Таван Толгойн зам хаагдаж, 300 тэрбум төгрөгийн машин хог дээр үсэрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Авто тээврийн хэрэгслийн хяналт шалгалтын хэлтсээс өчигдөр Таван толгойн ордоос нүүрс тээвэрлэж байгаа том оврын машин, мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг том оврын автобусанд шалгалт хийсэн тухайгаа мэдэгдлээ. Өмнөговь аймгийн Ухаа худагийн замд сүүлийн үед осол аваар гарах нь ихэссэн гэж тэд мэдэгдэв. Тухайлбал, өнгөрсөн онд 23 хүн амь насаа алдсан байна. Үүний гурав нь хятад иргэн байсан аж. Харин энэ онд одоогийн байдлаар 12 зам тээврийн осол гарчээ. Үүний улмаас гурван иргэн нас барсан. Энэ бүхэн стандартын дагуу зам тавигдаж дуусаагүйтэй холбоотой гэв. Мөн нүүрс тээвэрлэдэг машин нь шаардлага хангахгүйн улмаас осол гарах нь буурдаггүй байна. Монголын нөхцөлд 44 тонныг даах, автозамын ISO 4598 стандарт бүхий зам ашиглагддаг гэнэ. Хүнд даацын автомашинууд стандартын дагуу гэгдэх 44 тонноос хэтэрсэн учраас зам эвдэрсээр байгаа аж. Ухаа худагийн уурхайгаас Цагаан хад хүртэл өдөрт 350-400 хүнд даацын автомашин нүүрс зөөдөг байна. Тэнд нийтдээ 3000 гаруй хүнд даацын машин нүүрс тээвэрлэж байгаа ажээ. Мөн Ухаа худагаас нүүрс тээвэрлэж Гашуун сухайт хүрэх автомашины зам нь эвдрэлтэй байгаа тул Оюу толгойн замаар явж, зам засварын ажилд нь саад учруулдаг хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тээвэрлэлт хийж буй жолооч нар замыг олон салаа болгож буй нь байгальд сөргөөр нөлөөлж байгаа аж. Тиймээс Таван толгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх замыг түр хугацаагаар хаахаар болсон байна. Өнөөдрөөс энэ шийдвэр хэрэгжиж эхлэх юм. Нийт 250 км үзргэлжлэх энэ замыг гурван сарын хугацаанд засаж дуусах боломжтой. Энэ хугацаанд хилийн наана байгаа Цагаан хад тосгоны нүүрсний талбайд хуримтлагдсан нүүрсийг Хятадын Ганц мод руу Гашуун сухайтын хилийн боомтоор нүүрс зөөх болно хэмээн Тээврийн газрынхан мэдэгдэв. Хэдийгээр албаны хүмүүсийн ярианд зөрчил дутагдлын тал дээр үнэний хувь байгаа ч холын тээвэр эрхэлж байгаа 50 компанийн үйл ажиллагааг нэгэн зэрэг зогсоосон явдал нь Таван толгой ХК, Энержи ресурс ХХК-ийн нүүрсний экспортыг тасалдуулж,  улсад төвлөрөх татварын болон бусад орлогыг бууруулах төдийгүй, тээврийн компаниудад их хэмжээний алдагдал үүсгэх нөхцөл байдлыг үүсгэжээ. Тиймээс тодорхой тооны зөрчил дутагдал гаргаагүй, сайн ажиллаж байгаа тээврийн компаниудын үйл ажиллагааг зам засах үйл ажиллагаанаас хамааралгүйгээр эргэн харах шаардлага болжээ. Хэрвээ зам засварын ажлыг хийж дуустал гурван сарын турш хүлээнэ гэвэл 3000 орчим хүнд даацын машиныг хог дээр хаясантай ялгаагүй болоод байна. Ер нь осол аваар мэтийн хариуцлагагүй зүйлс тухайн компанийн удирдлага, менежменттэй шууд холбоотой гэдэг нь ажиглагдаж байгаа ажээ. Тиймээс Таван толгойд тээвэр хийж байгаа тодорхой компаниуд Авто тээврийн газарт хүсэлт гаргахаар болоод байна.

Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top