгүй үйлчилгээг хэтрүүлэн хэрэглэж нэлээд халамцсан болохоор нөхрийнхөө сандралыг үл анзаарна. Нөхөр нь ч үе үе тагт руугаа харж эхнэрийгээ яах вэ, нууц амрагаа яах вэ гэдэг болж байв.

Түүний нууц амрагийн дүрд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглосон. Дээрх хэсэг нэлээд хугацааг өнгөрүүлэхэд нууц амраг нь мэдээж осгож үхэх шахна. Бууя гэсэн ч найман давхар байрны тагтан дээр зогсч байгаа болохоор яахан болох билээ. Аргаа барж хоёрхон метрийн зайнд холхих зуур хөрш айлынх нь тагтан дээр амиа хорлох гэж буй залуу харагдана. Энэ бол Г.Эрхэмбаяр. Тэрбээр хоёр удаа амьдралаа сольсон нэгэн. Гэхдээ өөрийнх нь буруу биш ээ. Эхнэрүүд нь нөхрийнхөө багын найзтай учир ургуулж байгаад баригдсанаар ийм хэрэг үүссэн аж. Эрхэмбаяр тагтан дээр осгох гэж байгаа Дөлгөөнийг хараад аварч гэр лүүгээ оруулна.


Г.Эрхэмбаяр ямагт өөрийгөө буруутгаж өрөөлд зөвийг өгдөг нэгэн. Эхнэрүүдээ “Миний хайр халамж дутсан болоод л тэд маань миний араар тавьсан байх. Би хөндий хандаагүй бол миний эхнэрүүд яахан буруу алхам хийх билээ” хэмээн Дөлгөөнтэй сэтгэлээ уудлан ярилцана. Гэхдээ тэр хөгжилтэй үйл явдлыг бичихээс илүү уншигч та үзвэл илүү сонирхолтой тул энд бичсэнгүй. Энэ жүжиг бүхэлдээ нууц амрагтай хүмүүсийн зовлон жаргалыг шоу хэлбэрээр үзүүлснээрээ онцлог. Жүжгийн өрнөл хэсэгт Алтаншагайгийн эхнэр ч нууц амрагтай нь мэдэгдэж улам сонирхолтой болно.

Нэг сумаар хоёр туулай буудав


Жүжиг хоёр үзэгдэлтэй. Дараагийнх нь “Миний хайрт бэр” жүжиг. Үзэгчид үүнийг тоглогдохыг мэдээгүй учраас жинхэнэ сюрприз болж чадлаа.

Хүндэт зочдын хувьд “ТВ коктейль”, “Шинэ үе”, “Маск продакшн”-ы залуу уран бүтээлчид тухласан байв. Мөн тоглолтын төгсгөлд "Монголын кино урлагийн академи"-ийн тэргүүн Б.Цогтбаяр тус театрын уран бүтээлчдэд амжилт хүсч, холбооныхоо зүгээс батламж гардуулсан юм.

Тоглолтын төгсгөлд найруулагч А.Миеэгомботой ярилцлаа.


А.Миеэгомбо: Ж.Оюундарь, Ш.Алтанцэцэг нарыг тоглоно гэхэд би сүрдсэн



-Найруулагч хүн шинэ уран бүтээлээ үзэгчдийн өмнө анх толилуулахдаа юу бодож суудаг бол?

-Миний хувьд өмнө нь “Ийм нэгэн дурлал 1, 2”, “Миний хөрш чөтгөр”, “Амьдралын амт”, “Дэв”, “Сайн, муу, хэрцгий” зэрэг уран сайхны кинонд ажилласан. Харин тайзны уран бүтээлд анх удаа хуруу дүрж байгаа болохоор ахмад найруулагч нараасаа эмээж байлаа. Уг нь би СУИС-ийн тайзны найруулагчаар төгссөн. Тэглээ ч яг тэр чиглэлээрээ ажиллалгүй 10 жил болсон болохоор нэлээд хэцүү байлаа. Гэхдээ “Мөрөөдлийн театр”-ын хамт олон надад итгэл хүлээлгэсэнд баярлаж байна.

-Зохиолууд ОХУ-ын уран бүтээлчийнх. Хэрхэн сонгов?

-Бид ямар сэдэвтэй жүжиг хүмүүст хүрэх бол гэж ярилцаж байгаад энэ хоёрыг сонгосон. Тэгээд ч дэлхийн олон орны хүмүүс олон насны зөрүүтэй хэрнээ хайр дурлалтайгаа учирсан байдаг. Үүнийг бид тэр бүр мэддэггүй болохоор энэ сэдвийг харуулах гэсэн юм. Түүнчлэн нууц амраг мөнхийн сэдэв. Үүнийг яаж ёгтолбол хүмүүст хүрэх вэ гэдгийг харуулах гэсэн юм. Хэрвээ энэ харьцаа даамжирвал хэцүү зүйлд ч хүргэж болохыг сануулахыг хичээсэн.

-Гадаадын зохиолыг Монголчуудынхаа сэтгэхүйн онцлогт тохируулж өөрчилсөн үү?

-Өөрчилсөн бас багасгасан. Би хоёр дахь үзэгдэл буюу “Миний хайрт бэр”-ийн зохиолыг өөрчилж бичсэн.

-Энэ жүжгийг найруулахдаа хэчнээн өдөр зарцуулав?

-Сар болсон. Жүжигчидтэйгээ ажиллахдаа ч мөн адил хугацаа зарцуулсан. Зун бараг амарч чадаагүй гэхэд болно.

-“Мөрөөдлийн театр”-ын хамт олон таныг сонгов уу, та тэднийг сонгож ажиллав уу?

-Би өнгөрсөн жил “Сайн, муу, хэрцгий” нэртэй Монголын анхны 3D кино найруулсан шүү дээ. Тэр үеэс энэ театрынхантай хамтарч ажилладаг болсон. Дашрамд нэмж хэлэхэд энэ жил би дээрх киноныхоо хоёрдугаар хэсгийг хийнэ. Д.Батаад ч нэг дүр бодсон байгаа. Д.Батаа бид хоёр их сургуулийн нэг ангийн оюутан. Мөн “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу Б.Өнөржаргал, Р.Анхням нар ч нэг ангийнхан. Манайхан уран бүтээлдээ сайхан амжилт үзүүлж байгаа.

-Дээрх асуултаа дахиж асууя. Та хариулалгүй өнгөрчихлөө?

-Өө тийм. Баярласандаа мартчихсан байна. “Мөрөөдлийн театр”-ынхан намайг урьсан. Тэд надад “Холливүүдын уран бүтээлчид тайз, дэлгэцийн бүтээлд ажиллаад л байх юм. Чи яагаад тэгж болохгүй гэж. Юугаараа дутдаг юм” гэж хэлсэн. Тэгээд л би ажиллах болсон доо. Анх удаа тайзны бүтээлд ажиллаж байгаа болохоо надад сурах зүйл их байна.

-Дүрүүдээ хэрхэн сонгов?

-Энэ театрынхан “Ийм ийм жүжигчдийг тоглуулвал ямар вэ” гэж надад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Ш.Алтанцэцэг нарыг нэрлэсэн. Би тэр үед их сүрдсэн. Тэд олон жилийн туршлагатай хүмүүс болохоор би тэдэнтэй хэрхэн ажиллахаа л бодож байлаа. Гэхдээ тэдэнтэй ажиллахад сайхан байна. Тэд маш их мэдрэмжтэй санагдсан. Бараг надаар хэлүүлэлтгүй дүрээ аваад явчихсан.

-Хүндэт зочдоор бусад продакшны залуу уран бүтээлчид ирсэн байгаа харагдлаа. Тэд та нарт бас зөвлөгөө өгнө биз?

-Өгөлгүй яахав. Бид хэн хэнийхээ уран бүтээлийг байнга үзэж санал бодлоо солилцдог. Алдааг маань хэлснээр дараа дараагийн тоглолтдоо тусгавал тэс өөр болно.

-Тэгвэл та нар тухтай жүжиг үзэж чаддаггүй юм байна даа?

-Тийм. Дөнгөж сая л гэхэд би тайзны хамгийн урд талд, дууны найруулагчийн дэргэд сууж үзлээ. Эд нар маань инээдэг хэсэгтээ инээхгүй болохоор нь дотор пал гээд л явчихсан. Харин үзэгчид алга ташаад инээлдэхээр нь түгших шаардлагагүй байсан юм байна гэж бодсон. Энэ мэтчилэн байнга санаа зовниостой байдаг.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.22.54) 2016 оны 11 сарын 03

sgetbsihuh

0  |  0
(202.126.90.58) 2014 оны 03 сарын 20

мөрөөдлийн театрын хамт олонд амжилт хүсье. Танай хамт олон цоглог шүү би танай уран бүтээл амьдрал өөрөө бэлэг жүжгийг 2 удаа үзсэн. эхнийх нь бүтэн тоглолтоос, дараагийнх нь 3 жилийн ойн баяраар тоглосон шилдэгийн шилдэг тоглолтоос үзсэн. Аргагүй л залуу халуун уран бүтээлчид нь харагдаж байна лээ. Залуу насны эрч хүчээр дахин дахин шинэ уран бүтээлийг буцалгаад байгаарай гэж хүсье.

0  |  0
Top