Заримдаа чамд бүх зүйл утгагүй санагдаж, амьдралаас залхах үе байдаг л биз дээ. Энэ мэдрэмж бүх л насныхныг зовоодог. Тэр үедээ зөвхөн эерэг зүйл дээр төвлөрч байгаарай. Мөн дараах аргуудыг туршиж, амьдралаа шинэчлээрэй.
1. Амлалтаа биелүүл
Биелүүлж чадахгүй зүйлээ бусдад битгий амла. Сайн хүний нэр зүүх гэж эсвэл нэрэлхүү зангаасаа болж өөрийн хийж чадахгүй зүйлдээ ам гарснаар, эцэст нь чи л муу нэртэй болж хоцорно. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг шүү дээ. Зөвхөн өөрийн хийж чадах зүйлээрээ л бусдад тусла, ам гар!
2. Муу хүмүүсээс хол бай
Чамайг сайн үйл хийж, бусдын сайн сайхны төлөө явахад чиний ардуур үргэлж муулдаг хүмүүс бийг санаарай. Тэд чамд атаархсандаа шалтгаангүй уурлаж, бухимддаг юм. Харин чи тэдгээр хүмүүсээс аль болох зайгаа барьж, өөр шигээ эерэг бодолтой өөдрөг хүмүүстэй нийлээрэй. Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч адилхан гэдэг шүү дээ. Мөн сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэг үг ч бий.
3. Хүнд өртэй бол хугацаанд нь төлж бай
"Хэнд ч юуны ч өр бүү тавь" энэ үгийг амьдралынхаа уриа үгийг болгосон ч болно. Хэрэв чи хэн нэгэнд өртэй бол амласан хугацаандаа өгч бай. Бусдыг ямар байлгахыг хүсч байна, өөрөө тэрийгээ үйлдлээрээ харуулж байгаарай.
4. Бусдыг уучил
Хэрэв чамд муу зүйл хийсэн нэгнийг уучлахгүй, өс санаж амьдарвал тэр хүн чинь биш чи өөрөө л зовно. Бусдыг үзэн ядаж өөрийгөө зовоож байснаас хийсэн бүхнийг нь уучлаад тэр хүнийг зүгээр л март. Бүр ертөнцөд төрсөн гэдгийг нь ч мартчих. Тэгсэн цагт чи цээжиндээ булраад байсан зүйлээс ангижирч чадна.
5. Эрүүл мэнддээ анхаар
Эрүүл биегүйгээр хамгийн ухаантай хүн ч амжилтанд хүрч чадахгүй. Бие болоод оюун ухааны хувьд эрүүл хүн л хамгийн жаргалтай байдаг. Тиймээс эрүүл мэнддээ үргэлж анхаарч байгаарай. Спортоор хичээллэ, эрүүл хоолло. Эрүүл л байвал бид баян шүү дээ.
6. Эмх цэгцтэй бай
Хэрэв чи амьдралаа дээшлүүлмээр болгомоор байгаа бол нэг газраа битгий гац. Ядаж л өрөөнийхөө тавилгын байршлыг өөрчилж, хувцасны шүүгээгээ эмхэл. Чиний гэр орон бол энергийн чинь тусгал л гэсэн үг. Тиймээс чи оюун бодлоо цэгцлэхийг хүсч байвал эргэн тойронд байгаа эмх замбраагүй зүйлсээ эхлээд цэгцлээрэй.
7. Асуудалтай нүүр тул
Асуудалтайгаа нүүр тулахаас бүү ай. Мөн тэнгэрээс ямар нэгэн шийдэл унаж ирнэ гэж бүү хүлээ. Хэрэв чамайг ямар нэгэн зүйл шаналган зовоож байгаа бол түүнийгээ бусдад илэрхийлж ангижрах арга зам хайгаарай. Бүү гутар, ямар ч хэцүү асудалл гарц олддог юм. Амьдрал мөнх зовлон гэж байхгүй шүү дээ.
Эцэст нь хэлэхэд юм бүхний өөдөөс сөрөх хэрэггүй. Эерэг бодол, эрүүл бие, тодорхой зорилготой байхад чамд хүрэхгүй газар гэж үгүй. Харин чи завины жолооч гэдгээ үргэлж санаж яваарай. Чиний завь хаана хүрэх нь чамаас л шалтгаална. Ганц л олдох амьдралдаа өөртөө сэтгэл хангалуун, бусдад муу зүйл хийхгүй амьдрах сайхан биш гэж үү.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Баярлалаа. Сайхан аргууд байна. Амьдралдаа хэрэгжүүлэх болноо.