2 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

Хоёр нас бол хүүхэд нялх үеэс бага насанд шилжих үе билээ. Энэ шилжилтийн үед урьд төлөвшсөн зан төрх хөгжиж, өөрчлөгдөн шинэ шинэ зан төрх бий болно. Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл идэвхтэй болсон байна. Хоёр настнууд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр харж , үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ. Иймд тэдэнд юмыг зориуд зааж сургахаас дуурайлгах замаар янз бүрийн хэвшил, дадал бүрэлдүүлэх нь хялбар байдаг.
    Энэ насны хүүхдийн хамгийн дуртай үг нь "үгүй" гэдэг үг болно. Тэд заримдаа юу хийж байгаагаа ч үл мэднэ. Цай уу гэхээр сүү ууна гэнэ. Сүү өгөхөөр уухгүй гэнэ. Энэ нь бас учиртай.Хэрэв бид сайн ажиглах юм бол эцэг, эх, насанд хүрэгчид өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн авахгүй гэсэн байдал илэрч буйг ажиглаж болно. Энэ чухамдаа түүнийг хүсэхгүй байгаад биш, харин бусдын тушаах, даалгахыг биелүүлэхгүй дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийгөө бие хүн гэдгийг мэдэрч эхэлж байна. Яг энэ үед эцэг,эхийн сурган хүмүүжүүлэх ажлын нэг алдаа гарч ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ тэгж эрхлүүлээгүй, тэдний аль аашийг дагах юм бэ? гэсэн бодлын үүднээс өөрийн шаардлага дээрээ хатуу зогсоно.Гэтэл зарим эцэг, эх үүний эсрэг, өөрөөр хэлбэл дуу шуугиан,уйлаан майлаанаас аль болох зайлсхийж, хүүхдийн хүссэн болгоныг биелүүлэх гэж чармайдаг. Энэ нь хүүхдийн тогтсон журам, дүрэм баримтлах, өөрийн хүслээ хязгаарлах чадваргүй болгож, саад бэрхшээлд амархан сөхөрдөг,өөрийн хүсэл нь нийгмийн боломжтой зөрсөн тохиолдолд амархан бухимддаг, дотроо зөрчилддөг, үүнээсээ гарах арга замаа олж чаддаггүй хүн болоход нь нөлөөлдөг.
      Тэгвэл эцэг эх яах ёстой бэ? Зөнгөөр нь орхих юмуу, эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу ? энэ тохиолдолд хамгийн шилдэг аргын нэг бол хүүхдийн анхаарлыг өөр тийш хандуулан, өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал мөн.
Хоёр настай хүүхэд насанд хүрэгчдээс анхаарал халамж нэлээд шаарддаг. Эцэг эх сэтгэлийг ойлгож байна, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг тэд мэдрэх нь чухал. Харанхуй өрөөнөөс тэд их айдаг. Энэ тохиолдолд "Битгий ай. Аюултай зүйл байхгүй" гэж хайхрамжгүй өнгөрөх юм уу шоолох, тохуурхах байдал гаргаж болохгүй. Тэд намайг ойлгохгүй байна, ойлгохыг хүсэхгүй байна гэж бодсоноос айдас нь улам нэмэгддэг.
Хоёр настнууд ердийн өсөж хөгжиж байгаа бол биеийн жин нь 12-12.5,өндөр нь 84-85см байдаг.
      Тэдний тархинд явагдах хөөрлийн үйл саатлын үйл явцаас давуу байх тул юманд тэвчээртэй хандах, өөрийгөө эзэмдэх чадвар сул байна гэсэн үг. Бас нэг зүйл дээр түр ч болов анхаарлаа төвлөрүүлнэ.

     Гэхдээ хөөрлийн үйл явц нь хүчтэй учир хүүхэд амархан цочирч, хөөрч удаан хугацаагаар тайвширч чадахгүй, сэтгэлийн тэнцвэр алдагдсанаас муу унтдаг зэргийг анхаарах хэрэгтэй.
Хоёр настнуудын гол хэрэгцээ хөдөлгөөн юм. Иймд тэд ямагт хөдөлж байхыг эрмэлзэнэ. Явах, гүйх, үсрэх, харайх, авирахаас гадна юм өргөн хөдөлгөөн нь нарийсна.
     Энэ насанд хүүхэд юмыг дуурайх, онцлогтой учир зориудаар дуурайлгах замаар зааж сурган,янз бүрийн дадал, хэвшил төлөвшүүлэх боломжтой.
Хоёр насны эцсээр хүүхэд үндсэн өнгө ба нарийн авиа дууны өндөр намыг ялгаж эхэлдэг байна.
     Авиа дууны аянд тохируулан хялбар хөдөлгөөн хийнэ.Ер нь дуу хөгжим хоёр настнуудын сэтгэлийг хөдөлгөн сэргэлэн цовоо байдалд оруулдаг.Хүүхэд хоёр наснаас эхлэн харандаа барьж , юмны дүрсийн төсөөг гаргах гэж оролдоно. Ер нь хоёр нас бол хүүхдийн хэл ярианы хөгжлийн үе юм. Тэд эхний үед үгийг хураангуйлан хэлдэг. Таваг- таг, Халбага- хаб, Аяга- айя, гэх мэт хүний хэлснийг сайн ойлгохын зэрэгцээ өөртөө үг цуглуулж, үгийн нөөцөө баяжуулж байдаг. Үгийн нөөц нь 250-300 орчимд хүрнэ. Энэ үед авиа үсгийг зөв дуудахад нь анхаарах хэрэгтэй. Олон удаа дуурайлган хэлүүлэх нь илүү үр дүнтэй байна.
     Хоёр настнуудад бие биеэ асрамжлах,дэмжих сэтгэл шинээр бий болно. Хамт явж байгаад нэг нь ойчвол нөгөө нь татан босгох, уйлбал аргадах, тоглоом, чихэр боовоо хуваах зэргээр хандана.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.11.195.34) 2016 оны 04 сарын 21

:))

0  |  0
зочин (103.11.195.34) 2016 оны 04 сарын 21

кк нэг настай хүүхдийн хэл ярианы талаар андуураад биччих шиг болох юм.

0  |  0
зочин(103.242.46.37) 2016 оны 04 сарын 20

Юун Таваг- таг, Халбага- хаб, Аяга- айя вэ аль хэдийн том хүн шиг ярина хөөе

0  |  0
Top