“Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг ашиглах нь” төсөл хаалтаа хийлээ
Тус арга хэмжээнд БСШУСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ЮНЕСКО-гийн Парис дахь төв оффис, Токиогийн технологийн сургууль, МУБИС, аймаг, нийслэлийн БСУГ-ын төлөөлөгчид оролцлоо. Таван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төсөлд аймаг, нийслэлийн ЕБС-ийн бага ангийн багш нар хамрагджээ. Төслийг МУБИС, Токиогийн технологийн сургууль, аймаг, нийслэлийн БСУГ-аас хамтран хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн удирдагчаар Токиогийн Технологийн сургуулийн профессор, хатагтай Юмэ Ямагучи ажилласан бөгөөд бага ангийн багшийн хөгжлийг дэмжих замаар бага боловсролын чанарыг ахиулахад төслийн зорилго оршиж байгаа аж. Төслийн удирдагч Юмэ Ямагучи хаалтын арга хэмжээний үеэр “Энэ төсөл анх 2012 онд хэрэгжиж эхлэхэд ЖАЙКА-ийн мэргэжилтэн, ноён Ивай Монгол орон даяар шинэ давалгаа бий болгоно гэж байсныг санаж байна. Өнөөдөр бид төслийн гишүүд, багш нар, сургуулийн удирдлагууд, БСУГ-ын мэргэжилтнүүд, мэдээлэл, харилцааны технологийг багшлах, сурах үйлдээ нэвтрүүлж байгаагаар энэ давалгааг бий болгож чадсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид монгол орны боловсролын байгууллага, сургуулиудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилъя” гэв.
Сэтгэгдэл ( 0 )