Путиний хэвлэлийн төлөөлөгчийн эхнэр хэт үнэтэй даашинзаар гоёсон нь шүүмжлэл дагууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын эхнэр, уран гулгагч Татьяна Навкагийн үнэтэй даашинз цахим сүлжээнд гол сэдэв болж байна. Хэдхэн хоногийн өмнө Москвагийн Олон улсын кино наадмын хаалт болсон билээ. Улаан хивсэн дээр одод хамгийн сайхан хувцастайгаа гарч ирэхэд 42 настай Татьяна Навка хар-цагаан судалтай, улаан бүстэй өвөрмөц даашинзтай байсан юм. Энэ даашинз нь алдарт Валентин Юдашкиний бүтээл аж.

“Passion.ru” сайтын сурвалжлагчдын олж мэдсэнээр, энэ даашинз нь 2.3 сая рублийн үнэтэй гэнэ. Гэвч Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн эхнэр даашинзанд ийм их мөнгө үрсэн нь хүмүүст таалагдаагүй бололтой. Олон хүн “Татьяна энэ мөнгөө буяны үйлсэд зарцуулсан нь дээр байсан юм”, “Хорт хавдар болон бусад аймшигт өвчин туссан хүүхдүүдийн эмчилгээнд орон даяар мөнгө хандивлаж байгаа үед Навка өндөр үнэтэй даашинзанд мөнгө үрж л байдаг”, “Хөдөө орон нутагт иргэд яаж амьдарч байна, юун 2.3 сая рублийн даашинз”, “Песковын эхнэр ичих нүүр, хүн чанараа гээжээ” гэх зэргээр дургүйцлээ илэрхийлсэн байлаа .


О.Чанцаа

 WWW.ZINDAA.MN

Top