Мундаагийн нэрийг зээлдсэн Бундаа гэгч хэн бэ?

2017 оны 03 сарын 30

Танхай зодооны хэргээр олон жил ял эдэлсэн Хаянгийн Бундаа гэгч эр одоогоос нилээн хэдэн жилийн өмнө Вокзалын арын траншеинд найгүй архичин болчихсон манаргаж явсан. Түүнийг хоригдлууд *Гүргэр* Бундаа гэдэг байж. Тэр ял эдэлж байхдаа хянагч нартай тэмцэлддэг цөөн хэдэн ялтаны нэг байсан бөгөөд хянагч нар түүнийг ажилд гаргахын тулд бороохой, жад зэргийг хэрэглээд ч дийлдэггүй байжээ.

Шинээр ирсэн нэг хянагч *Чамайг ажилд гарахгүй бол жадаллаа шүү* гэхэд Бундаа *Тэг тэг, жадал жадал* гээд суугаад байж. Гэвч нөгөөх хянагч жадалж зүрхэлсэнгүй. Тэгээд нэг хуучин хянагч дээр очоод тэр Бундаа гэдэг ялтан ажилд гарахгүй байна. Жадлана шүү гэсэн чинь жадал, жадал гээд байх юм. Одоо яах вэ? гэж асуужээ. Тэгтэл цаадах нь *тэгээд жадлаач дээ. Гэхдээ амин бус газар нь жадлах хэрэгтэй. Зузаан гуя руу нь лавхан дүрчихъ гэсэн байна. Шинэ хянагч *Би дүрж чадахгүй. Дараа нь бөөн юм болно шүү дээ* гэхэд хуучин хянагч *Зүгээр, зүгээр. Цаадах чинь олон таван юм яриад байдаггүй хоншоортой хулгайч байгаа юм.

Одоо түрүүчийн шарх нь эдгэж байгаа. Би долоо хоногийн өмнө жадалчихсан юм. Одоо жадлах хугацаа нь болж байгаа* гэсэн гэдэг. Тиймээс мөнөөх шинэ хянагч Бундаа дээр явж очоод *За эцсийн удаа асууя. Ажилд гарахгүй бол жадаллаа шүү* гэхэд Бундаа *Тэгээд жадлаач дээ. Би жадал гэж түрүүн хэлсэн биздээ* гээд хэвтээд байж. Шинэ хянагч шүдээ зууж байгаад түүний зузаан гуя руу жадныхаа үзүүрийг оруулах төдий болжээ. Тэгтэл Бундаа *Чи жаахан лавхан жадалж болсонгүй юу. Долоо хоног халуураад хэвтэхээр жадлаач дээ. Чи намайг олигтой ч жадалж чадалгүй хөдөлмөрийн чадвартай болгоод хаячихлаа шүү дээ* гэсэн гэдэг. Бундаа ийм маягаар шархандаа халуурч хэвтээд ерөөсөө ажил хийдэггүй байж.

Сүүлдээ хянагч нар нь түүнийг жадалж, бороохойдохоосоо халшраад зөнд нь орхисон гэдэг. Мөн тэр халхын шоронгийн атаман Дашийн Мундаатай их зиндаархдаг байж. Шинээр ирсэн хоригдлууд түүний нэрийг хальт мөлт сонсчихоод *Өө нөгөө Мундаа гэдэг чинь энэ байх нь. Энэ чинь овгор атаман гээ биз дээ* гээд дөлж зугтаадаг байж. Бундаа ч үүнийг нь мэдчихээд Мундаагийн дүрд хувилж тэднээр хөөрхөн тоглочихдог байж. Шинээр ирсэн хоригдлууд сүүлдээ түүнийг Мундаа биш БУндаа болохыг нь ойлгоод *Таныг Мундаа гэж их эндүүрдэг байлаа. Тэгтэл та чинь Бундаа байсан юм байна шүү дээ* гэхэд мань эр *Тийм. Мундаа чинь миний төрсөн дүү байхгүй юу. Би чинь дөчин мянгатын унаган хүүхэд . Монгол ардын үлгэрт Элдээ, Дэлдээ гэж ах дүү 2 гардаг. Үүн шиг Халхын шоронд Мундаа, Бундаа гэж ах дүү 2 байдгийг та нар дуулаагүй хэрэг үү* гэж хэнэгч үгүй хэлдэг байж.

Сүүлд Дашийн Мундаагаас Бундаагийн талаар асуутал *Нээрээ нэг Бундаа гэгч нөхөр дөчин мянгатад байсан шүү. Хүмүүс түүнийг надтай их эндүүрдэг байсан байгаа юм. Мань хүн ч миний нэрийг ашиглаж нэгхэсэгтээ овгордож байсан гэдэг. Мундаа түүнтэй Мааньтын чангад хэдхэн сар л хамт байсан гэдэг. Бундаа аймаар гүргэр хулгайч байсан юм. Ажилд гарна гэж байхгүй. Хянагч нарт жадлуулаад л шархандаа халуураад хэвтчихдэг байж билээ гэж Дашийн Мундаа хуучилсан юм.

Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.112.146) 2017 оны 03 сарын 31

zaluuchudiig araas ni shoron yav gej urialj baigaa yum shig khulgaich nariig magtsan ungu aysatai yum suuliin ued bicheed baidag bolj eniig khuuli khyanaltiinkhan ankhaaraldaa avch arga khemjee avakh kheregte

0  |  0
b(150.129.141.3) 2017 оны 03 сарын 30

Xend xeregtei gej iim hachin ym bichdeg bnaa. Uur bichih ym oldoxgui bna u

0  |  0
Top