М.Каддафи болон түүний хүү Мутассимогийн цогцсыг оршуулаагүй, хожим задланд оруулахгүйн тулд шатаасан

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

Ливийн удирдагч асныг үхэхээс нь өмнө хүмүүн бусаар тамлан тарчилгасан баримтууд шинээр олджээ. Түүнийг баривчлах үеийн видео бичлэгийг анх олон нийтэд дэлгэж байсан Global Post сонин энэ удаа босогчид удирдагчийг баривчилсныхаа дараа гурван цаг гаруй хүч хэрэглэн тамалсан тухай мэдээллийг олон нийтэд дэлгэжээ. Батлах баримт болгож гэрэл зургийг нь ч тавьсан байна. Зурагт хэсэг залуус гартаа барьсан саваа мэт зүйлээр ар нуруу хонго руу нь занчиж байх бөгөөд өөр нэг зурагт энэ “саваа”-нууд нь хутга байж тун болзошгүй байдлаар гарчээ. Зурагт М.Каддафийн хонго руу нь хутгалж байгаа агшинг харуулсан байна. Редакцийн зүгээс энэ таамаглалыг мөн үнэний хувьтай гэж үзэж байгаа юм.

Алжирын мэдээллийн "Algeria-ISP" агентлаг мөн энэ мэдээллийг баталж байсан. Хурандаагийн тойрон хүрээлэгчдийн нэг байсан генерал Абу Бакр Жабер Юнисын хүү доорх зүйлийг ярьжээ.

“Эхлээд хүмүүс түүнийг зүгээр л цохиж байсан. Гэтэл нэг нь гэнэтхэн “Тэрнийг битгий хурдан ал аа. Бүгдээрээ тамалцгаая” гэж хашгирсан. Тэгмэгц нэг залуу хутга гаргаж ирээд М.Каддафийн нуруу руу зоосон юм. Бусад хүмүүс ч энэ аймшигт тамлалтад оролцож эхэлсэн юм. Хэдхэн мөчийн дараа гэхэд ямар ч хуульгүйгээр хийгдэж байгаа энэ шүүх ажиллагаанд оролцогчдын тоо хэд дахин нэмэгдсэн. Эхний залууг хутгалж байхад бусад хүмүүс М.Каддафийн шархдсан гарнаас нь барьж байв. Түүн дээр хийсэн өөр бусад яргаллыг хэлэхээс ч аймшигтай санагдаж байна. Энэ яргалал өглөөний 09.00 цагт эхлээд өдөр 12.00 цагт хөөрхий амьтныг үхэх хүртэл үргэлжилсэн. Үүний дараа М.Каддафийн цогцсыг амьдралынхаа сүүлийн мөч хүртэл хамгаалсан, төрөлх Сирт хотынх нь гудамжаар чирэн явсан”.

Дээр өгүүлснээс цааш түүнийг хэд хоногийн турш иргэдэд үзүүлж, бах тавыг нь хангуулсны дараа нууцаар оршуулсан гэдгийг бид мэдэх билээ. Гэхдээ үүнийг худал гэх мэдээллийг ч зарим эх сурвалжууд өгч байна. Жишээ нь, дээр нэр дурдагдсан Algeria ISP агентлаг вебсайтдаа “Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөн задлан шинжилгээнд оруулахаас сэрэмжлэн М.Каддафи болон түүний хүү Мутассимогийн цогцсыг шатаасан” гэсэн мэдээллийг босогчдын ойрын эх сурвалжаас аван нийтэлжээ.   

Түүний үхлийн бичлэг тухайн үедээ АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг ч хүчтэй цочролд оруулсан бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн байдалд орсныхоо дараа “Бид түүнийг ингэж үхүүлэхийг хүсээгүй. Гэхдээ иргэд эрх чөлөөт амьдралыг хичнээн их хүсч байж вэ гэдгийг энэ явдал дэлхий нийтэд дэлгэн харууллаа” гэж өгүүлж байсан билээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top