Ленинградын телевизээр 1991 оны тавдугаар сарын 17-нд дамжуулагдсан Сергей Курёхины нэвтрүүлэгт Владимир Ильичийн цогцсыг аль эрт оршуулсан гээд, өдийг хүртэл амьд жүжигчин тоглуулсаар ирсэн гэж баталсан нь тухайн үедээ ихэд шуугиан тарьж байсан юм. Нэвтрүүлэг гарсны дараа Засгийн газар Лениний занданшуулсан шарилыг сэргээн засварлах шаардлагатай болсон хэмээгээд хэдэн жилээр хааж орхисон. Ленинийг мөөг байсан гэж батлахыг оролдсон энэ нэвтрүүлэг хачирхалтай нь олон хүний итгэл үнэмшлийг төрүүлж байв.
С.Курехин “Мөөг бол цацраг идэвхит чанартай маш сонин ургамал шүү дээ. Яг ургамал гэж итгэлтэй хэлэхээргүй. Цоохор мөөгийг тогтмол хэрэглээд байвал үүндээ дасал болохын хажуугаар хүний ген аажмаар мөөгнийхтэй ижил болж өөрчлөгддөг. Октябрийн хувьсгалыг хийсэн В.Лениний бүлгэмийнхэн яг ингэж олон жилийн турш цоохор мөөг хэрэглэж байсан нь батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хувьсгалыг ген нь мөөгтэй ижил болж өөрчлөгдсөн хүмүүс хийжээ гэсэн үг. Тэгэхээр би Владимир Ильичийг мөөг байсан гэж хэлэх гээд байна. Түүнийг занданшуулах аргагүй” хэмээн ярьжээ. Тэрбээр “Мөөгний гений тухай онол”-оо Мексик улсад явж байхдаа олж нээсэн аж. Тэнд галлицино гентэй индианчууд ихээр тааралдаж байсан нь түүнд энэ санааг төрүүлсэн хэрэг л дээ. Нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчид И.Лениний цогцос хаана байж болох талаар таамаглал дэвшүүлж, өөр, өөрсдийн сувгаар олж авсан мэдээллээ хуваалцжээ.
“Бони Нем” рок хамтлагийн гишүүн Кирилл Немоляев “Байдал нэгэнт ил болчихоод байхад В.И.Лениний цогцос хаана байгааг нуугаад байгаа нь сонин байна. В.И.Лениний цогцос байхгүй гэдэг нь 1991 оноос ч өмнө мэдэгдсэн шүү дээ. Ямар ч байсан 1927 онд түүний авсанд анхны орлон тоглогч болох Василий Никандров байсан. Тэрбээр 1968 онд санаандгүй унтах хүртлээ хэнд ч мэдэгдэхгүй байж чадсан боловч тэр нэгэн удаан тэсэлгүй хурхирснаар илчлэгдсэн юм. Тухайн үед КГБ-ийнхэн бунханд байсан хүмүүстэй нэг бүрчлэн уулзсанаар мэдээллийг гадагшаа тарахаас сэргийлж чадсан гэдэг. Харин С.Курехин үүнийг хөндөж гаргаснаар “В.И.Лениний бунхан” гэдэг үлгэрт цэг тавьсан түүхтэй. Нэг ёсондоо С.Курехин бол “үнэн”-ийг аврагч юм” гэснээр нэвтрүүлэг өндөрлөжээ.
Энэ нэвтрүүлэг ихээхэн шуугиан тарьсан нь ойлгомжтой. С.Курёхины таамаглал хэдийгээр маш үндэслэлтэй байсан ч нотолгоо байгаагүй учир телевизийн түүхэнд “Хамгийн үнэмшилтэй тархи угаалт” хэмээн тэмдэглэгдсэн юм. Түүний санааг “Ленин мөөг гэдэг үлгэр ердөө л “Нинель” гэдэг Франц хоолноос эхтэй. Нинелийг эсрэг талаас нь уншвал Ленин болно” хэмээн тайлбарлаад дахин үзүүлэхийг чандлан хорьсон юм. Гэсэн хэрнээ Лениний бунханг дахиж нээгээгүй. “Хувьсгалыг архигүйгээр хийдэггүй” гэж үг бий. Харин цоохор мөөг буюу мухомор мансууруулах үйлчилгээ үзүүлдгийг бүгд мэднэ. Тиймээс хувьсгалчид архи биш, байгалиас үнэгүй олддог цоохор мөөгийг хэрэглэж байсан байх бүрэн үнэдэстэй. Нэвтрүүлэг гарснаас хойш 10 жилийн дараа буюу 2000 оны үед Японы эрдэмтэн Тошиюки Накаи мөөгний талаарх энэ бүх яриаг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан юм. Тиймээс С.Курёхины таамаглалыг “Тархи угаалт”, “Хошигнол” гэж нэрлэх нь буруу ч байж мэдэх юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )