Алдартай хүмүүсийн үр ач нар хаана, юу хийж явна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Түүхэн, алдартай хүмүүсийн хүүхдүүд, ач зээ, гуч, жич нар нь хаана байдаг, юу хийдэг бол гэж бодогдож байсан уу. Тэгвэл тэд юу хийж яваа талаар мэдээлэл хүргэе. Тэдэн дунд алдартай эцэг, эх, өвөө, эмээгийнхээ мэргэжлийг өвлөж авсан нь ч цөөнгүй байна.

 Томас болон Пол Эйнштейн


Алдарт Альберт Эйнштейний гуч нар. Домогт физикчийн гуч доктор Томас Эйнштейн нь эмч. Одоо Лос-Анжелест амбулаторийн мэс заслын эмнэлгийн дарга. Тэрбээр дөрвөн хэлээр ярьдаг гэнэ.

Альберт Эйнштейний бас нэгэн гуч Пол нь шинжлэх ухааны замыг сонгоогүй ч урлагаар амжилттай яваа аж. Хийлч тэрбээр Францад амьдардаг гэнэ.

Элвис Преслийн ач охин Райли Кио


Алдарт Элвис Пресли болон түүний эхнэр Присцилла нарын хамгийн том ач нь. Райли ээжийнхээ мэргэжлийг өвлөж жүжигчин болжээ. Түүнийг бид “Галзуу Макс:Хилэнт зам” киноны дүрээр нь мэднэ.

Дри Хемингуэй 


Эрнест Хемингуэйн гуч Дри 1987 онд төржээ. Америкийн модель, жүжигчин. Дри “Gucci”, “Жан-Поль Готье”, “Valentino”, “H&M” зэрэг олон алдартай агентлагтай хамтран ажиллаж байсан билээ.

Уна Чаплин 


Чарли Чаплины ач охин Унаг бид “The game of thrones”-ийн Робб Старкийн сүйт бүсгүй болон “long road” киноны гол дүрээр нь мэднэ. Уна Чаплин драмын урлагийн сургууль төгссөн. 31 настай тэрбээр олон бүтээлд дүрээ мөнхөлсөөр.

Сталины ач охин Крис Эванс


Сталины ач охин ийм овогтой байхаар олон хүн гайхдаг. Иосиф Сталины охин Светлана Аллилуева бага охиндоо Ольга гэдэг нэр өгсөн ч охин нь нэрэндээ дургүйцэж Кристина болгож сольжээ. “Ээж маань бүх л амьдралынхаа туршид өөрийнхөөрөө амьдрахыг эрмэлзсэн. Аавынхаа замаар яваагүй. Мэдээж шүү дээ. Түүний хийж байгаа зүйл нь жигшүүртэй санагдсан байх л даа” гэж Крис Эванс нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Ален Делоны ач охин Элисон Ле Борж 


Элисон “Blue Island” киногоороо алдартай. Гэхдээ одоо тэрбээр моделийн карьертаа анхаарах болсон билээ. 

Толстойн жич Илария Штилер-Тимор 


Алдарт Лев Толстойн том охины ач охин Илариягийн эмээ театрын карьер хөөх гэсэн ч баян итали эр Леонардо Альбертинитэй хүчээр суулгажээ. Тэдний дундаас гурван хүүхэд төрсний нэг нь Илария Штилер-Тиморын ээж Марта. Илария орос хэл мэдэхгүй гэнэ. Ээж, эмээ хоёр нь оросоор ярьдаг байсан ч Иларияд зааж өгөөгүй аж.

Одри Хепберний ач Эмма Феррер


Британи-шведийн модель, урлагийн сургуулийн оюутан Эмма 23 настай. Эмма Феррер хоёр өргөмөл ахтай.

Диана Видмайер Пикассо


Пабло Пикассо болон түүний залуу нууц амрагаас төрсөн охин Майя Пикассогийн охин. Диана амьдралаа уран бүтээлд зориулсан ч өвөөгөөсөө арай өөр. Тэрбээр түүхч юм. Орчин үеийн урлаг ч судалдаг. Алдартай өвөөгийнхөө бүтээлүүдийн талаарх мэдээлэл цуглуулдаг “DWP Editions” судалгааны компанийн эзэн.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top