Хуучнаар аймгийн төв номын сан, одоогоор Улсын бүртгэлийн хэлтэс түрээсээр байрлаж буй барилга хэзээ хэзээгүй нурж унахад хүрээд байна. Уг барилга 1960 оноос өдгөө 50 гаруй жил ашиглагдсан барилга юм. Энэ барилга орон нутгийн өмчийн мэдэлд байдаг тухай эх сурвалж мэдээлж байна. Эл барилгад үйл ажиллагаа явуулах нь бүү хэл, ажиллах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт ч гарсан. Гэтэл жирийн үед ч хөл ихтэй байдаг иргэний бүртгэлийнхэн “Иргэний шинэчилсэн бүртгэл”-ийн ажил эхэлснээс хойш асар их ачаалалтай ажиллах болсон. Олны хөлийн энэхүү албан байгууллага хэзээ язаагүй нурах дөхсөн байшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь зүйд хэр нийцтэй вэ. Мөн барилга цэвэр, бохир усны байгууламжид холбогдоогүй учир тэнд ажиллаж буй Улсын бүртгэлийн хэлтсийнхэн ойр хавийн танил тал, айл өрх, цэцэрлэг, сургуулийг царайчлан “давсгаа суллаж” хүндхэн нөхцөлд ажилладаг аж. Хаяа хатавч, хана туургаараа нуралт, суулт өгч буй энэ барилгын сарын түрээс 300 шахам мянган төгрөгийг Улсын бүртгэлийн хэлтэс төлдөг гэнэ. Уг нь тус хэлтсийн шинэ барилгыг барих 600 гаруй сая төгрөгийн төсөл батлагдсан боловч одоо болтол тендер нь зарлагдаагүй байна. Гэтэл өнөө жилд зарлагдах бүх тендерийг дөрөвдүгээр сарын 25-ны дотор зарлаж дуусгах учиртай тухай эх сурвалжийн мэдээлэл ч байгаа юм. магадгүй ингэж мунгинасаар байгаад Улсын бүртгэлийн хэлтсийн шинэ барилгын асуудал ирэх жилийн нүүр үзэж ч болзошгүй байна даа.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )