“Нийгмийн ажил” хэмээх мэргэжил бол хэн дуртай хүний хийдэг ажил биш

2016 оны 12 сарын 22

Ж.Сарангэрэл. /Докторант/ Идэр дээд сургууль.  

Нийгмийн ажил, Нийгмийн ухааны багшийн тэнхмийн эрхлэгч

Нийгмийн ажилтан бэлтгэх боловсролын тогтолцоо  1997 оноос эх сууриа тавин 20 дахь жилдээ хөгжиж байгаа харьцангуй залуу мэргэжил юм. Өнөөдөр бакалавр, магистр, докторын түвшинд 14 их, дээд сургуулиуд нийгмийн ажилтан бэлтгэн төгсгөж байна. Ирэх жил нийгмийн ажилтан бэлтгэсний 20 жилийн ойн тохионо. Мэдээж 20 жилийн хугацаанд олон арван мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан байж таарна. Нийгмийн халамж, үйлчилгээний газар, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд, сум, хороонд нийт 1538 нийгмийн ажилтан ажиллаж байна. Өнөөгийн байдлаар нийгмийн халамжийн салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, томоохон эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, халамжийн болон асрамжийн газруудад, ЕБС-иуд, олон улсын болон үндэсний, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд нийтдээ 3500 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна. Гэвч эдгээр нийгмийн ажилтнуудын 70 гаруй хувь нь эдийн засагч, багш, эмч, эрхзүйч, хуульч мэргэжилтэй, тэр ч бүү хэл ямар ч дээд боловсрол, мэргэжил эзэмшээгүй хүн байна.

Гэтэл нийгмийн ажил мэргэжлийн стандартад “Нийгмийн ажил мэргэжлээр төгсөгч нь нийгмийн үйлчилгээний төрөл бүрийн байгууллагад нийгмийн ажилтан, халамж хамгааллын ажилтан, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдтэй ажиллахын тулд мэргэжлийн өндөр мэдлэг болон бусад холбогдох шинжлэх ухаануудын тодорхой хэмжээний мэдлэгтэй, баримт мэдээлэл болон нөхцөл байдлыг үнэлэх, хувь хүн, бүлэг, гэр бүлийн амьдрал, зан төлөвт нөлөөлөх орчны хүчин зүйлүүдийг тодорхойлох, нийгмийн бодлого хөтөлбөрүүдийн боловсруулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргахүйл явцад олон нийтийн оролцоог хангахад тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг ур чадвартай байна” гэж тусгасан байдаг. Ингэж тодорхойлсон байхад ажлын байранд яагаад мэргэжлийн бус хүмүүс байсаар байна вэ?

Энэ нь нийгмийн  ажлын талаархи олон нийтийн ойлголт, хандлага, ажил олгогчдын тавьж буй шаардлага, улс төрийн нөлөө зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж байна гэж хэлж болох юм. Олон хүмүүс нийгмийн ажлыг буяны ажил, хүмүүнлэгийн ажлаас ялгадаггүй учраас хүнд туслах, сайхан сэтгэлтэй хэн ч хийж чадна гэж үздэг. Тиймээс мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа, үүргээ гүйцэтгэж чадахгүй, мэдлэггүйгээс болж юу ч хийж чаддаггүй, юу ч мэддэггүй, ямар  ч ажил хийдэггүй гэх зэргээр нийгмийн ажилтны мэргэжлийн нэр хүнд унаж байна. Зарим ажлын байрны зард мэргэжил харгалзахгүй гэж байх жишээтэй.  Энэ нь нийгмийн ажлыг хэн дуртай нь хийж чадна гэсэн буруу ойлголтыг олон нийтэд түгээж байна гэсэн үг. Нийгмийн ажил бол шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практик хосолсон мэргэжлийн үйл ажиллагаа.

Нөгөөтэйгүүр ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлага нь дөнгөж төгсөгчдийн ажилд орох боломжийг багасгаж байна. Тухайлбал: ихэнхи ажлын заруудад мэргэжлээрээ 2-4 жил ажилласан туршлагатай байх, урлаг, спортын авьяастай байх, эрэгтэй нийгмийн ажилтан  байх  зэрэг шаардлагууд тавьж байна. Тийм учраас ажил олгогчид ч гэсэн тавьж байгаа шаардлагаа эргэж харах хэрэгтэй болж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o.ah(202.9.40.251) 2017 оны 02 сарын 08

yg unen helsen bn.oki

0  |  0
0(182.160.3.104) 2017 оны 01 сарын 08

өөрөө ганцаараа хийхгүй юу даа гарчигаа зөв өгч сураарай

0  |  0
Top