Аз жаргалын ТӨЛӨӨС

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 02

Аз жаргалтай гэр бүл бий болгоход хэд хэрэгтэй вэ?

2014 онд Англи улсад “Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болох уу?” сэдэвтэй судалгаа явуулсан байдаг. Хачирхалтай нь судалгааны үр дүнд  орлогын төвшин бага иргэд өндөр орлоготой иргэдээс илүү аз жаргалтай амьдарч чаддаг болох нь нотлогджээ.  Энэ үзүүлэлт судалгааны зорилго биш байсан хэдий ч багахан зүйлд талархдаг, материаллаг бус сэтгэлгээтэй хүмүүс илүү аз жаргалтай амьдардаг тухай үр дүнг танилцуулсан байдаг.

Аз жаргал мэдрэх маш энгийн.  Бидний хайртай хүмүүсээ хайрлаж, халамжлахаас л эхэлнэ.  Ялангуяа хайртай бүсгүй, энхрий эхнэрээ баярлуулахын тулд санхүүгийн боломжоо хэтрүүлэн ашигладаг эрчүүдийн хувьд ихээхэн хамааралтай сэдэв юм шүү. Таны гайхалтай сайхан романтик гэнэтийн бэлэг таны эмэгтэйг хайрлах хайрын илэрхийлэл байж болох ч эд хөрөнгө, мөнгөнөөс үл шалтгаалсан бэлэг барих, зөв үйлдэл хийх нь тэдэнд хамгийн нандин дурсамж болдог гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал:

Хүйсийн хэвшмэл ойлголтод баригдалгүй эхнэртэйгээ нэг баг болж ажилла

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харилцаан дахь үүрэг ялгаатай байдаг хэдий ч гэрийн ажлаа хувааж хийх, хүүхдүүдээ хамтдаа өсгөх, гэр бүлдээ цаг гаргах, хайртдаа өөрийн байр суурийг бий болгоход нь тусалж дэмжих замаар эхнэртэйгээ нэг баг болон ажиллахад харилцан хүндлэл бий болж, танд аз жаргал амтагдах болно.

Түүний асуудлыг шийдэх гэж оролдох бус зүгээр л сонс

Эрчүүд идэвхтэй байж, асуудлыг түргэхэн нэг тийш болгон шийдэх хандлагатай байдаг бол эсрэгээрээ эмэгтэйчүүд ямар ч шүүмжлэлгүйгээр өөрийг нь сонсох, сэтгэл хөдлөл, зовлонгоо хажуудах хүндээ хуваалцаж дотроо онгойлгохыг хүсдэг. Заримдаа тэднийг ярьж эхлэхэд эрчүүдэд төвөгтэй, хэрэггүй зүйл сонсож цагаа үрж байгаа мэт санагдах хэдий ч энэ л асуудал таны хайртыг шаналгаж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Та эхнэрийнхээ тухайн асуудалд тэр өөрөө дүгнэлт хийх хүртэл сайн сонсогч байхыг хичээгээрэй.

Эхнэртээ эелдэг үг хэлж, талархлаа илэрхийл

Үйлдэл үг ярианаас илүү хүчтэй нөлөөлдөг байж болох ч, үг яриа үйлдлээс ч илүү нөлөөлөх нь бий. Эхнэртэйгээ хир эелдэг сайхан хандаж буй байдал таны түүнийг хайрлах хайраар илрэх бөгөөд тэрхүү хайр хэлж буй үгээр хэмжигддэг.  Таны эхнэрийн гэр бүлийнхээ төлөө, таны төлөө хийж байгаа бүх зүйлд нь талархлаа илэрхийлж байгаарай.

Эхнэрийнхээ хүсэл мөрөөдлийг дэмж

Эмэгтэй хүн л гэртээ сууж хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлэх үүрэгтэй гэсэн хэвшмэл ойлголт манайханд нийтлэг байдаг. Эхнэр хүн ажил хийгээд нөхрөөсөө хараат болж эхлэх үед монгол эрчүүд өөрийгөө сул доройгоор мэдэрч стрессдэж эхлэх энүүхэнд. Харин яагаад ийм байх ёстой гэж? Нөхөр нь эхнэрийнхээ мөрөөдлийг дэмжиж хамтдаа тэмүүлэх тусам харин ч та түүндээ ямар их үнэ цэнэтэй гэдгээ ойлгуулах болно.

Эхнэрийнхээ гадаад төрх, ололт амжилтыг сайшаа

Дээр хэлсэнчлэн түүний амжилтыг дэмжиж мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж дэм болж тэр ч байтугай үсээ засуулсан, шинэ хувцас авсан, хөмсгөө шивүүлсэн зэрэг гадаад төрхөндөө анхаарсан үйл хөдлөл бүрийг нь магтан сайшааж өөрийг нь эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлж байх нь тэднийг өөрийгөө хайрлах сэдлийг нэмэгдүүлдэг.

Хайртай гэдгээ хэл

Хайртай эмэгтэйгээсээ хайрын үгээ харамладаг нэгэн бас байх юмаа. Хайрынхаа үнэ цэнийг бууруулах юм гэнэ. “Өнөөдөр биенээ хайраа, ханиа гэж дуудалцдаг байсан хосууд маргааш нь л өөр нэгэнтэй хөтлөлцөөд явах юм” гэх үгийг олонтаа сонсож л байлаа. Харин уншигч танд ямар төрлийн хайрын тухай энд дурдаж байгааг та эрхбиш ойлгож байгаа биз. Тийм ч хатуу бас хэврэг биш хайрын тухай юм шүү дээ. Урт удаан үргэлжлэх хос хоёрын харилцаанд “Хайртай“ гэдэг үг хайрын гинжийг улам бат бөх болгож байдаг.

Эхнэрээсээ уучлалт гуйхаас хэзээ ч бүү ай

Бид аль хэдийн өөрийн эхнэрээ сонсохын ач холбогдлыг дурдсан, гэхдээ заримдаа түүнийгээ гомдоосон үед шууд арга хэмжээ авах буюу түүнийг бухимдуулсан өөрийн үйлдлийн төлөө уучлалт гуйх хэрэгтэй. Бид эр хүн эхнэрээрээ түрүүлж уучлалт гуйх нь хийморь лундаагүй болгож, эхнэртээ “атгуулах”-ийн шинж гэж үздэг их хуучинсаг үзэлтэй хүмүүс. Энэ үзлээс татгалзаж  хайртынхаа төлөв байдлыг хүндэтгэн уучлалт гуйх нь түүнийг тайвшруулж, таныг хайрлуулахын зэрэгцээ өчүүхэн маргааныг ч дэвэргэхгүй.

Хийж байгаа бүх зүйлдээ хариуцлага хүлээ

Хариуцлага хүлээнэ гэдэг өдөр тутмын ажлаас эхлээд томоохон хэмжээний санхүүгийн шийдвэр гаргахад хүртэл таны хийж буй бүх үйлдэлд яригдах асуудал. Таныг хариуцлагатай байхад хосын харилцаанд итгэл үнэмшил бий болж, таны үнэнч шударга занг хүндлэх хандлага нэмэгдэх бөгөөд гэр бүлд амар амгалан уур амьсгал бий болно.

Эхнэртээ өөртөө анхаарал тавих боломж олго

Гэрийн эзэгтэй нар мөнгөө хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэрхэн зөв зарцуулах тухай боддог. Тэд мөнгөө үрж дууссаны дараа л өөрт нь хэрэгтэй байсан зүйлсийн жагсаалтыг санадаг. Ийм сайхан эхнэртээ өөртөө зарцуулах мөнгө зориулж баярлуулахаа бүү мартаарай. Харин сайн эмэгтэй хүн эрчүүдийн эд хөрөнгө, алдар нэрэнд бус тэдний хайр халамжид хамгийн ихээр дасдаг гэдгийг үргэлж санаж яваарай.

Эхнэрийнхээ үзэл бодлыг үргэлж асуу

Нэг биеийн нэг тал болсон эхнэрийнхээ амьдралд оролцох оролцоог дэмжих, хоёр биенээ хүндлэх зорилгоор аливаа шийдвэр гаргахдаа үргэлж үзэл бодлоо хуваалцаж байх хэрэгтэй. Энэ нь та хоёрын харилцааг бэхжүүлэхээс гадна нэг ирээдүйн зорилгод чиглүүлэх чухал арга болдог.

Хайрт эхнэрийнхээ хамт тоонот гэрт толгой холбон аз жаргалтай амьдрахад мөнгө тийм ч чухал биш гэдгийг уншигч та ч мэдэж байгаа биз. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг мөнгөөр хэрхэн хэмжиж болох билээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top