27 жилийн өмнө хулгайлагдсан дүүгээ олоход нь ДНК шинжилгээ тусалжээ

2017 оны 04 сарын 19

Хятадын нэгэн эмэгтэйд 1990 онд галт тэрэгний буудал дээр хулгайлагдан, өөр айлд зарагдсан дүүгээ олоход нь ДНК шинжилгээ тусалсан байна. Эгч дүү нарын уулзалт энэ сарын 16-нд БНХАУ-д алдартай CCTV-ийн "Waiting for Me"  телевизийн шууд нэвтрүүлгийн эфирт болжээ.

Дүүг нь эрж хайх ажиллагаанд тухайн бүсгүйн ДНК-аас гадна талийгаач эцэг эхийнхийг нь мөн ашигласан аж. Нас барсан хүмүүсийн ДНК ашиглан хамаатнууд эргэн уулзаж буй энэ тохиолдол Хятадын түүхэнд анхных болсон тухай  China Daily мэдээлсэн байна.

Тухайн үед 2 настай байсан У Цзянь 1990 оны зун Учан хотын вокзал дээр алга болсон аж. Тэрээр эгч У Цзяюй болон аавын хамт өөр мужид ажилладаг ээждээ очихоор галт тэргэнд суух гэж байжээ. Түүнийг алга болсны дараа аав ээж нь ажлаасаа гарч, охиноо өвөө, эмээгийнх нь асрамжид үлдээгээд өөрсдөө бүхий л цаг хугацаагаа хүүгээ эрэхэд зориулсан гэнэ.

Ингээд хоёр жилийн турш тасралтгүй хийсэн эрэл хайгуул нь амжилтгүй болсны улмаас сэтгэлээр унасан эцэг эх хоёр нь хамтдаа амиа егүүтгэсэн аж. Тэр үед 6 настай байсан У Цзяюй эцэг эхийнхээ өдрийн тэмдэглэлийг хадгалж үлдсэн бөгөөд өөрөө нас биед хүрэнгүүт дүүгээ хайж эхэлжээ.

2015 онд тэрээр өөрийн ДНК мэдээллийг алга болсон хүмүүсийг эрж хайхад зориулсан улсын албан ёсны вебсайт дээр байршуулсан бөгөөд тэнд янз бүрийн иргэдийн загварыг бусадтай харьцуулж үздэг юм байна.

27 жилийн өмнө хулгайлагдан, Хятадын зүүн зүгт орших Фуцзянь мужид зарагдсан дүү нь тухайн үед бас шинэ гэр бүлийнхэнтэйгээ огт төсгүй шалтгаанаа олохоор өөрийн ДНК-г тус сайтад байршуулсан нь азтай явдал болсон аж.

Ингээд тэр хоёрын ДНК загвар маш өндөр түвшинд таарсан бөгөөд үзүүлэлтийг улам баталгаажуулахын тулд эцэг эхийнхээ шарилыг хөндөн тэдний ДНК-г авах хүндхэн шийдвэрийг У Цзяюй гаргасан бөгөөд салж хагацсан эгч дүүс мөн болох нь 100% батлагдсан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top