Ямар ч ул мөргүй алга болсон хүмүүсийн хачирхмаар түүхийг өгүүлье. Тэднийг хайх ажил үргэлжилсээр байгаа аж. Ойр дотныхон нь ч тэднийг амьд гэдэгт итгэж хүлээсээр.
Мора Мюррей
2004 оны хоёрдугаар сарын 9-нд Массачусетсийн их сургуулийн оюутан Мора Мюррей найз залуудаа “Чиний захиаг авлаа. Гэхдээ би одоо хэнтэй ч яримааргүй байна. Байж байгаад чам руу залгая, амлаж байна” гэсэн мэйл явуулжээ. Энэ нь түр ганцаараа байхыг хүссэн хүний мессеж гэж бодогдохоор. Гэхдээ тийм биш. Мора багшдаа хэдэн долоо хоног ирж чадахгүйгээ бичээд ойр дотныхоо хүний оршуулганд очно гэсэн байжээ. Гэвч энэ нь худлаа байсан гэнэ. Морагийн гэр бүлээс хэн ч нас бараагүй байжээ.
Тэр оройноо бүсгүй Нью Хэмпширийн ойролцоо машинтайгаа осолд өртсөн байна. Хажуугаар нь явсан автобусны жолооч түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асууж, цагдаа дуудах гэхэд Мора зүгээр гээд цагдаа дуудахгүй байхыг хүсчээ. Гэсэн ч жолооч зам тээврийн осол гарсан байна гэж цагдаад мэдэгдэн 10 минутын дараа цагдаа нар ирэхэд Мора алга болсон байсан гэнэ.
Ямар нэгэн сэжигтэй ул мөр олдоогүй аж. Дараагийн өдөр нь Морагийн сүйт залуу хайртай бүсгүйгээсээ дуут мессеж авчээ. Гэвч тэндээс нэг ч үг илрүүлж чадаагүй гэдэг. Цурхиран уйлах л сонсогдож байжээ. Бүсгүйн машинд сурах бичгүүд, жирэмслэлтээс хамгаалах эм, винотой хайрцаг л байжээ. Харин оюутны хотхоноос нь цагдаа нар түүний эд зүйлээ нямбайлан багласан хайрцгуудыг олсон байна.
Энэ явдлаас хойш 13 жил өнгөрсөн ч Мораг хайсаар байна. Түүний аав нь охиноо амьд, нэг л өдөр олдоно гэдэгт итгэсээр байгаа аж.
Брэндон Свэнсон
2008 оны тавдугаар сарын нэгэн орой Брэндон Миннесота дахь гэр рүүгээ машинтайгаа харьж явлаа. Гэнэт тэр жолоогоо алдан машин нь ус зайлуулах шуудуу руу унажээ. Брэндон эцэг эх рүүгээ утасдаж түүнийг олж ирээд аваач гэсэн байна. Тэд хурдан ирсэн ч хүүгээ олоогүй гэдэг. Брэндон руу залгахад тэр ойролцоох хот руу хүрэхийг оролдож байна гэжээ. Тэгснээ гэнэт уурлаж холбоо тасарсан байна.
Дараа нь цагдаа нар машиныг нь олсон ч машинд нь Брэндон ч, утас нь ч байгаагүй аж. Брэндон голд живсэн гэсэн таамаг байгаа ч уснаас түүний цогцсыг олоогүй учир залууг хайсаар байна.
Барбара Болик
55 настай Барбара ганцхан минутын дотор алга болсон эмэгтэй гэдгээрээ алдартай. Тэр явган аяллын хорхойтон байжээ. Гэхдээ тэр гэрээсээ огт холгүй зайд алга болсон байна. 2007 оны 6 дугаар сарын 18-ны өглөө эрт Барбара найз Жим Рамкертэйгээ уул руу алхжээ. Замдаа Жим минут орчим зогсч байгалийн сайхныг харахад Барбара түүний ардхан талд байсан гэдэг. Жим эргээд харахад найз нь байхгүй болсон байжээ.
Цагдаа дуудаж хайгаад ямар ч үр дүнд хүрээгүй гэнэ. Барбара яг л агаарт замхарсан мэт ул мөргүй алга болсон хүн юм. Түүний алга болсонд Жимийн оролцоо байсан гэх ул мөр ч мөн олдоогүй аж. Зургаан жил хайж байгаа ч эмэгтэйн ул мөр гэх юу ч олдоогүй байна.
Майкл Хирон
51 настай Майкл Хирон нугадаа өвс хадахаар л гарчээ. Дараа өдөр нь найз нар нь тэднийд ирэхэд Майкл гэртээ байхгүй, хайхад замын хажууд чиргүүлтэй машин нь байсан бөгөөд өвсөнд хэн ч гар хүрээгүй байсан гэнэ. Найзыгаа ажлаар өөр тийшээ явж гэж бодсон тэд буцжээ. Гэвч Майкл хэзээ ч эргэж ирээгүй. Машинд нь түлхүүр, утас нь байсан аж.
Майклын алга болсонтой холбоотой байж болох ганц ул мөр нь гэрээс нь хагас километрт зогсч байсан ямар ч замд саадгүй явдаг мотоцикль нь юм. Хөвгүүд нь одоог хүртэл аавыгаа хүлээж, аав нь уг унаагаа тавьдаг байснаасаа өөр газарт, өөрөөр тавьсан нь ямар учиртай, гэр рүүгээ буцаж ирэх ямар нэгэн хэрэг гарсан эсэхийг янз бүрийн хувилбараар бодон шаналж суудаг гэнэ.
Жэйсон Йолковски
2001 оны долдугаар сард 19 настай америк хүү Жэйсон Йолковски ажилдаа гарахдаа найзтайгаа нэг газар уулзахаар тохироод тэндээ ирээгүй. Түүнийг хамгийн сүүлд харсан хүн бол хөрш нь. Залуу хогийн саваа барин гарааш руугаа орж байхыг тэр харсан байдаг.
Хяналтын камераас харахад Жэйсон найзтайгаа уулзана гэсэн газраа очоогүй байжээ. 2003 онд хүүгийн эцэг эх сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрт зориулсан ашгийн бус сан байгуулжээ.
Николь Морин
Найман настай Николь Торонтод 1985 онд ул мөргүй алга болсон. Охин найзтайгаа бассейн орохоор болж найз нь доор хүлээж байсан аж. Гэвч Николийг гарч ирэхгүй болохоор нь дээшээ гарч ээжээс нь асуусан байна. Байшин 20 давхар ч гэсэн охин яаж тэндээс үзэгдэж харагдалгүй гарсан нь тодорхойгүй хэвээр. Түүнийг хэн ч харж, хэн ч сонсоогүй ул мөргүй алга болсон энэ явдал Торонто хотын түүхэн дэх хамгийн том мөрдөн шалгах ажлуудын нэг болжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
13 жил л гэж бна шдээ
2004 onoos hoish 30 jil ungursun ymuu
2034 on boltsim bhda