Өнөөдөр АРВАН ХАНГАЛ бурханы буулттай өдөр аж. Сүм хийдүүд хурал ном хурж “сор залах” ёс үйлдэх ажээ. Сор зална гэдэг нь аливаа муу бүхнийг "хадуураар хадаж дарна" гэсэн утгатай. Буддын шашныг хамгаалагч Арван хангал бурхан нь тус тусын дүр, хөлөг унаа, үүрэг, бэлгэдэлтэй байдаг.
Хангал бурхадын тэргүүнд 5 гавал хохимой байх бөгөөд тэдгээр нь хүмүүст үргэлж байдаг Уурын мунхаг, Шунал, Атаа жөтөө, Муу санаа, Хүсэл тачаал гэсэн СЭТГЭЛИЙН ТАВАН ХОР-ыг дарж устгаж байна гэсэн утгыг агуулдаг. Духан дээрх илүү мэлмий нь өөрийн хоёр мэлмий хорвоо ертөнцийг тольдон харж чадахгүй болсон үед гуравдагч мэлмий сайн муу бүх үйлийг харж тандан шашныг хамгаалан сахина гэсэн бэлгэдэлтэй.
Очирваань бурхан: Арван хангалын нэг Очирваань бурхан нь Буддын шашны нууц увидасын хаан гэж алдаршсан. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулан, догшин гурван мэлмийтэй, баруун мутартаа 5 үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж, хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар бадарсан их галын дунд бадамлянхуа наран дэвсгэр дээр оршино.
Очирваанийг Монголыг даасан сахиус гэж үздэг аж. Тийм ч учраас монголчуудын шүтээн Отгонтэнгэр хайрханы сахиусаар залжээ. Отгон гэдэг нь түрэг хэлний “отхан” буюу “галын эзэн” гэсэн үг бөгөөд “гал голомтоо сахих хүү” гэсэн утгатай гэж эрдэмтэд үздэг. Харин зарим эрдэмтэд “Этүгэн” буюу “Газар эх” гэсэн монгол үг гэж үздэг.
"Отгон, Этүгэн, Отхан" гэдэг үгнүүд нь үндэс гарвал нэгтэй бөгөөд "Отгон" гэсэн нэрээр нэршин тайж тахисаар эдүгээ хүрчээ.
Жигжид бурхан: Оюун ухааны бурхан Манзуширын догшин дүр. Шарын шашны тахилга ёсонд хамгийн түрүүнд залж тахидаг аж.
Хөмсөг сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий нүгэлтний толгойгоор эрхи хийн лагшиндаа өлгөсөн, хар могой болон хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт наран дэвсгэр дээр өөрийн дагина /юүм/ Доржсолонма хэмээх цэнхэр өнгөт /баруун мутартаа гавал барьсан/ нүцгэн эмийг барьж зогсоно.
Арван хангалын дотор хамгийн хүч чадалтай бурхан гэдгийг илэрхийлж 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэйгээр дүрсэлдэг.
Дамдинчойжоо бурхан: Монголчууд Эрлэг номун хаан гэдэг. Шарын урсгалыг үндэслэгч Богд Зонховын гол шүтээн, Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч, Ариун цагаан 10 буяныг дэлгэрүүлэх зорилгоор урин залж хүндлэл үзүүлдэг уламжлалтай.
Шашныг хамгаалагч хангал бурхадын нэг, Богд Зонховын гол шүтээн Дамдинчойжал нь Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч сахиусын лагшингийн өнгө хар бараан, гурван ертөнцийг цоо ширтэх чадал бүхий хурц мэлмийтэй, амаа ихэд ангайн, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларсан.хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн үхэр тэргүүнтэй, цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн дүрээр оршино.
Балданлхам бурхан: Монголчууд “Лхам сахиус” хэмээх ба Урлагийн тэнгэр Янжинлхамын догшин дүр. Шашныг хамгаалагч арван хангалд доторх цорын ганц эм дүртэй сахиус юм.
Төвдийн зон олныг зовоож байсан мангасыг даруулахын тулд Бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг нь эцгээ дуурайсан муу үйлстэн болсон учир лхам тэр үрээ идэж хөнөөсний дараа мангасыг дарж устгасан домогтой.
Тэрээр баруун мутартаа сэрээ барин огторгуйд ихэд далайн, зүүндээ гавал барин энгэрт авсан, амаа ихэд ангайн, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслангаар, зүүн сонороо могойгоор чимсэн, барын арьсан хормогч өмсөн, хонгор халзан луус унан, их цусан далайг, галт хар шуурган дундуур гатлаж буй байдлаар залардаг ажээ. монголчуудын дунд “Лхам сахиус” гэх нэрээр ихэд алдаршсан байдаг. Учир нь Лхам нь оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчилж ирдэг. Мянган бурханыг ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн эгшинд л 3000 ертөнцийг эргэх шидтэй.
Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд нь элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусны мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг. Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж замбуу тивийг битүүний шөнө эргэж амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг нь хонгор халзан луусны унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож буян хурааж байгаа үйл юм. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар руу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг. Лхамын зүрхэн тарни: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум (Долоон үе болгож, энэ тарнийг урин уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увидастай
Гомбо бурхан: Гэлүгвагийн /Шарын/ шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсиг бурханы догшин дүр аж. Эл бурханыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай. Гомбо нь зургаа, арван зургаан мутартайгаар дүрслэдэгээс манай оронд зургаа мутартай дүр нь өргөн дэлгэр тархсан байдаг.
Гомдо бурханыг цүдгэр ходоодтой, сэрийсэн дөрвөн соёотой, гурван улаан мэлмийтэй, сахал, үс, хөмсөгнөөс нь гал мэт оч бадарч, баруун гурван мутартаа хохимойн эрхи, очирт дигүг, дамар, зүүн гурван мутартаа цуст тодов, очирт сэрээ, цалам барьсан, хорт могойгоор үсээ зангидан, тэргүүн, хүзүү, бэлхүүсэндээ хорт могойгоор чимсэн, зааны арьсан нөмрөг нөмөрч, 50 нүгэлтний нойтон толгойгоор эрхи хэлхэн лагшиндаа өлгөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун рөлөө дотогш нугалсан, орой дээрээ Мижодба бурханг залсан, улан доороо Ганеш бурханг гишгэн, бадарсан их галын дунд наран мандалт лянхуа сэнтийн дээр зогссон байдалтайгаар дүрсэлдэг.
Намсрай бурхан: Эд хөрөнгө, баялаг авчрагч бурхан. Монголчууд “Гарзын үүдийг хааж, олзны үүдийг нээгч бурхан” хэмээн даллага авхуулдаг. Эд хөрөнгө хамгаалагч арслан хөлөглөсөн, эрдэнийн зүйлээр бөөлжигч хулганыг зүүн мутартаа барьсан, алтыг бэлгэдсэн шар лагшинтай.
Жамсран бурхан: Монголчууд “Улаан сахиус, Шүрэн нигурт” хэмээн нэрлэдэг. Богд гэгээн, Далай ламын хамгаалагч баатар буюу цэрэг дайны бурхан бөгөөд 1911 онд Богдын зарлигаар догшин Чойжин сахиус Жамсран бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Жамсран бурхан нь Чойжин сахиусууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа нум сум зэрэг зэр зэвсэг агсан, лагшиндаа хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж, маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “Цэргийн баатар жанжин”-ы дүртэй, эрт цагаас Монголын Богд дээдсүүдийн шүтээн болж байсан учир тийнхүү цэргийн яамны шүтээн болгон залсан түүхтэй.
Жамсран бурханы дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн, хөмсөгнөөс нь оч бадран, хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн, баруун мутартаа зэс илд барин огторгуйд далайж байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж, зүүн мутартаа нум сум өлгөж, дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж соёо шүдийг сэрийлгэн, зүүн хөлөөрөө адууны үхдэл дээр, баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр тус тус гишгэн заларна.
Гонгор бурхан: Шашныг хамгаалагч бурхадын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч бурхан бөгөөд мөнгийг бэлгэдсэн цагаан лагшинтай.
Гонгор бурхныг шүтсэнээр баян болдог гэж ярьдаг. Монголчууд “Гонгорын бумба” тахиулдаг болсон ба Амарбаясгалант хийдэд жил бүр болдог аж. Гонгор бурхныг урин залж өргөл хүндлэл үзүүлэхдээ бас түүний нөхөр сэлт буюу найз бурхадад нь ч өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай. Монголчуудын дунд Баян Гонгор хэмээн алдаршсан бурхан юм.
Авралын зургаан мутартай. баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод хоёр мутартаа дагинасыг дуудах гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрдээ “Ганеш” хэмээх заан толгойтой бурхадыг гишгэсэн байдаг нь түүнийг бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлж байгаа аж.
Гонгор бурхны биеийн дүр нь догшин ширүүн боловч инээвхийлэн мишээсэн царайтай, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галын дунд орших бадамлянхуа наран дэвсгэр заларна.
Цамба бурхан: Ажил үйлс бүтээгч бурхан. Монголчууд энэ бурханыг шүтвэл “ажил үйлс нь зун цагийн булаг шиг ундарна” хэмээн бэлгэшээдэг. Цагаан ажнай хөлөг унасан байдаг нь цагийг товчлон хурдалж хүмүүний хүслийг биелүүлнэ гэсэн утгатай.
Биеийн зүс саран мэт цагаан. Гурван мэлмий, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршино. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан. Баруун мутартаа мунхагийг арилгагч сэлэм, зүүн мутартаа эрдэнийн зүйлээр дүүрэн таваг барьсан байна.
Шалши бурхан: Дөрвөн нигурт бурхан бөгөөд Дээд амгалант хэмээх Дэмчог бурханаас хувилан төрсөн, шашны тэрсүүтнийг дарах үүрэгтэй.
Шалши нь бурхан нь догшин дөрвөн тэргүүнтэй, тэргүүн бүр улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь харагдсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээш боссон, тус бүрдээ таван хохимой толгойн чимэгтэй, хохимойгоор хэлхсэн эрхин зүүлт хүзүүндээ өлгөсөн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барын арьсан хормогч өмсөн, зах хязгааргүй хоосон агаарын дунд, хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр хэвтсэн тэрсүүт дээр зогсон заларна.
Сэтгэгдэл ( 2 )
Арван хангалд залбиран мөргөе.
Hi en vdr togtmolu vr vrv