Монгол Улсын гавьяат жүжигчин, Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Оросын алдарт “Мариинский” театрын гоцлол дуучин болжээ. Монголын дууны, дуурийн урлагийн түвшин Мариинск хавьцаа буюу дэлхийн энд явааг тэрбээр дахин нотоллоо.
Өнгөрсөн зургадугаар сард болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны Гран при шагналтан болсон тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тэрбээр завгүй байлаа. Уралдааны цуурай алсраагүй байх ахуйд хэд хэдэн томоохон тоглолтын ард гарсан. Кремлийн концертын их танхимд ч дуулсан. Өдгөө тэрбээр хойд Осетийн Владикавказ хотод тоглолтоор очоод байна. Энэ бол Мариинский театрын ерөнхий захирал бөгөөд уран сайхны удирдагч Валерий Гергиевийн нутаг. Хэдийгээр тэрбээр 1952 онд Москвад төрсөн ч осети эцэг эхийн уугуул, хуучнаар Орджоникидзе, одоогийн Владикавказ хотод өсч, сурч хүмүүжин, Хөгжмийн коллежид нь төгөлдөр хуурч мэргэжил эзэмшиж, удирдаачийн мэргэжлийн гараагаа тавьсан төрөлх эх орон нь.
П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гол “ноёнтон” тэрбээр төрсөн нутагтаа маш их хайртай. Түүнийхээ илэрхийлэл болгож дэлхийн дуурийн оддын тоглолтыг нутагтаа зохион байгуулж төрөлх хотоо алдаршуулдаг нэгэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ариунбаатартаа амжилт хүсье.