Хэт СОНИУЧ ЗАН нь Монголын ”АНХНЫ НИСГЭГЧ” болгожээ

2017 оны 03 сарын 23

Гуравдугаар сарын 22- анх удаа монгол хүн сансарт ниссэн өдөр. Гэвч Ж.Гүррагчаа баатарын тухай бус өөр нэгэн хүний түүхийг сонирхуулъя гэж бодлоо. 

 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийн хүү болон мэндэлсэн Гэлэнхүү нь нялх балчираасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг нэгэн байжээ. Юм бүхнийг сонирхож, элдэв зүйлийг хүсэж мөрөөдөж явдаг нь үлгэр домог мэт намтар түүх болон үлджээ. 
 Нисэх онгоц харсан цагаас эхлэн тэнгэрт нисэх шувуудыг харж ажигладаг болжээ. Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдээгүй байв. Сармайж нимгэрсэн илэг, цавуу, бүргэдийн далавч зэрэг зүйлийг цуглуулж нэгэн агуйд аваачин нуугдан ямар нэгэн зүйл хийдэг байжээ.

Нэгэн өдөр Гэлэнхүү Дүнтэрийн цохион дээрээс өөрийнхөө урлаж хийсэн далавчаа зүүгээд ухасхийн үсэрчээ. Хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн дэвсээр цохионы доор бөөгнүүлж хураасан хонин дунд буусан гэдэг. Ингэж буухын тулд охиноороо хонь хураалган цохионы доохно талд хүлээлгэж байжээ. Нисэж буух үед сэрүүн агаар татуулан хөөрөх шиг санагдаж байсан тухайгаа хуучилсан гэдэг. Ийнхүү цохионоос үсэрч буусан үйл явдал нь үлгэр домог мэт яригдан дорхноо нутаг даяар түгсэн төдийгүй монголын анхны “нисгэгч” хэмээн нэрлэсэн юм. Эдүгээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүнийг далавчтайгаар дүрслэн хөшөө болгон мөнхөлжээ.

Гэлэнхүү хүүхэд ахуйгаас эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суусан боловч сүм хийдийн амьдралаас зугтаж уул нуруу хэсэн ан гөрөө хөөж явжээ. Багын сэргэлэн дуулиантай хүү байсан учир “Гэлэнхүү хийдээс оргож гэнэ” гэсэн яриа дорхноо тархаж гэнэ.


Түүний сониуч гэдгийг батлах олон янзын ярианууд байдаг. Идэрийн гол, Дэвүүрийн горхийг холбохоор суваг татаж эхэлжээ. Суваг ухагдсаар бага Хэцүүгийн ханан хаданд тулж ирсэн байна. Гэлэнхүү хад чулуу хүртэл төөнөсөн халуун наранд халж, хүйтэнд хөрч агшдагийг гярхай ажиглан мэджээ. Тэрбээр ханан хадны ёроолд гал өрдөж гэнэт хүйтэн ус цацахад хад тас няс хийн шажигнан үйрч унадаг байв. Ийнхүү ханан хадыг ухсаар том агуй болгожээ. Гэлэнхүү огт зүгээр суудаггүй байсан бөгөөд төмөр нүдэж буу, хутга, галын шилээвэр хийж ойр хавийнхаа айлд худалддаг байснаар урлаж бүтээх авъяас нь нэмэгдсээр байв. Бас л сониуч зандаа хөтлөгдөн нэгэн бөө хүнд шавь орж хошуу нутаг хэсэн бөөлж сурсан боловч тэр эрдэмдээ “ямар ч шид алга, залхуу хүний ажил байна” хэмээгээд багшаасаа салан оджээ.

Түүний дараа Гэлэнхүү урьд нь хийдэг байсан жирийн цахиур буунд хүхээг хийж хоёр үсэрдэг болгожээ. Түүний хоёр үсэрдэг цахиур бууны тухай яриа жалга довоор нэг тарж хүмүүс шохоорхон үзэж гайхацгаадаг байв. Хоёр үсэрдэг бууг нь нутгийн нэг залуу шохоорхон үзэж байгаад сум алдаж эхнэрийг нь гэмтээсэн ч буу, хутга хийдэг ажлаа орхиогүй аж. Өөрийнхөө төрж мэндэлсэн Дэвүүр хэмээх газарт тарвага нутагшуулах гэж оролдсоноос гадна үр тариа, хүнсний ногоо хүртэл тарих гэж оролдон голоос суваг салаалан ухаж талбай руугаа ус оруулж нэг хэсэг тариаланч, ногоочин болж үзжээ.

Гэнэт нэгэн өдөр Гэлэнхүү үхэр тэрэг хөллөж шавар чулуу зөөсөөр Хэцүүгийн хөтөл дээр овоолж эхэлжээ. “Би нүгэл их хийлээ, одоо нүглээ наманчилна” хэмээн суварга босгож эхэлсэн нь тэр аж. Төд удалгүй Хэцүүгийн хөтөл олон хөлийн газар болж, суварганд маанийн зургаан үсэг нэмэгджээ. Энэ суварга нь эдүгээ ч “Гэлэнхүүгийн суварга” хэмээн нэрлэгддэг.

Buyan Choi
Жич: Зөвшөөрөлтэй нийтлэв. Хуулбарлахыг хориглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.11.116) 2024 оны 10 сарын 09

Агуу зохион бүтээгч байж дээ. Далайчойнхор ван гэхийг бодоход халх хүн байж. Харин анхны нисгэгч гэдэг юу л бол. Нөгөө Буниа бий шүү дээ. Ренчин гуай энэ талаар бичихдээ баримт түшсэн байдаг. Тэр хүний оролдлого бол лав Леонардо Да Винчийн шүхрийн загвараас түрүүлсэн байсан гэж Ренчин гуай дурссан байсан.

1  |  0
Top