ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТҮҮХ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛУУД /Цуврал-03/

2017 оны 05 сарын 02

Дархан-Уул аймаг нь бүх талаараа Сэлэнгэ аймгийн нутгаар хүрээлэгдсэн 327500 га талбайтай боловч чулуун зэвсэг, хүрэл ба төмөр зэвсэгтний болон эрт, дунд үеийн нүүдэлчдийн үлдээсэн түүх, соёлын дурсгал ихтэй билээ.

Дархан-Уул аймгийн нутаг дахь түүх археологийн дурсгалыг судлах ажил 1949 онд Оросын археологич А.П.Окладников одоогийн Хонгор сумын Төмөртэй уулын үзүүрт хүннүгийн үеийн бүлэг булшийг анх илрүүлж судласнаар эхэлсэн бол уг булшнуудыг 1969 оноос Х.Пэрлээ, Ю.С.Гришин нар малтан судалж үр дүнг нь нийтэлсэн байдаг.

Түүнээс хойш 1980-иад оноос МЗТСХЭ-ийн Бичээс судлалын ангийн эрдэмтэд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, А.Очир нар тус аймгийн  Хонгор сумын нутагт орших Хүйтэний голын Бичигт хошуу гэх хадан цохион дээр эртний зосон зураг, монгол, дөрвөлжин бичээсийг илрүүлэн олж 1986 он, 1997 онуудад давтан судалжээ. Дээрх судлаачдын судалгааны үр дүнд уг бичээсүүд нь XIII зууны сүүл, ХIҮ зууны эхэн хагаст тохиосон аль нэг “тахиа жилд" бичигдсэн болохыг тогтоосон байна. Энэхүү дурсгалыг Монгол улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор аймгийн хамгаалалтад авсан байдаг. Мөн 1980 онд МЗТСХЭ-ийн Хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах анги Хонгор сумын төвөөс хойш 5 орчим км-т Буурал уулын өврөөс Хүннүгийн үеийн болон Монгол гүрний үед холбогдох 27 булш илрүүлэн олж 8 хүннү, 2 монгол булшийг нь малтан судалжээ. Улмаар 1981 онд 2, 1982 онд 7, 1984 онд 9 нийт 18 монгол булшийг малтсан байна. Уг судалгааны ажлын үр дүнд цэцгэн хээ бүхий тагтай мөнгөн сав, шонхор шувуу дүрсэлсэн алт шармал бүсний чимэг, сувд шигтгэсэн алтан гархи болон олон тооны гоёл чимэглэл, зэр зэвсгийн холбогдолтой  олдворууд олджээ. Энэхүү дурсгалыг Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авсан байдаг.

Соёлын өвийн төвийн Г.Энхбат, Б.Даваацэрэн тэргүүтэй мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн хээрийн шинжилгээний баг Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулах ажлынхаа хүрээнд 2010 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн нутагт ажиллаж нийт 19 дурсгалт газрын 148 нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэн, тэдгээрийг 861 дижитал гэрэл зураг, 36 ширхэг негатив хальсны зураг, 50 орчим минутын дүрс бичлэгээр тус тус баримтжуулсан байдаг.

Цаашдаа Дархан-Уул аймгийн түүх-археологийн дурсгалуудыг нэгтгэн судалж, мэргэжлийн түүхчдээс бүрдсэн баг тусгайлан ном гарын авлага хийж, өсвөр үе, хойч үеийн залуучуудад таниулж,  нутаг орныхоо түүх соёлын дурсгалаа хадгалан хамгаалах, эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх нь зүйтэй билээ. Энэ ч утгаараа доорх ангилалыг хийж нэгтгэхийг оролдов.

 

I. ЭРТНИЙ БУЛШ

-Төмөртэйн уулын хүннү булш/Хонгор сумын Төмөртэй уулын үзүүрт хүннүгийн үеийн 6 булшбайдаг./

-Алтангадас уулын булш, хиргисүүр/Хонгор сумын төвөөс зүүн хойш 8 орчим км-т орших Алтан гадас уулын энгэр, бэлээр цөөнгүй булш, хиргисүүр бий/

- Боохой арьстын хөтлийн булш, хиргисүүр/Хонгор сумын төвөөс хойш 35 орчим км, Зулзагын голын Боохой арьстын гэх хөтөл дээр цөөнгүй булш, хиргисүүр бий/

- Буурал уулын хүннү булш/Хонгор сумын төвөөс хойш 5 орчим км, Буурал уулын зүүн шувтрагын энгэрт, сумаас аймаг явдаг замын дэргэд хүннү, монголын эзэнт гүрний үед холбогдох 20 гаруй булш бий./

- Мухарын голын булш, хиргисүүр/Хонгор сумын төвөөс зүүн хойш 40-өөд км, Мухарын голын хойд биеээр олон булш, хиргисүүрүүд байдаг./

- Ногоон толгойн булш, хиргисүүр/Хонгор сумын төвөөс зүүн хойш 45 орчим км, Хүйтэний голын урд талд орших Ногоон толгойн эргэн тойронд олон булш, хиргисүүр бий./

- Сэртэн уулын өврийн булш, хиргисүүр/Хонгор сумын төвөөс зүүн урагш 13 орчим км-т орших Сэртэн гэх хадтай уулын өвөр энгэрээр олон булш, хиргисүүр бий./

- Хар уулын булш, хиргисүүр/Хонгор сумын төвөөс зүүн тийш 30 орчим км, Шарын голын хойд биед орших Хар уулын урд энгэрээр 20 гаруй булш, хиргисүүр бий./

- Хүйтэний голын Бичигт хошууны хиргисүүр /Хонгор сумын нутагт орших Хүйтэний голын Бичигт хошуу гэх хадан цохионы дэргэд олон тооны хиргисүүр бий. /

- Эрхэт хайрханы булш, хиргисүүр /Хонгор сумын Салхит өртөөнөөс урагш 4 орчих Эрхэт хайрханы энгэр, бэлд 20-иод булш, хиргисүүр бий./

- Ногоон толгойн булш, хиргисүүр /Хонгор сумын төвөөс зүүн хойш 45 орчим км, Хүйтэний голын урд талд орших Ногоон толгойн эргэн тойронд олон булш, хиргисүүр бий./

- Яргайтын булш, хиргисүүр/Аймгийн төвөөс зүүн хойш 35 орчим км-т Яргайт гэх газар олон булш, хиргисүүр бий./

- Мэргэн даяанчийн хийдийн ойролцоох булш, хиргисүүр /Шарын гол сумын төвөөс 30 км зайд Хургадын, Шарын голын бэлчирт байдаг хийдийн хоёр талд дөрвөлжин булш болон олон тооны хиргисүүд байдаг./

- Баян уулын булш, хиргисүүр  /Орхон сумын төвөөс зүүн хойш 5 орчим км-т орших Баян гэх уулын хормойд 40-өөд булш, хиргисүүр бий./

- Хустайн амны адгийн булш, хиргисүүр /Орхон сумын төвөөс урагш 10 орчим км-т Өлзийт хайрханы зүүн талын Хустайн амны адгаар олон тооны булш, хиргисүүр бий/

- Шарын голын булш, хиргисүүр /Шарын Цагаан нуураас зүүнтээ Шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай уулын урд, баруун талаар 20 гаруй дөрвөлжин булш, хиргисүүр байдаг./

 

II. ХАДНЫ СҮГ ЗУРАГ, БИЧЭЭС

- Хүйтэний голын Бичигт хошууны бичээс, зосон зураг/Хонгор сумын нутагт орших Хүйтэний голын Бичигт хошуу гэх хадан цохион дээр эртний зосон зураг, монгол, дөрвөлжин бичээст дурсгал бий. /

- Шарын голын зосон зураг/Шарын Цагаан нуураас зүүнтээ Шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай уулын урд талын хэсэгт 3 хэсэг газар зосоор зурсан зураг байдаг./

- Адуунчулууны өврийн бичээс, суврагын зураг/Аймгийн төвөөс хойш 25 орчим км-т, Адуунчулуун гэх бул чулуудтай нүцгэн уулын өвөрт байх нэгэн чулуун дээр монгол, төвд үсгээр сийлсэн маань, ерөөлийн холбогдолтой бичээс суврагын зураг бий./

- Маанийн зургаан үсэгт хад/Хонгор сумын төвөөс зүүн хойш 40-өөд км, Мухарын голын эргийн ойролцоо налуу хадан дээр мааний зургаан үсэгтэй хад бий./

 

III. СҮМ ХИЙДИЙН ТУЙР

- Мухарын дуганы туйр/Хонгор сумын төвөөс зүүн хойш 40-өөд км, Мухарын голын гарамны хойд энгэрт дуганы туйр бий. /

- Хуврагын дуганы туйр  /Хонгор сумын нутагт орших Хүйтэний голын Халзангийн хөндийн аманд орших дуганы туурь бий./

- Хүйтэний хурлын туйр/Аймгийн төвөөс зүүн тийш 35 орчим км, Хүйтэний голын хойд энгэрт сүмийн туйр бий./

- Мэргэн даяанчийн хийдийн туйр /Шарын гол сумын төвөөс 30 км зайд Хургадын, Шарын голын бэлчирт байдаг./

- Тогоотын дуганы туйр/Орхон сумын төвөөс урагш Бат-Өлзийт, Мөнгөт уулсын зүүн талд Орхон голын эргээс зүүн урагш байдаг./

- Хараагийн Дарь эхийн хийдийн туйр /Өндөр Найдагуулын өвөрт хуучны Дарь эхийн хийдийн туйр д.т.д 1086 м-т байдаг./

 

IV. БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ

- Шарын голын буган чулуун хөшөөд/Шарын гол сумын төвд хүрэл, төмөр зэвсгийн үеийн 3 буган чулуун хөшөө бий./

 

V. ШИВЭЭ

- Адуунчулууны шивээ/Аймгийн төвөөс хойш 26 км, Адуунчулуун гэх нүцгэн уулын орой дээр нэгэн шивээ бий./

 

Ашигласан материал

- Г.Энхбат, Д.Даваацэрэн. Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал-VII дэвтэр. УБ., 2002 он.

-Д.Жамбалдорж, Д.Амарбат. Дархан нутгийн түүх соёлын дурсгалууд-II. Дархан., 2006 он.

Г.Эрхэмбаяр /Түүхийн докторант/

Идэр дээд сургууль

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болорчимэг (66.181.161.108) 2024 оны 01 сарын 28

үнэхээр гоё байна

1  |  0
lisa(202.179.31.37) 2019 оны 11 сарын 12

Woow!

2  |  0
D Enkhbold(66.181.160.114) 2024 оны 09 сарын 19

Iim saikhan zuiliig nutagiin ard tumendee saintaniulj dursgalt gazaraa khairlan khamgaalakh saikhan uils delegrekh boltugai

3  |  0
Top