Б.Борхүү: ”Монгол тулгатны зуун эрхэм” гэх ийм сайхан нэвтрүүлгийг хийж байсан хүмүүс эвтэй, жаахан зангарагтай байх ёстой

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 04

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг алдагдсанаас үүдэлтэй дуулиан олны анхаарлыг татаад байгаа. “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар энэхүү хэрэг явдлыг том бүлэглэлтэй холбон тайлбарлаж байгаа бол тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин Б.Баатарыг тараасан гэж хардаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ шуугиантай холбогдуулан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Борхүүг "Ардын эрх" сонин "Онцлох зочин"-оороо урьж ярилцлаа.

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн талаар өрнөөд буй шуугианд та хамгийн бодитой тайлбар өгч чадах хүн. Яг юу болоод байгаа юм бэ?
-Сүүлийн үед янз бүрийн асуудал гарлаа л даа. Гэхдээ тэр янз бүрийн шуугиан дуулианаас илүү намайг эмзэглүүлж байгаа нэг зүйл бий. Энэ нэвтрүүлгийг хийж байсан хүмүүс маань талцаж хуваагдаж, бүтээл рүүгээ эргээд хар шороо цацаж байгаад эмзэглэж байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол Монголын ард түмэнд их өндрөөр үнэлэгдсэн, олонд хүрч чадсан нэвтрүүлэг. Би хувийн ажлаас болж нэвтрүүлгээс жаахан хөндийрсөн. Гэхдээ нэвтрүүлэг бий болоход гар бие оролцсон хүний хувьд сэтгэл зовж, үг хэлэх хүн нь би л дээ. Сайн, муу яригдаж байж ажил явдаг байхгүй юу. Түүнээс дандаа сайхан инээгээд, дал мөрөө алгадалцаад явна гэж юу байхав. Миний багшийн хэлж байсан үг бий. “Хэрүүлтэй уруултай л байвал та нарын ажил явж байгаа юм байна” гэж бодоод би дуугүй гараад явчихдаг аа гэж. Түүнтэй адил ажлын явц дунд хэрүүл уруул, янз бүрийн юм гарна. Үүнийг нэг бүрчлэн тоочих шаардлагагүй байх. Гэхдээ энэ уран бүтээл яаж бий болж, ямар ямар саад бэрхшээлийг даван туулж өдий хүрснийг ганц хэлэх, мэдэх хүн нь би.  

-Та анх яаж энэ нэвтрүүлэгтэй холбогдож байсан юм бэ. Нэвтрүүлгийг санаачилсан гэдэг дээр маш олон хүний нэр дуулддаг, маргалддаг юм билээ?

-Ийм нэвтрүүлэг хамтарч хийе гэсэн санаачлагыг Б.Баатар найруулагч анх гаргаж байсан. Ингээд ямар хөтлөгч байх вэ, ямар хүмүүсийг урьж оролцуулах вэ, ямар тайзтай байх вэ гээд бүх зүйлийг эхнээс нь ярилцаад шийдээд явсан. Тэр л зарчмаар Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Анужин хоёроор хөтлүүлэх шийдэл гарсан. “Монгол тулгатны зуун эрхэм” гэх нэрийг Б.Лхагвасүрэн гуай өгч байсан. П.Анужин ярилцлагадаа анх үүсгэсэн хүн нь би гэх шахуу юм хэлсэн байна билээ. Ямарваа нэг зүйл хийхэд оролцсон, тус нэмэр болсон байж болно. Гэхдээ үүнийгээ үнэ хүргэж, би санаачлаад хийсэн гэж хамт олон, уран бүтээлч, найруулагчаа хэтэрхий үгүйсгэх нь буруу. Би ерөөсөө ойлгохгүй байгаа.
-Нэвтрүүлэг дээрээ санаачлагч П.Анужин гэж байдаг шиг санаж байна? 
-Нэвтрүүлэг дээр санаачлагч нь П.Анужин гэж явдаг л даа. Тэд хоорондоо яриад тохирсон юм байдаг юм болов уу. Б.Баатар найруулагч эмэгтэй хүнийх нь талд дэмжье гэсэн бодол байсан байх. Анхандаа П.Анужин өөрөө хөтөлж чадах болов уу гэж хүртэл эргэлзэж байхад нь “Чи чадна аа” гээд л ятгаад дэмжээд оруулсан. Тэр утгаараа П.Анужинг санаачлагч гээд тавьчихсан юм болов уу л гэж хардаг. Гэхдээ санаачлагч гэх талаас нь П.Анужинг би хүлээн зөвшөөрдөггүй. Баатар ч мэднэ. Яахав, монголчууд нэгнийгээ нэг юм хийчихээр дэмжээд явахын оронд энэ минийх гээд өмчилж авах гэдэг муухай юм байдаг. 
-Тэгвэл яг анх санаачилсан хүн нь хэн юм бэ?
-Мөнхжаргал гэж хүн байдаг юм. Ийм нэвтрүүлэг байвал зүгээр юм уу гэж ярьж санаачлага гаргасан хүн нь гэсэн үг л дээ. Харин ийм санааг улам хөгжүүлж, ажил хэрэг болгосон нь Б.Баатар бид хэд.  Миний санаа ч гэсэн орсон. Орост байдаг нэвтрүүлэгтэй төстэй зарим зүйлийг тусгасан юмууд зөндөө бий. Гэхдээ хэн санаачилсан нь чухал биш. Монголын ард түмэнд үлдэх нэг ийм сайхан нэвтрүүлэг бий болсон нь л чухал.

-Нэвтрүүлгийн хар бичлэг алдагдсан, тараасан, П.Анужин, Б.Баатар хоёр муудсан гээд л гадуур их л шуугиж байна. Та хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Дүрс алдагдсаныг цагдаагийн байгууллагад өгөөд шалгуулж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй нөхцөлд бие бие рүүгээ дайрч гүтгэх нь өрөөсгөл. Энэ нэвтрүүлэг их олон хүний хамтын ажил. Гэтэл тэр хамтын ажлаа нэг нь ингэж элдэв бусаар хэлж, сүйтгээд байж болохгүй л дээ. П.Анужин найруулагч Б.Баатарыг зориуд энэ бүхнийг тарааж байна гэж яриад яваа юм билээ. Би Анужинг сайн мэднэ. Хамт ажиллаж, жаргал зовлонгоо адилхан хуваалцаж байсан. Гэхдээ уран бүтээлчид, хамт олноо бодож ярьж хэлвэл зүгээр юм уу гэж бодоод байгаа. Анужин гэдэг хүнийг муу хүн гэж хэлэхгүй. Ухаантай, сайн эмэгтэй. Гэхдээ нэвтрүүлгийнхээ цаад утгыг бодсон ч тэр, өөрийн нэрээ бодсон ч тэр хийсэн ажил руугаа нулимах нь буруу.  Ингэснээрээ нэр нь муудчих вий дээ гэж бодох юм.
-Гэхдээ тэр мэдээллийн эх сурвалж нь П.Анужин өөрөө. Яагаад ингэх болсон гэж бодож байна?
-Их танигдаад ирэхээр хүнд янз бүрийн зан суудаг болтой юм. Биеэ тоосон ч юм уу, эсвэл их өндөр зиндаатай, амбицтай болсон ч юм уу. Сүүлдээ нэвтрүүлэгтээ ирж ордоггүй, зочин ирчихээд байхад хүлээлгэдэг, гуйлгадаг болсон доо. Ийм байдлаас болж хүндрэл гарч эхэлсэн. Нэвтрүүлэг ганц Анужин, эсвэл Баатараас болж зогсох ёсгүй биз дээ. Хөтлөгч нь, найруулагч нь хэн байхаас хамаарахгүйгээр энэ нэвтрүүлэг үргэлжлэх ёстой. Амьдрах ёстой. Гэтэл Анужин ирэхгүй, ямар нэгэн байдлаар алга болдог болсон.
-Тэгээд хөтлүүлэхээ больчихсон юм уу?
-Болиулсан юм ерөөсөө байхгүй. Бид одоо хүртэл гуйдаг. Ирдэггүй байхгүй юу. Тэгтэл бид зочноо урьчихсан байдаг. Хөтлөгч нь ирэхгүй. Ийм нөхцөлд яах уу. 
-Нэвтрүүлгээ яаж ийгээд л хийх болох байх?
-Яг тийм. Хийх л ёстой. Би өөрөө хувиараа, өөрөө машинаар гуйгаад гуйж царайчилж авчирч байсан. Хэд хэдэн удаа шүү. Өмнөөс “Ийм ажилтай, тийм ажилтай, урьдчилж хэлдэггүй” гэдэг л дээ. Гэхдээ зочноо бид хүндэтгэхээс аргагүй. 

-Ер нь бол албан ёсоор гаргачихсан ч юм уу, болиулчихсан юм байхгүй юм байна, тийм үү?
-Байхгүй л байгаа шд. Хүнийг бас хэтэрхий аргадаад, гуйгаад байхаар тийм ихэрхүү болчихдог юм уу, мэдэхгүй. Анх ямар хэцүү нөхцөлд энэ нэвтрүүлгийг гаргах гэж зовж байлаа гэдгийг Анужин, Баатар бид гурав маш сайн мэднэ. Мэдэхийн ихээр мэднэ. Тийм байж ямар учраас бие биенээ хорлох гэж байгаа юм шиг ийм юм яриад явдгийг ойлгохгүй байна. Оюутолгойтой холбоотой бэлтгэж байсан нэвтрүүлэг зөвшөөрөлгүй алдаж цацлаа л гэнэ. Гэтэл жилийн өмнө хийгдсэн нэвтрүүлгийн сая харсан мэтээр хүмүүст буруу ойлголт төрүүлж яриад байх юм. 
-Бичлэг алдагдсан тухайд Анужин бол хардлагаа тодорхой эзэн зааж яриад байгаа. Энэ талаар?
-Баатарыг хардаад байгаа байхгүй юу, наадах чинь. Яагаад гэвэл, Баатар, Анужин хоёрын хооронд ямар нэгэн хагарал үүсчихээд байгаа байхгүй юу.
-Ямар?
-Нэвтрүүлэгт оролцуулахгүй байна, гуйж царайчлахгүй байна гэдгээс болж л гүтгэлэг явуулаад байгаа хэрэг. Б.Баатарыг бичлэгээ зарж байхыг П.Анужин харчихсан юм уу. Үүнийг би асуумаар байна. 

-Та хагарал бодитой байгаа гэлээ. Тийм бол нэг нь нэгийгээ чадахын тулд ингэсэн байх боломжтой юм биш үү?

-Хардах эрхтэй байх л даа. Гэхдээ хоёр гаргалгаагаар би Б.Баатар найруулагч өөрөө бичлэгээ тараасан байх боломжгүй гэж бодож байна. Нэгд, хэрвээ Баатар бичлэгээ хэн нэгэнд цацуулахаар өгөх байсан бол зүгээр өгөөд л явуулчихна биз дээ. Тийм эрхтэй хүн нь шүү дээ. Заавал цагдаа шүүхээр асуугдаад явах хэрэг энэ хүнд байх уу. Хоёрт олон жил хөлсөө гоожуулан байж босгосон “Херо энтертайнмент” гэх студийнхээ нэр хүндийг ингэж эрсдэлд оруулах уу. Өөрийнхөө юмыг өөрөө балладаг тийм юм байхгүй л байхгүй юу. Ийм хоёр шалтгаанаар би үгүй гэдгийг баттай хэлж чадах байна. Хэргийг шалгуулахаар холбогдох газарт нь удаа дараа хүсэлт өгсөн. Гэтэл энэ бичлэгийг танай бичлэг гэж нотлох аргагүй гэсэн хариу өгсөн. Энэ нь холбогдох байгууллага нь хэрэгтнийг илрүүлэх сонирхолгүй байна уу даа гэсэн бодол бас төрүүлээд байгаа.
-Таны хувьд дотроо хардаж байгаа ямар нэг сэжиг, таамаг бий юу?
-Би хараагүй юм чинь хэнийг гэх юм бэ. Дотроосоо алдсан л гээд байгаа. Бид өдөржин шөнөжин сууж ярьсан. Авсан гэх сэжигтэй хэн ч гарч ирээгүй. Авсан хүн нь гарч ирээгүй байхад тэр нь авсан гэх хэцүү биз дээ. 

-Б.Баатар болохоор үүний цаана том бүлэглэл байгаа гэж хардаад байгаа. Яг ямар учиртай бүлэглэлийн тухай ярьсан юм бол?



 -Тэр чинь бүлэглэл байгаа шдээ. Бүлэглэл нь хэн байх уу. Энэ бичлэгийг аваад гаргачихсаныг Баатар ч өөрөө мэдэхгүй байна. Манайхаас яаж авсан байх вэ. Магадгүй манайхны хэн нэгэнд нь захиалж аваад, монтажилж янзлаад, олон нийтэд цацаж тарааж байна гэдэг чинь бүлэглэлийн л хийх ажил байгаа биз дээ. Хэн нэг хувь хүн үүнийг хийж чадахгүй. 
-Тэгвэл тэдний зорилго юу байх гэж. Б.Баатарыг мохоох уу, П.Анужинг муучлах уу, эсвэл энэ төслийг зогсоох уу?
-Энэ хийж байгаа сайхан уран бүтээлийг няцаах гэсэн санаа байж болно. Эсвэл Баатарын яриад байгаа шиг бүлэглэл гэдэг нь улс төрийн зорилготой байж болно. Гэхдээ бид ямар зорилготой ямар бүлэглэл гэдгийг мэдэх юм алга. Гэхдээ очиж очиж Н.Энхбаярын бичлэг, яг асуудал дэгдээгээд байгаа Оюутолгойн талаарх бичлэг цацагдсан нь бас сонин. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол, зорилго байна уу л гэж хардахад хүргээд байгаа юм. Гэхдээ энэ бол ердөө л хардалт. Яг тэгсэн, ингэсэн гэж батлах юу ч алга.  
-Юутай ч П.Анужин дахиж хөтлөхгүй болж таарч байх шиг байна, тийм үү?
-Аливаа юм өөрчлөгдөөд, хөгжөөд л явна шүү дээ. Хэрэгцээтэй гээд өөрөө хөтлөнө гэвэл хөтлөөд л явна. Одоо бичигдчихсэн байгаа зөндөө дүрс бий. Жишээ нь, Буриадын барималч, төрийн шагналт Д.Намдаковын тухай нэвтрүүлэгт П.Анужингийн дүрс орчихсон байгаа. Гэтэл миний юм гээд гаргаж болохгүй гэх нь л дээ. Тэгж болохгүй шүү дээ. “Монгол тулгатны зуун эрхэм” бол Анужингийн хувийн юм биш шүү дээ. Эцсийн эцэст би ганц юм хэлчие. Энэ нэвтрүүлэг П.Анужин гэж хүнийг гаргаж ирсэн шүү. Түүнийг Монголын ард түмэнд таниулсан нэвтрүүлэг болсон шүү. Энэ бол “Херо энтертайнмент”-ын гавьяа. Бүр нарийн ярьвал Б.Баатарын ач гавьяа. 
-Гарцаагүй нэг юм таниас асуухаас аргагүй нь. Б.Баатар П.Анужинг эхнээс нь бүх талаар дэмжиж байсан гэж та хэллээ. Энэ дэмжлэгийн цаана тэд хоорондоо дотно харилцаатай байсан тухай яриа байдаг. Та ойр байсан хүний хувьд үүнд тодорхой хариулт өгч чадах уу?
-Надаас хүн болгон их асуудаг байсан. “Анужин тэр хоёр нэг гэрт орчихсон юм уу, хоорондоо суучихсан юм уу” гээд. Гэтэл би нэг оронд байхыг нь би хараагүй. Миний нүдэнд нэг удаа тэврэлдээд явж байхыг нь үзээгүй. Тиймээс би нүдээр хараагүй зүйлээ баталж, эсвэл няцааж чадахгүй. Харин тэр нь ингэж байсан, энэ нь ингэж байсан гэж жижиг юм ярьмааргүй байна. Гэхдээ хийж байсан нэвтрүүлгээ, хамт олноо хүндэтгэж явах ёстой л гэж боддог. Дотроо ярих яриа гэж байна. Тэгэхгүй гадагш нь цацах хэрэг байхгүй. Бие биедээ хонзон санаж байгаа юм шиг ингэж хоорондын харилцаандаа үүссэн зөрчлийг нийгэмд цацаж болохгүй. Дэлхий бөөрөнхий. Хэзээ нэг цагт энэ хоёр хүн уулзах өдөр ирнэ. Нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө Анужин гэдэг нэрийг монголчууд анх мэддэг байсан юм уу. Нэр усыг нь таниулах, Монголд ийм сайхан ухаалаг эмэгтэй байдаг юм гэдгийг нээхэд энэ нэвтрүүлэг маш их ач тусаа өгсөн байх аа гэж боддог. Тиймээс ийм зүйл рүүгээ битгий нулимаач л гэх байна.
-Сүүлийн хоёр нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга хөтөлсөн нь хүмүүст их сонин байлаа. Энэ хүн анхнаасаа нэвтрүүлэгт ямар нэгэн оролцоотой байсан уу?
-Баттулга ямар ч холбоогүй. 
-Одоо ч уу?
-Одоо ч гэсэн хамаа байхгүй. Х.Баттулга сүүлд хөтлөгчийн хувиар л холбогдож орж ирсэн. Энэ бас дахиад Анужинтай холбоотой. “Монгол тулгатны зуун эрхэм” гэдэг брэндийн хоёр хөтлөгчийн нэг нь байхгүй болсон. Ингээд өөр хөтлөгч оруулах шаардлагатай болсон. 

-Яагаад заавал Х.Баттулгыг хөтлөгчөөр сонгох болсон юм бол гэдгийг л хүмүүс их сонирхож байгаа?
-Ганц Х.Баттулга биш, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай бас хөтлөлт хийсэн шүү дээ. Монголчууд дандаа өрөөсгөл тал руу нь юмыг мушгиж тайлбарладгийн жишээ л дээ. Н.Жанцанноров гэж ярихгүй байгаа биз дээ. Х.Баттулга л яагаад хөтөлчихөв гээд байдаг. Гэтэл бид нэвтрүүлгийг хүнд хүрэх талаас нь толгойгоо гашилгадаг улс. Тэр утгаараа энгийн хүн гаргаад хөтлүүлж болохгүй шүү дээ. Сүүлийн хоёр дугаарын зочин Өвөрмонголын алдарт жүжигчин Г.Баасанжав, Боржигон Гэрэлт гуай хоёр байсан учраас Монгол Хятадын соёлын харилцах нийгэмлэгийн даргын хувиар Жанцанноров гуайг оруулж ирсэн. Энэ бол хоёр улсын хоорондын харилцааны асуудлыг хүндэтгэсэн шийдэл байсан. Х.Баттулгын хувьд бид хамтарч ажиллаж байсан учраас ойр. Түүнээс гадна үндэсний юмаа их ярьдаг, хийдэг, дэмждэг хүн. Харин Б.Лхагвасүрэн гуай хөтлөлтөө зангидаж явдаг. П.Анужинг хөтөлдөг байхад ч эхлэл, төгсгөл дандаа Б.Лхагвасүрэнгээр явдаг байсан. Энэ нь санамсаргүй шийдэл бас биш юм шүү. 

-Х.Баттулга “Монгол тулгатны зуун эрхэм” юм уу, “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг захиалж хийлгэлээ л гэдэг яриа их гардаг шүү дээ?

-Энэ сайхан нэвтрүүлгийн талаар хар шороо цацаж байх дэмий л юм даа. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хэн ч захиалж хийлгэх боломжгүй. Хэнийг оруулахыг ганц би, эсвэл Б.Баатар ганцаараа шийддэггүй юм. “Зуун чухал сэдэв” бол Монгол орноо хөгжүүлье л гэсэн санаа. Анх Малайз, Хонгконгод явж байхад усан дээр газар бий болгоод, байшин барьчихсан байгааг хараад, Монгол Улсаа яагаад үүн шиг хөгжүүлж болдоггүй юм бэ гэсэн санаа гаргахын тулд эхэлсэн. Сингапур гэж улс ямар ч эд баялаг байхгүй байж яагаад ингэж хөгжив, бидэнд ийм боломж байгаа юу гэдгийг мэдэн таниулахын тулд энэ нэвтрүүлгийг хийдэг. Түүнээс Х.Баттулгыг рекламдах гээд, Х.Баттулгыг ярих гэсэн нэвтрүүлэг биш. Нэг хүний PR болдог тийм нэвтрүүлэг бол биш. Гэхдээ зууны 90 хувь нь зөв талаас нь хүлээж авдаг байх гэж найддаг.

-Хөтлөгч нь больсон учраас “Монгол тулгатны зуун эрхэм” гэх энэ төсөл ингэсгээд зогсох байх гэж харах хүмүүс байгаа. Энэ нэвтрүүлэг тэгэхээр цаашаа үргэлжилж хийгдэх үү?
-Энэ нэвтрүүлгийг эвтэй найртай, аятайхан аваад явбал Б.Лхагвасүрэн, Б.Баатар, П.Анужин, Б.Борхүү нараар дуусах учиртай эд биш шүү дээ. Эд мөнхийн юм биш ээ. Харин нэвтрүүлэг бол мөнхийн байх ёстой.
-Таныг дуучин Б.Амархүүгийн аав гэдгийг монголчууд мэднэ. Тэр утгаараа энэ нэвтрүүлэгт хүүгээ оруулах санаа байдаг уу?
-Бид уул босгож байгаа гэж боддог. Чулуу бүхнийг нэг нэгээр нь болгоомжтой зөөх ёстой. Тэгэхгүй бол уулын оройд хүргээгүй байхдаа алдчихвал чулуу буцаад өнхөрчихдөг байхгүй юу. Тиймээс их нандин, их болгоомжтой өгсөх хэрэгтэй. Миний хүү Монголын соёл урлагийг ОХУ-д өндөрт гаргасаан. Гэхдээ Борхүү найруулагч энэ нэвтрүүлгийг хийлцдэг болохоор хүүгээ мундаг гээд оруулчихаж гээд л ярина шүү дээ. Ингэж ярьвал нэвтрүүлгийн маань нандин байдал сэвтэнэ. Тиймд нэвтрүүлгээ бодож, Баатар, Анужин, Лхагвасүрэн гуай, бусад хамт олноо бодож ажиллах ёстой юм. Тиймд давуу талаа ашиглах ийм эрх байхгүй. 
-Гэхдээ “Монгол тулгатны зуун эрхэм”-д залуу хүн орж болохгүй гэсэн юм байхгүй биз дээ?
-Нэвтрүүлгийн багийнханд нэг ийм бодол бий. Настай дээр гарч яваа мундаг хүмүүсээ мөнх бусыг үзүүлчихээс нь өмнө бичлэгийг нь хийгээд, хойч үедээ үлдээчих юмсан гэсэн. Мундаг залуус зөндөө л байгаа. Гэхдээ тэдэнд түүх бага, хугацаа их байна. Сайхан хүмүүсээ мөнх бусыг үзэхээс нь өмнө үр ач болоод энэ эрин үеийн залуучуудад мэдүүлж байгаа нь бидний бахархал. Байгаа дээр нь хүмүүсээ эрхэм дээдээр авч үлдэнэ гэдэг олз шүү дээ. Маш том олз. 
-Цаашдаа энэ нэвтрүүлэг арилжааны хэлбэр рүүгээ орох болов уу?
-Бид аль болох тийм болгочихгүй юмсан гэж хичээдэг юм. Захиалгат нэвтрүүлэг шиг болчихно. Түүх түүхээрээ үлдээсэй л гэж боддог. Түүнээс үүнийг мөнгөөр зараад, бизнес болгоод явбал утгаа алдана. Ёс суртахуунгүй болно.
-Нөгөө талаар нэвтрүүлгийг хийхэд маш их зардал гарч байгаа нь мэдээж. Гэтэл ямар учиртай мөнгөөр бүтээд байна гэдгийг үзэгчид мэддэггүй учраас хариулт хайдаг?  
-Үүнийг хүмүүс харин мэддэггүй юм. “Херо энтертайнмент” студи өөрийн гэсэн нөөц бололцоотой. Техник, боловсон хүчний нөөц бий. Түүнийгээ ашигладаг. Бид нэвтрүүлгээ хийхдээ хувь хүнээс нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Тэр тусмаа оролцогчдоосоо. 
-Бүх санхүүжилт, зардлыг “Херо энтертайнмент” студи л хариуцдаг гэсэн үг үү?
-Тийм шд. Бид өөрөө өөрсдийнхөө бололцоогоор л явдаг. Реклам клип хийнэ. Тэдгээрээс олсон орлогоосоо илүүчлэх байдлаар болгоод л явдаг.  Бас "Хас" банк, "Мобиком" корпораци, "Мизү" компани, "Юнител" групп зэрэг хамтран ажилладаг компаниуд байгаа. Энэ дашрамд хамтран ажилладаг бүх байгууллагадаа талархал илэрхийлье.  
-Зураглаач, техникийн ажилтнууд студиэсээ цалинждаг юм байж. Тэгвэл хөтлөгч нар тусгайлсан цалин авдаг юм болов уу?
-Тийм юм байхгүй ээ. Би гэхдээ мэдэхгүй байна. Уран бүтээл тал дээр нь л оролцдог. Санхүү мөнгөний асуудалд би оролцдоггүй, оролцохыг ч хүсдэггүй.

-Нэвтрүүлгийг мөнгөтэй холбож их харддаг. Үнэхээр нэг ч удаа оролцогчоосоо мөнгө авч байгаагүй гэж үү?

 -Нэвтрүүлэг анх гарахад л энэ тухай ярьдаг, харддаг байсан л даа. Б.Лхагвасүрэн гуай сохор зоос ч авдаггүй гэдгийг хэлсэн. Энэ үнэн. Жишээ нь би чамаас асууя. Хамгийн анх Б.Норовсамбуу гуай орсон. Энэ хүн мөнгө өгч, нэвтрүүлэгт орно гэж үү. Л.Цогзолмаа гуай орсон. Мөнгө өгч чадах уу. Бөхийн Бааст гуай өгч чадах уу. С.Галсан, Г.Хайдав гуай өгч чадах уу...
-У.Хүрэлсүх?
-Хүрэлсүх чинь шал өөр. Энд нэг политик байсан байхгүй юу. Ардчилсан намаас нэг, МАН-аас нэг хүн оруулъя гэж тэгэхээс тэгэх гэж зориулж хийсэн. Ард түмэнд таниулах ёстой. Ахиад хэлье. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хүнийг эрхэм талаас нь харуулахыг зорьдог нэвтрүүлэг. Тиймээс энэ хоёр гол намаас хэн гэж улстөрч нь эрхэм гэж төлөөлж чадах, дээр нь сонирхолтой байж чадах вэ. МАН гэх түүхэн нэрээ сэргээсэн, хувьсгалт гэдэг нэрнээс татгалзсан хүн гэдгээрээ Хүрэлсүх содон л улстөрч байсан. 
-Тэгэхээр жишээ нь У.Хүрэлсүхийг сонгосон шалтгаан нь АН-аас нэг хүн сонгож оруулсан учраас нөгөө намаас бас нэг байх ёстой гэж, өөрөөр хэлбэл хооронд нь харьцуулахын тулд сонгосон гэж ойлгож болох уу?
-Бид өөрсдөө сонгож авсан. АН-аас гарч ирж байгаа содон гэх хүн нь Х.Баттулга байсан. МАН-аас тийм хүн нь У.Хүрэлсүх байлаа.  Нэвтрүүлэг хийхэд материал гэж нэг юм бий. Материалтайг нь л сонгосон хэрэг. Бид хүний сонирхол татахын тулд сонирхол татаж байгаа сэдэв, эсвэл хүнийг л сонгоно шүү дээ. Энэ бол уран бүтээлч сэтгэлгээ. Энд ямар ч улс төр хамаагүй. 
-Гэвч улстөржүүлэх, хардах ямар нэг шалтгаан байдаг юм биш үү?
-Би улстөрч биш, жирийн нэг уран бүтээлч хүн. Тиймд нэвтрүүлгийг ингэж муутгах, шүүмжлэх улс төрийн ямар хор, ямар эрх ашиг яваад байгааг хэлж мэдэхгүй байна. “Хар бичлэгийг яагаад гаргаагүй, эсвэл ямар зорилготой алдсан бэ” гээд л шуугиад байна. Гэтэл бичлэг нь алдагдсан Н.Энхбаяр юу ч яриагүй, тийм байх аа. “За, яахав, ярьсан юм ярьснаараа гараа л биз” гээд нэг их тоогоогүй шүү дээ. Гэтэл Анужин яагаад хямраад, эмзэглээд байгаа юм бэ. Тэр дундаа өөрийнхөө хэлсэн ярьснаас яагаад ичээд, эмээгээд байгаа юм бэ. Тэр бичлэгт хүнийг гүтгээгүй, олон түмний ярьж хэлдгийг л ярьж хэлсэн байна билээ. Хүн ер нь байгаагаараа байх сайхан шдээ.
-Та П.Анужинд нэлээд бухимдаж байгаа юм аа даа. Хүмүүс таныг Б.Баатарыг өмгөөллөө гэх вий дээ?
-Би Баатарыг өмөөрч байгаа юм биш. Би “Херо энтертайнмент”-д одоо ажилладаггүй. Өөрийнхөө нэрийг, хийсэн зүйлийг муутгаад яваад байдаг нь Анужингийн буруу байх л гэж бодож байна. Өөрийгөө л муухай харагдуулах ямар хэрэг байна. Ер нь “Монгол тулгатны зуун эрхэм” гэдэг гэрэлтэй сайхан нэвтрүүлэг. Хүмүүс "Цогт тайж" киног одоо хүртэл үзээд л суудаг биз дээ. Түүнтэй адил Монголд үлдэх нэг л гоё өнгө, нэг тод өнгө. Монгол үндэстний оюуны баялаг болсон нэвтрүүлгийг хийж байсан хүмүүс хоорондын өчүүхэн үл ойлголцол, хонзонгоос болж ингэж болохгүй. Ийм том төслийг хийж хэрэгжүүлж байгаа хүмүүс тэр хэмжээний зангараг, соёлтой байх ёстой. Хувийн жижиг харилцааны асуудлаа ажил, уран бүтээлтэйгээ хутгадаггүй байхыг ахмад хүний хувьд хоёр дүүдээ, нийт уран бүтээлчиддээ зориуд захиж хэлж байна.

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Авирмэд(103.212.119.128) 2018 оны 05 сарын 17

Багануур дүүргийн 1-р хороонд байрлах УХААБУЛАГ эмийн сангаас 30000 төгрөгийн худалдан авалт хийгээд гэртээ ирээд НӨАТ баримтаа бүртгэх гэсэн чинь бүртгэгдсэн байх юм. Ийм шинэ технолог нэвтэрсэн юм уу

0  |  0
Top