Нохой эзнийхээ бяцхан үрийн амийг аварчээ

2017 оны 03 сарын 24

Коннектикут мужийн Портленд хотод оршин суух Бруссын гэр бүл амьтдын асрамжийн газраас орон гэргүй нохой авч, буян үйлдэхээр шийдсэн байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамж бэлэглэхээр “өргөж” авсан энэ амьтан тэднийг аюултай эмгэнэлт явдлаас сэргийлэх юм гэж тухайн үед сайхан сэтгэлт гэр бүл зүүдлээ ч үгүй явсан аж.

Орон гэргүй Дюк нохой маш ухаалаг учраас мөдхөн гэр бүлийн гишүүдийн хайрыг татаж чаджээ. Түүнийг гэртээ авчирснаас хойш тухайн гэр бүлд шинэ хүн мэндэлж, бяцхан Харперт Дюк нохой маш халамжтай хандах болсон байна.

Нэгэн шөнө байнга тайван байдаг Дюк гэрийн эздийн унтлагын өрөө рүү давхин орж ирээд, орон дээр нь үсрэн гарч сандарсан байдалтай хуцаж гарчээ. Тэрээр хосуудын хөнжлөөс татан, тэднийг босгон, бяцхан Харперын өрөө рүү дагуулж явахаар оролдсон байна. Гэрийн эзэд ч нохойн ер бусын авирт гайхан, охиныхоо өрөө рүү ортол...  бяцхан үр нь унтсан чигтээ амьсгал нь хаагдсан байсан аж. Айж сандарсан эцэг эх тэр дороо түргэн тусламж дуудан, эмч нар хүүхдийг сэхээн амьдруулж эхэлсэн байна. Бурхны авралаар, бүх зүйл сайхан өнгөрч, бяцхан Харперыг аварч чаджээ. Хэрэв Дюк байгаагүй бол хүүхэд өдийд амьд байхгүй байж...

Бяцхан охинд аюул заналхийлснийг нохой хэрхэн мэдсэн, энэ нь тайлбарлагдашгүй зөн совин уу, эсвэл энгийн нэг тохиолдол уу?...

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top