Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас Орхон гол ихээр бохирдсон хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст бүтэн жил гаруй шалгасан. Уг хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн долоо хоногт дуусчээ. УМБГхуулийн хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад шүүхэд шилжүүлэх, мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.
“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50-иад компани ажиллах эрх авсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон аж.
Харин “Алтан дорнод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагджээ. Дээрх хоёр компанийн эрх бүхий албан тушаалтан нийлсэн 35 хүнийг яллагдагчаар татан, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Цагдаа, прокурорын байгууллагаас уг хэрэгт холбогдуулж, “Алтан дорнод Монгол” компанийн захирал Ч.Бямбааг удаа дараа дуудсан ч ирээгүй гэм мэдээлэл байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )