Ой санамжаа сайжруулах ХЯЛБАР АРГА

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 07

Шаргуу ажилладаг бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн бизнесийг цааш өргөжин хөгжүүлэхийн тулд олон төрлийн саад бэрхшээлтэй тулгарч байгаа байх. Тэдгээр асуудал бүрд шийдэл олохын тулд та шинэ сэдвүүдийн талаар ч сурах хэрэгтэй болно. Шинийг анхлан сурахад бэрхшээлийн төрлөөс хамаараад хугацаа их шаардагддаг. Харамсалтай нь хүссэн хэн бүхэнд хангалттай цаг зарцуулах боломж төдийлөн олддоггүй.

Цаг хугацаа зарцуулж чадаж байсан ч ачаалалтай ажиллаж, стресстэй өдрийг өнгөрүүлсний дараа ямарваа мэдээллийг тогтоох хэцүү болдог шиг шинээр сурсан зүйлээ эргүүлж санаж чадахгүй бол асуудал шийдвэрлэх мэдлэгээ олж авахгүй шүү дээ.

Гэхдээ үүнийг засах нэг амархан арга бий. Нобелийн шагнал хүртсэн физикч Richard Feynman нь ямар нэг ойлголтыг хурдан сурч, ой санамждаа удаан хадгалах шийдлийг боловсруулсан юм. Энэхүү аргыг танд хүргэж, өөрийн амьдрал болон бизнестээ хэрхэн хэрэглэж болох талаар энэ удаагийн нийтлэлд хүргэе.

Фейнман арга: Ямар нэг зүйлийг тодорхой тайлбарлаж сурахын тулд та бүгдийг нь ойлгосон байх ёстой.

Фейнманы хувьд ямар нэг зүйлийг сурахын тулд хэцүү сэдвүүдийг цээжлэхдээ биш харин тэдгээр сэдвүүдийг ойлгоход илүү амар болгоход чиглэдэг. Ямар нэг зүйлийг ойлгоход амархан байх тусам санахад хялбар байдаг.

Фейнманы аргыг та ямар ч төрлийн сэдвийг сурахдаа ашиглаж болох ба ялангуяа бизнест тулгарах асуудал шийдвэрлэхэд шаардлагатай байгаа тохиолдолд энэ арга тун тохиромжтой байх болно. Энэ аргаар ихийг сурч авахын тулд таны бизнест тулгарч буй асуудалд хамааралтай сэдвүүдийг сурахдаа анхаарлаа хандуулахыг хичээх хэрэгтэй. Үүний тулд:

АЛХАМ 1. СЭДВЭЭ СОНГО

Өөрийн сонгосон сэдвээ хоосон цаасан дээр бичих. Тэрхүү сэдвийнхээ талаар ямар нэг шинэ зүйл сурах бүрдээ түүнийгээ бич. Таны огт цаг зарцуулан байж судлаагүй бүхэн ямар их мэдээлэл болон нэмэгдэж байгааг та хараад гайхах болно.

АЛХАМ 2. ХҮҮХДЭД ЗАА

Өөрийнхөө сэдвийн тухай хамгийн энгийн, тодорхой байдлаар тайлбарлахад бэлтгэх. Та өөрийнхөө сэдвийг ямар нэг хэцүү үгийг ойлгохгүй анги дүүрэн хүүхдүүдэд зааж байна гэж  төсөөл. Хүмүүс өөрсдийн дутуу ойлголтоо нуухын тулд тайлбарлахдаа хэцүү үг ашигладаг. Үүний оронд тайлбарлахдаа энгийн үг ашиглаж, чухал ойлголтууд болон тэдний хоорондын холбоог тайлбарласнаар таны мэдлэгийн дутуу хэсэг хаана байгааг илрүүлж болно.

АЛХАМ 3. ХЯЛБАРЧИЛ

Танд чухал ойлголтуудыг мартах эсвэл энгийн үгээр тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч болно. Энэ нь та буцаж сурсан зүйлээ сэргээж ном харах цаг болсныг илтгэнэ.

Өөрийн сурсан материалыг илүү сайн давтаж, өөрийн мэдлэгийн дутууг нөх. Хялбар тайлбар бий болгохын тулд та гүйлгэж унших биш, өөрийн уншиж буй зүйлээ ойлгож, тайлбарлах хэрэгтэй болдог. Тиймээс та тухайн сэдвийг хамгийн энгийн зүйлсээр өөртөө итгэлтэй тайлбарлаж сурах хүртлээ өөрийн тэмдэглэлээ дахин давтах хэрэгтэй.

Зарим ойлголтууд нь бусдаасаа илүү цаанаасаа л хүнд, хийсвэр хэлбэрийн байдаг. Энэ тохиолдолд та сэдвийг бүхэлд нь нэг тайлбарт багтаахын оронд жижиг хэсгүүдэд хувааж, хооронд нь холбож тайлбарласнаар илүү амар мөн цэгцтэй тайлбар бий болгоно.

АЛХАМ 4. ДАВТ

Сайн тайлбаруудыг ч улам хялбарчилж болно. Өөрийн сурсан материалаа дахин давтаж харж, өөрийн тайлбарыг засварлан сайжруулах хэрэгтэй. Нэг л мэдэхэд та тухайн сэдвийг гарын арван хуруу шигээ л сайн мэддэг болсон байна.

Ингээд л боллоо. Фейнманы арга бол харьцангуй энгийн учраас гарах үр дүн өндөр байдаг. Илүү хялбар, тодорхой тайлбарыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлснээр та шинэ ойлголтуудыг амархан ойлгож, санана. Тиймээс өөрт тулгарч буй бизнес асуудлуудаа тодорхойлж, өөрийн сэдвийг сонгож, ном харж, өөрийн тайлбарыг цаашид хялбарчилснаар шинэ мэдлэг таны тархинд удаан хугацаанд хадгалагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top