Хятадаас үүдсэн Улаан малгайтны бослого 150 мянган Монгол хүний амийг авч одож байжээ

2017 оны 04 сарын 13

Улаан Малгайтны бослого Монголын түүхэнд эдгэшгүй шарх болон үлдсэн юм. Монголчууд олон мянган жилийн түүхэндээ хэзээ ч ингэж харь дайсны өмнө гар хумхин зүгээр зогсоод хядуулж байгаагүй юм. Дайсан ахар богино хугацаанд 150 мянган Монгол хүний амийг хөнөөж, олон арван сүм дуганыг эвдэн сүйтгэж олон хошуу нутагт Монголчуудыг бүрэн устгасан юм.

Чин улсын засгийн газраас үндэстэн хоорондын зөрчлийг шийдэх гэсэн хоосон оролдлогын нэг хэсэг болгож аллагын хохирогч Монголчуудад мөнгөн тусламж өгөхийн хажуугаар аллагын буруутан хятадуудад ч мөнгө төлж цусан өшөө авахыг хориглосон зарлиг гаргажээ. Мөн Монгол нутагт байгуулагдаад удаагүй хятад гацаа суурингуудын татварын хэргийг Монгол ноёдоос авч тухайн гацаа суурингийн хятад захиргаанд хариуцуулсан байна. Энэ бүх арга хэмжээ нь хятадуудад ашигтайгаар шийдэгдэж Монгол хошуу захиргаадын хүч нөлөөг ихэд бууруулжээ.

Бүс нутагт үүссэн үндэстэн хоорондын үл итгэх байдал, зөрчилдөөн цаашид олон арван жилийн дараа ч үргэлжилсээр байсан юм. Ялангуяа хятадын иргэний дайны жилүүдэд байдал ихээхэн хүндэрчээ. 1930-аад онд Монголын нөлөө бүхий ноёд Манжгогийн засгийн газарт хандаж хятад тариачдын нүүдлийг зогсоох, ирж суурьшсан хятадуудыг хятад нутаг руу нь буцаах талаар дэмжлэг хүссэн байна. 1945 онд Өвөр Монголд Монгол-Зөвлөлтийн цэрэг орж ирснээр харийн дарлалд олон арван жил талхигдсан нутгийн Монгол хүн амын нуруу олон жилийн дараа анх удаа тэнийх боломж олдсон юм.

Улаан малгайтны их хядлагаас зугтаж зуун мянга илүү Монголчууд умар зүг Хянганы нурууны зүг дүрвэжээ. Ингэснээр ард үлдсэн нутаг дэвсгэр нь эзгүйрч оронд нь цагаач Хятадууд улам ихээр ирж суурьшсан байна. Ялангуяа XX зууны эхэн гэхэд Зуу-Уд, Жиримийн чуулгадын нутгууд тэр чигээрээ тариалангийн талбай болон хувирчээ. Энэхүү аллагын талаар тэмдэглэж үлдээсэн Монгол эх сурвалжуудын ихэнхи нь Чин улсын Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд хадгалагдаж байгаад 1901 онд Боксерийн бослогын үеэр үрэгдэж алга болжээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top